Хяргас нуур

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог. Нуурын гадаргын талбай нь 1407 кв.км, хамгийн урт нь 75 км, өргөн 31 км, дундаж өргөн нь 19 км, усны мандал нь д.т.д 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 км байдаг бол Чацарганы шугам нь 4 км, Могойн шугам нь 5 км байдаг.

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар-Ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган кв.км уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс “Нуурын хоолой” гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.

Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Хяргас нууранд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 кв.км талбайтай бөгөөд Айраг нуурыг  Хяргас нуураас 50-80 метр өндөр урт ухаа толгодоор тусгаарлаж байдаг. Нуурын хоолойн урт 5 км, өргөн 200-300 метр юм. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмисийн рашаан хэмээх амралт сувиллын газар ажилладаг бөгөөд дотор өвчин засах рашаан уснаас гадна эмчилгээний чанартай шавар бүхий юм.

2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор Ханхөхий нурууг 2205 кв.км талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 кв.км талбайгаар хамтатган улсын тусгай хамгаалалтанд авч Ханхөхий – Хяргас нуурын Байгалийн цогцолборт газар болгосон.

Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. “Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирж аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг” хэмээнэ.

Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 км, Завхан сумаас 60 км зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 км үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, шар загас элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.