Ямаан усны бичиг

Ховд аймгийн Үенч сумын төвөөс 25 километрт орших Ямаан усны хавцлын хадан хананд байх бичгийн дурсгал юм. Энэхүү хавцал нь хоёр талаасаа эгц хадан ханаар хашигдсан бөгөөд дундуур нь горхи урсдаг. Янгир ямаа ирж тэр горхиноос ундаалдаг тул Ямаан ус гэж нэрлэгдэх болжээ. Хавцлын хананд янз бүрийн дурсгал үлдсэн байсныг эрдэмтэд илрүүлсэн. Янгир, буга, зээр, бөхөн, чоно зэрэг амьтад, найман хигээс бүхий дугуйтай морин тэргэнд суусан хүн, нум сум агссан анчид, нум сум харваж байгаа хүний араас сүх далайн цохих гэж буй дайн тулааны шинжтэй дүрслэл зургууд байдаг. Энэхүү зурагнаас Монгол нутагт язгууртнууд морин тэрэг хэрэглэж байсан гэдгийг ойлгох боломжтой. Мөн тэрэгний урд замчилж хөтөлсөн зэвсэгтэй хүн, ард нь морьтой дагасан хүний дүрслэл байгаа тул эрт үеийн язгууртнуудын эрх ямбыг илэрхийлсэн бололтой.