Монгол Алтайн нурууны цавчим хаднуудаас үүсэлтэй Түргэний уулсын ноён оргил Цагаан дэглий уул нь далайн төвшнөөс дээш 4096 метр өндөр. Түргэний уулс нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумыг дамжин 70 орчим километр үргэлжлэх уулс бөгөөд Цагаан дэглий уулаас зүүн тийш Хавцалын боом хүртэлх 145.1 мянган га талбайг хамарна. Цагаан дэглий уул нь ой тайгатай, уулын түргэн урсгалт гол горхиудтай, мөнх цастай, мөсөн голтой, бэлээрээ үзэсгэлэнт нууруудтай, өвөрмөц тогтоц бүхий хадан хясаатай, ховор болон ховордсон ургамал амьтны аймагтай. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Түрэгийн үеийн болон өмнөх үеийн хүн чулуун хөшөөнүүд, хадны сүг зураг, хиргисүүр, булш бунхан, Төгс буянт хийдийн туурь зэрэг түүх соёлын дурсгалуудтай. Сүүлийн жилүүдэд мөсөн гол нь хайлж татарч байгаа ажээ. 1960-аад оны сүүлчээр зургаан уулчин Цагаан дэглий уулын оргилд авиралт хийж яваад нисч амиа алдсан гунигт түүхтэй. Уулын түргэн урсгалт голуудыг олон удаа туулж гарах шаардлагатай, авирах зам маш хүнд уул ажээ. 1975 онд Японы алдарт уулчин Жунго Табэй Цагаан дэглий уулын оргилд амжилттай авирч гарсан байдаг.