Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд оршино. Уулын давсны хамгийн том нөөц бөгөөд нийт нөөц нь 73.2 сая тн хүрнэ. Давсны зузаан нь 9-50 метр хүртэл үргэлжилдэг. Монголчууд Шүдэн уулын давсыг “жамц” гэдэг бөгөөд энэ нь “далай шиг их” гэдэг утга ажээ. Судлаачид Шүдэн уулын давсыг 400 сая жилийн өмнө тэнгисийн ус ширгэхэд хатуурч үлдсэн гэж үзжээ. Шүдэн уулын давсны уурхай 1974 оноос эхлэн ажиллаж эхэлсэн гэдэг. Давсны орд газар гэдэг бол тухайн улсын тусгаар байдал, хүчирхэгийг илэрхийлдэг ч гэж үздэг. Шүдэн уулын жамц давс нь хүнс болон малын тэжээлд тохиромжтой. Жамц давсанд магни бага учир хоол, цайнд хийхэд гашууруулдаггүй, зөөлөн амттай болгодог.
Жамц давсыг тохируулан хэрэглэвэл элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай. Судалгаанаас үзэхэд хүн өдөрт 10гр, сард 300гр, жилд 3.9кг давс хэрэглэдэг байна. Жамц давсанд хүний биед хэрэгтэй эрдэс буюу кальци, кали, хүхэр, төмөр, магна, иод зэрэг эрдсүүд агуулагддаг.
Кальци: ясны сийрэгжилт, цус багадалтаас сэргийлнэ.
Кали: булчин болон зүрхний үйл ажиллагааг сайжруулна.
Хүхэр: биеийн эсэргүүцлийг сайжруулж, гадаад орчны цацраг туяанаас хамгаална.
Натри: бие махбодийн усны хэмжээг зохицуулна.
Төмөр: бие махбодийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулна.
Иод: уураг, өөх тос, нүүрс усны солилцоог зохицуулж, зарим чухал дааврын исэлдэх үйл явц, уургийн нийлэгжилтэнд эерэгээр нөлөөлдөг.
Гэх мэт байгалийн эрдэслэг чанар буюу өөр амин хүчлээр орлуулж болохгүй амин хүчлүүд байдаг учраас эмчилгээний ач холбогдолтой.
Жич: Монгол оронд хүнсний зориулалтаар хэрэглэгддэг нуурын болон уулын гэсэн хоёр төрөл давс байдаг. Давсыг хүнсэнд болон уламжлалт анагаах ухаанд хэрэглэхээс гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын тэжээлд нэмэлт болгох, арьс шир боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг хэрэглэдэг. Монгол орны нуурын болон уулын давсны найрлаганд натри 96 хувь, үлдсэн 4 хувь нь хүний биенд хэрэгтэй магни, кали, хүхэр зэрэг элементүүд байдгаараа онцлог. Нуурын давс усан дотроо ургаж бий болдог учраас шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, шанаган хорхой гэх мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг ажээ. Нуурын давсны хамгийн том нөөцүүд бол Сангийн далай, Цавдан, Увс зэрэг нуур болно. Хавар 4-6 дугаар сар, намар 9-11 дүгээр сард давс олборлоход сайн чанартай байхаас гадна талсжсан байдаг.. Баянхонгор аймагт улаан өнгөтэй нуурын давс байдаг бөгөөд нутгийн хүмүүс түүнийг ходоод гэдэсний өвчинд тустай гэж үздэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах