Хан Хэнтийн дархан цаазат газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө зэрэг сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158км, баруунаасаа зүүн тийшээ 185км сунаж тогтсон.
Хэнтийн нурууны уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хавтгайдуу бөмбөгөр оройтой. Зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон дүр төрхтэй уулархаг нутаг юм. Хэнтийн нурууны гол чиглэл нь зүүн хойноос баруун урагш чиглэн орших боловч салбар уулс нь өргөрөг дагаж баруун урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. Туул, Хараа, Ерөө, Минж, Захар, Шороот, Онон, Эг, Хэрлэн гэх мэт томоохон голууд, тэдгээрийн цутгал олон жижиг голууд эх аван урсах бөгөөд нэг хэсэг нь Хойд мөсөн далайн ай савд, нөгөө хэсэг нь Номхон далайн ай савд багтана. Мөн цэнгэг уст нуурууд элбэг байдаг. Хан Хэнтийд нэрд гарсан Онон, Естийн, Тарс, Минж, Ерөө, Зуу, Гутай, Барх, Бүс нуур, Галттай, Бурх зэрэг олон тооны анагаах увидастай халуун, хүйтэн рашаан ус бий.
Хэнтийн нурууны баруун хэсгээс эх аван урсах Шарлан, Хонги хэмээх 2 гол нийлж Ерөө гол болон урсдаг. Тэдгээр голуудын бэлчирт харьцангуй өргөн хөндий бүхий Хонин нуга, Хэнтийн нурууны баруун хойд хэсэгт зэрэгцэн оршдог 5 зүйлийн шилмүүст мод бүхий янз бүрийн хэв шинжтэй ой, ялангуяа Монгол оронд маш ховордсон жодоо модны ой тайгыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2012 оны 5-р сарын 23-ны өдрийн 57 тоот тогтоолоор өргөтгөж нийт 1748103.89 га талбайг хамгаалалтанд авсан.
Ландшафт: Хан Хэнтийн ДЦГ нь байгалийн мужийн төлөөллөөр Хэнтийн мужийн, төв хэсгийн Тайга, ян сарьдагийн дэд муж, зүүн хэсгийн ойт хээр, умард хуурай хээрийн дэд мужид хамрагдана. Хэнтийн тайга бол Төв Ази, Сибирийн ой, хөвчийн өмнөд шувтарга, байгаль цаг уурын онцлог нөхцөлд бүрэлдэн тогтсон. Хангай, Хөвсгөлийн уулт районыг бодвол гадаргын нам түвшинд үүсч тогтворжсон уулын хажуугийн зүг зовхисын ялгаа төв хэсэгтээ төдий л илэрдэггүй онцлогтой. Хэнтийн нурууны бусдаас ялгарах онцлог нь хамгийн их хур тунадас унадаг бөгөөд гол горхи, намаг балчиг, хад асга бүхий гатлахад бэрх балар харанхуй ой хөвчтэй. Уулсын орой, хяр нуруугаараа ой модгүй нүцгэн боловч эгц эгц асга хад дүүрэн царамтай. Монгол орны ой бүхий бусад нутгаас ихээхэн өвөрмөц цэвэр тайгын ландшафт бүхий газар юм.
Газар зүйн онцлог: Хан Хэнтийн дархан цаазат газар нь байгалийн мужлалаар Хэнтийн уулархаг мужийн төв хэсгийн тайга, ян сарьдагийн дэд муж, зүүн хэсгийн ойт хээр, умард хуурай хээрийн дэд мужид хамрагдана.
Геологийн тогтоц: Хэнтийн уулс нь баруун урдаас зүүн хойш чиглэсэн томоохон ан цав хагарлуудаар хэрчигдсэн, тектоникийн мужлалын хувьд төв хэсгээрээ хожуу палеозой (девон - карбон), хойд хэсгээрээ рифейн эх газарлаг бүрдэл, захын салбар уулсаар эртний каледонийн бялхмал, эх газрын карбонатлаг хөмбөн цулдам уулсаас тогтоно. Хэнтийн уулс нь мезозойн эхэн үеэс эхлэн удаан хугацааны турш эх газрын төлөв байдлаар хөгжсөөр ирсэн бөгөөд Альпийн тектоникийн идэвхжилээр өргөгдөж одоогийн дүр төрхийг олсон.
Хан Хэнтийн ДЦГ-ын төв хэсгээр триас-юрийн боржин, диорит, гранодиорит, хойд хэсгээр дээд пермийн үеийн боржин, юра цэрдийн боржин, лейкогранит ихээхэн тархсаны зэрэгцээ зах хэсгээр нь хүрмэн чулуу, андизит хүрмэн чулуу, мөн бага хэрчигдэлтэй зарим дундаж өндөр уулын районд чулуун нүүрсний системийн тэнгисийн тив гаралт нүүрстөрөгчит шаварлаг занар, аргилит, аливролит, элсэн чулуу тархсан байна. Зарим газраар карбон, девоны цахиурлаг ба шаварлаг занар, протерозой, палеозойн тив гаралт занарлаг чулуулгууд тус тус тархсан. Туул, Ерөө, Онон голын савын уул, дов толгодын хажуу бэлээр хөнгөн шавранцар, хайрга чулуурхаг карбонатжсан делювий, пролювийн хурдастай. Туул гол нь плейстоценийн эхэн үеэс эхлэн одоогийн чиглэлээр урсаж байсан гэж үздэг.
Хэнтийн уулсын геологийн хөгжлийн түүх нь цаг уурын өөрчлөлт, мөсдөл ба мөсдөл хоорондын үеийн үйл явцтай нягт холбоотой. Монгол орны уулархаг нутгийг хамарсан плейстоценийн үеийн томоохон мөсдөл нь хөрс, ургамлан бүрхэвч, голын урсацын хэмжээ, голын хөндийн газрын гадарга, хөрс үүсгэгч хурдас чулуулгийн бүрэлдэхүүн, тархалт зэрэгт шууд нөлөөлжээ. Мөсдөлийн төгсгөл үед уулын мөнх цас хайлж огцом их хэмжээний флювиогляциал урсац үүссэнээр голын хөндийд дэнж үүсч, голын доод хэсэг, нам газруудаар их хэмжээний аллювийн хурдас хуримтлагдсан байна. Хэнтийн уулсын бэлийг плейстоценийн үед үүссэн гэж үздэг.
Ерөөгийн адаг, Налайхын Зуун модны Элстэй орчимд элсэн хурдас их хэмжээний талбай эзлэн тархсан. Үүнийг мөсдөлийн өмнөх дулааралтын үед үүссэн гэж үздэг. Энэ үед маш их хуурай салхи, шуургатай цаг уур давамгайлж байсан ба усны түвшин одоогийнхоос бага байсан гэж үздэг. Хан Хэнтийн ДЦГ-ын нийт нутаг дэвсгэрт эрт болон дунд төрмөлийн боржин, диорит, гранодиорит, граносиенит, шүлтлэг боржин ихээхэн тархсаны зэрэгцээ зах хэсгээр нь хүрмэн чулуу, андизит хүрмэн чулуу, мөн бага хэрчигдэлтэй зарим дундаж өндөр уулын районд чулуун нүүрсний системийн тэнгисийн тив гаралт нүүрстөрөгчит шаварлаг занар, аргилит, аливролит, элсэн чулуу тархсан байна. Энэхүү геологийн тогтоцтой уялдан алт, гянт, болд, цагаан тугалга, молибден, пъезокварц зэрэг ашигт малтмалын илэрц, орд газрууд байдаг.
Хөрс: Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хөрсний босоо бүсшил бүхий Хангай - Хэнтийн умардын субгумид хэв шинжид хамаарах Монгол орны хамгийн чийглэг ой - тайгын хөрстэй газар нутаг болно. Хэнтийн уулсын хөрс нь чийглэг нөхцөлтэй, хүйтэн өдрийн үргэлжлэх хугацаа арай бага зэргээс шалтгаалж органикийн агууламж өндөр, намгархаг хэв шинж илүү тархсан онцлогтой. Уулын тундрын хөрс Монгол орны бусад уулархаг нутгийн хөрсийг бодвол харьцангуй сайн бүрэн гүйцэд хөгжсөн үе давхаргатай байдаг. Тайгын цэвдэгт болон тайгын ширэгт хөрснүүд нутаг дэвсгэрийн дийлэнх хувийг эзлэх бөгөөд тод илэрсэн чандруулаг хөрс тохиолддог. Монгол орны хамгийн зузаан 3-4 метр хүртэл зузаан хүлэрлэг хөрс Хэнтийн уулархаг нутагт байдаг онцлогтой.
Уулын тундрын хөрс: Ойн хилээс дээш тагийн бүслүүрт хад асга, чулуун илэрцийн хооронд хам бүрдэл үүсгэж алаг цоог тархсан. Үүнд, уулын тундрын ширэгт хөрс нь хаг хөвд голлосон тэгшивтэр таг, тэдгээрийн өвөр хажуугийн дээд хэсгээр тархаж байхад уулын тундрын хүлэрлэг глейт хөрс нь үргэлжилсэн тагуудын хооронд хөтөл, гол горхиудын намагжсан эх, хунхын ёроол зэрэгт цас мөс, борооны ус удаан тогтдог, ус чийгийн хангамж хэт илүүтэй, явган хуш, сөөг сөөгөнцөр, улалж, ногоон хөвд голлосон ургамалшил доор тогтворжино. Энэ хөрсний хаг хөвдөн хучаасны доор бараан бор, боровтор хүрэн өнгөтэй 6-18 см зузаан, дээд хэсэг нь сулавтар ширэгжсэн, сайр чулуу ихтэй, ялзмаг хуримтлалын давхарга оршдог. Ялзмагт давхарга дахь органик бодисын агууламж нь уулын тундрын ширэгт болон зосорхог глейт хөрсөнд 16.5-19.9%, уулын тундрын хүлэрлэг болон хүлэрлэг глейт хөрсөнд (39.3-49.8%) хоёр дахин их байна. Механик бүрэлдэхүүний ангиллаар уулын тундрын эдгээр хөрс нь дунд шавранцарт хамаарна.
Уулын тайгын цэвдэгт хөрс: Хэнтийн нурууны төв хэсгийг хамарсан Хан Хэнтийн ДЦГ-ын хэмжээнд хамгийн их тархалттай энэ хөрс олон жилийн цэвдэг чулуулаг бүхий Дорнод Сибирийн хөвч тайгад тархсан хөрсний үргэлжлэл болдог. Уулын тайгын цэвдэгт хэв шинжийн хөрс нь Хэнтий нурууны өндөрлөг төв хэсгийн усны хагалбар уулс болон тэдгээрийн салбар дундаж өндөр уулсын бүх хажууд зузаан хөвдөн хучаастай аньс, ямаан арц, сургар, нэрс, тэрэлж, бадаан, гулалж голлосон сөөг, сөөгөнцөр ташингатай хуш-шинэс болон дан хушин ойд тогтворжино. Хөрсний илүүдэл чийгийн нөхцөл нь хөрсөнд янз бүрийн хэв гажилт үүсгэдгээс уулын тайгын цэвдэгт хөрсний тархалтын хүрээнд цэвдэгийн нөлөөгөөр үүссэн бичил овон товон элбэг тохиолдоно. Уулын тайгын цэвдэгт хөрсний өөр нэг хэв шинжид хамаарагдах уулын тайгын цэвдэгт өнгөнөөсөө төмрийн исэлтэй хөрс энд мөн тархсан. Хөрс үүсвэрийн үйл явцад нь хөдөлгөөнт төмрийн нэгдлүүд хуримтлагдсанаас үүссэн харьцангуй тод зосорхог бор, улаавтар бор өнгөтэй генетик давхаргууд илэрдэг онцлогтой. Хагас ялзарсан бүдүүн ялзмаг бүхий хүлрэнцэр давхарга зонхилдог учир ялзмагийн бодис ихтэй буюу 31.8-54.1% -ийг эзэлдэг.
Уулын тайгын ширэгт хөрс: Уулын тайгын ширэгт хөрс нь Хэнтийн нурууны төв хэсэгт багахан, харин түүний салбар дундаж өндөр уулсад их хэмжээний талбайд тархсан. Энэ хөрс уулын ар хажууд уулын тайгын цэвдэгт хөрснөөс нам түвшинд уулсын бэл хүртэл тархах бөгөөд харин уулын өвөр хажууг бараг бүхэлд нь бүрхэж зарим нөхцөлд уулын тундрын ширэгт хөрстэй хиллэж тогтворждог. Энэ хөрсөнд гадаргын урсац болон цас мөсний илүүдэл ус чийг хуримтлагддаг. Аньс, тавилгана, нохойн хошуу зэрэг сөөгөнцөр, ойн улалж, унаган туруу, буржгар, шимтэглэй голлосон алаг өвс бүхий жигд биш хөвдөн хучаастай дан шинэсэн ба хус, нарстай холимог шинэсэн ойд тогтворжино.
Уулын ойн бараан хөрс: Тэрэлж, Туул, Хараа голуудын өргөн хөндий рүү харсан хэвгий уулын хажуунуудад уулын тайгын ширэгт хөрстэй хил залгаж тогтворжино. Түүнчлэн харьцангуй нам гадаргатай Минж голын дагуух хил орчмын уулс, Онон, Хэрлэн голын зарим салаа голуудыг заагласан нам уулсад энэ хөрс элбэг тархсан. Өвслөг ургамлын бүрхэвч сайтай сийрэгдүү шинэс, хус-шинэс, нарс- шинэсэн ойд тархах бөгөөд олон жилийн цэвдэг чулуулаг харьцангуй доор орших тул хөрсний тогтворжилтонд онцлог нөлөө үзүүлдэггүй. Харин удаан үргэлжлэх улирлын цэвдэг энэ хөрсний чийг, дулааны горим, морфологийн тогтоц, шинж чанарт багагүй нөлөөлнө. Хөрсний гадарга дээр унаж хагдарсан модны навч, шилмүүс, ургамлын дутуу задарсан үлдэгдлээс тогтсон ойн дэвсгэр хучаас үүссэн байдаг ба зузаан нь 2-8 см байдаг. Ойн энэ хучаасны доор бараан саарал, боровтор туяатай хар саарал өнгөтэй ургамлын үндсээр шигүү торлогдсон, бөөмөрхөг бүтэцтэй, 7-20см зузаантай, чийгтэй ялзмаг хуримтлалын давхарга оршино. Уулын ойн бараан хөрсөнд органик бодисын хэмжээ 12% хүрч ялзмагийн бүрэлдэхүүнд нь гумины хүчил давамгайлна. Энэ онцлогоос шалтгаалж сулавтар хүчиллэг, сулавтар шүлтлэгтэй болж хөрсний шингээх цогц сууриудаар кальци, магнийн хэмжээ ялзмаг хуримтлалын давхаргад 30-50мг/экв хүрдэг нь энэ хөрс байгалийн үржил шимээр сайн, ойн нөхөн ургалтыг хангах чадвар өндөртэй болохыг харуулдаг.
Уулын хар шороон хөрс: Үетэн - элдэв өвст уулын нугат хээрийн ургамалшил дор дундаж өндөр уулсын өвөр хажуу зэрэг ой модгүй хажуунуудыг дагаж тархсан. Энэ хөрс уулын хажуугийн эвдрэлийн үйл явцад байнга нэрвэгддэг тул хөрсний үе давхаргууд нь нимгэн, гадаргаасаа эхлээд сайр чулуурхаг, сул тогтоцтой, карбонатын хуримтлал төдийлөн илэрдэггүй, үе давхаргуудын хоорондох шилжилт бүдэг байдаг. Морфологи тогтоцын хувьд, ялзмаг хуримтлалын А давхарга нь боровтор туяатай бараан саарал, хүрэвтэр бараан саарал өнгөтэй, ургамлын багсайсан үндэстэй, жижиг сайр чулуурхаг хөрс 10-15см зузаантай байдаг. Уулын хар шороон хөрсний ялзмагийн хэмжээ дээд давхаргад 4.1-13.4% хүрэх бөгөөд органик бодис нь гумат - фульват шинжтэй. Уулын карбонатгүй хар шороон хөрс тохиолдох учраас урвалын орчин саармаг байхаас гадна гидролит хүчилшил нь бүх үе давхаргад бага байна. Харин хөрсний шингээх цогцод кальци ба магнийн ион давамгайлдаг тул үржил шим сайтай, зөвхөн бэлчээрт ашиглагдах боломжтой байдаг.
Аллювийн хөрс: Туул, Ерөө, Онон, Минж зэрэг томоохон гол горхины татам, нам дэнжээр Аллювийн хөрс тархана. Аллювийн хөрс нь тод илэрсэн үелсэн давхаргуудтай, зэгэл саарал өнгөтэй, маш их хэмжээний төмрийн зосорхог толбуудтай байна. Ялзмагт давхарга нь 20-40см хүртэл зузаан, ялзмагийн агууламж өндөр буюу 5-10%, урвалын орчин сул хүчиллэг саармаг. Гүний ус ойрхон оршиж байгаа тул хөрсний доод хэсэг нь байнга глейт нөхцөлд байх ба элсэрхэг толбо судалтай газруудаар чийгийн хэмжээ багасч исэлдэх орчин бий болдог учраас төмөр, манган нь бүрэн ислийн хэлбэрт орж улбар зосорхог өнгө үүсгэж байдаг. Шим тэжээлийн бодис фосфор дээд давхаргад хангалттай, доод биеэр хангалтгүй, кали дунд зэрэг байдаг. Аллювийн хөрсний үүсэл хөгжилд үелсэн элс хайргархаг хурдаснаас гадна олон жилийн цэвдэг тодорхой нөлөө үзүүлсэн.
Намгийн хөрс: Уулс хоорондын голын хөндийн адаг орчмоор тархах бөгөөд энд тэнд тогтоол ус үүссэн газраар тогтворжино. Хөрсний гадарга дээр улалж - хөвд зонхилсон, цэвдэгийн нөлөөгөөр үүссэн дов сондуултай, ус чийгээр ханасан нөхцөлд тогтворжино. Олон элементүүд, ус чийг хуримтлагдсанаас ялзмаг агууламж өндөр, бодисын хуримтлал ихтэй, исэлдэн-ангижрах процесс хавсран үйлчилдэг агааргүй орчин давамгайлдагаас глейжсэн болон дутуу задарсан органик үе давхарга үүссэн байдаг нь чийгт хөрсний онцлог шинж юм. Олон жилийн цэвдэг хөрсний гадаргад ойр байдгаас овон товон дов үүссэн байдаг. Бургас, улалж, үетэн голлон ургадаг. Уур амьсгалын эрс хувирал хөрсний чийг, дулааны горимд нөлөөлөн органик бодисын эрдэсжих явцыг удаашруулснаар хүлэрт намгийг үүсгэдэг. Газрын гүний ус гадаргад ойр байх, гүний усны түвшин дээшлэх, хур тунадасны ус тунаж нэвчих, цэвдэгийн дээд талд түр зуур хөрсний ус үүсэх, нуурын эрэг хөвөө газар байнга усанд автдаг зэргээс шалтгаалан намгийн хөрс үүсдэг. Энэ хөрс жилийн ихэнх хугацаанд усан дотор орших бөгөөд гандуу жилд усны түвшин 20-40см доошилно. Намгийн хөрстэй газарт хөрсний зүсэлт хийхэд хүхэрт устөрөгчийн сулавтар эхүүн үнэр үнэртдэг.
Ойн сан: Хан Хэнтийн ДЦГ, түүний орчны бүсийн ойн сан нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг учир байгалийн жамаар нөхөн сэргэх чадавхи нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавьж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг уулын ой юм. Хан Хэнтийн ой мод нь гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамал, бичил биетний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой.
Ойн сангийн нийт талбай нь 553170 га, түүний орчны бүсийн ойн сангийн талбай нь 801451 га гэж тогтоосон. Хан Хэнтийн ДЦГ-ын ойн сангийн 96.8%-ийг шилмүүст, 3.2%-ийг навчит, орчны бүсийн ойн сангийн 92.3%-ийг шилмүүст мод, 7.7%-ийг навчит мод тус тус эзэлдэг.
Ойн сангийн талбайн 30.1 мянган га нь шатсан ой, 10.2 мянган га нь огтолсон талбай, 41.8 мянган га нь тармаг ой, 11.4 мянган га нь ойжих талбай эзэлж байна. Ойн сангийн модыг төрөл бүрээр авч үзвэл, шинэс 64562.7 мянган шоо метр, нарс 11035.3 мянган шоо метр, хуш 42120.3 мянган шоо метр, гацуур ба жодоо 969.5 мянган шоо метр, хус 5195.9 мянган шоо метр, улиас ба улиангар 691.9 мянган шоо метр, бургас 46.1 мянган шоо метр нөөцтэй. Нийт ойн талбайн 60.8% буюу 482.4 мянган шоо метр талбай нь хөгшин ойд хамаарна.
Ургамалжилт: Хан Хэнтийн ДЦГ-ын ургамалжилтын зонхилох хэлбэр нь өвөрмөц. Ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг сүүлийн 30 жилийн хугацаанд судалсан үр дүнгээс үзэхэд янз бүрийн экологийн орчинд ургасан 85 овгийн 389 төрөлд хамаарах 1229 гуурст дээд ургамалтай (Э.Ганболд, 2002). Ургамлан бүрхэвчийг бүрдүүлж байгаа томоохон овгийн тоонд нийлмэл цэцэгтэн, үетэн, буурцагтан, улалжтан, сарнайтан, холтсон цэцэгтэн, тоонолжин цэцэгтэн, иршимбэтэн, сонгинотон, баширтан зэрэг овгууд орох бөгөөд эдгээр нь бүх зүйлийн 58%-ийг эзэлнэ. Тухайлбал, 1229 зүйл ургамлаас хээрийн 455 зүйл, ойн 503 зүйл, нугын 454, намгийн 145, тундрын 185, хад асганы 114, усны болон голын эрэг хавийн 101, хужир мараатай газрын 19, хөл газрын 49 зүйл ургамал тус тус ургадаг. Ургамлын аймгийн зүйлийн бүрдлийг амьдралын хэлбэрээр нь авч үзвэл олон наст ургамал 954 зүйл байгаа нь бүх ургамлын 78.2 % ийг эзэлнэ.
Мод 29 зүйл, сөөг 71 зүйл, хагас сөөг 12 зүйл, сөөгөнцөр 15 зүйл, хагас сөөгөнцөрхөн 9 зүйл, нэг наст ургамал 94 зүйл, 2 наст ургамал 29 зүйл, усны ургамал 16 зүйл байна. Хэнтийн уулсаар төрөл бүрийн жимс жимсгэнэ, эмийн болон гоо сайхны, тэжээлийн, хүнсний ургамлаар баялаг. Тухайн нутгийн ургамлын аймгийн онцлогийг харуулж чадах унаган, завсрын унаган, үлдэц ургамлууд бий. Хэнтийн биелэг өвс (Poa kenteicus Ulzij.), (Potentilla chenteica Sojak.), (P.drymeia Sojak.), Хэнтийн хунгир (Astragalus kenteicus Ulzij.), (А.pseudochorinensis Ulzij.), борнуурын багваахай (Taraxacum bornuurense Doll.), Хэнтийн зохимон (Senecio kenteicus Crub.) зэрэг 8 зүйл унаган ургамал, (Pinus krilovii Seet Kondr.), (Elymus varius (Keng) Tzvel.), дагуур улалж (Carex dahurica Kuk.), (C.delicatula subsp. selengensis (Ivanova) Egor.), (Allium burjaticum Friesen.), (Polygonum valerii A.Skyortz.), (Delphinium changaicum Friesen.), (Papaver setosum (Tolm.) Peschkova.) зэрэг 50 гаруй зүйл завсрын унаган ургамалтай, Доод ургамал нь ангилал зүйн хувьд 10 гаруй бүлэгт хамаарна. Хэнтийн районд тархсан вирус, бактери, актиномицет (цацраг мөөг) зэрэг доод ургамлын талаар тусгайлан хийсэн судалгааны ажил байхгүй боловч замаг судлагч Д.Цэцэгмаа 1986-1988 онуудад Хэнтийн районы замгийн цуглуулгыг хийсэн байдаг. Хэнтийн районоос 80 орчим зүйл малгайт, 20 гаруй зүйл ур, 10 орчим зүйл дүлий мөөг ургадаг болохыг (Г.Уранчимэг, 2005) илрүүлжээ. Мөн Хэнтийн районоос 35 овог, 92 төрөлд хамаарах 477 зүйл хаг бүртгэгджээ. (Huneck, Cogt 1984, 1987, 1992; Н.С.Голубкова, 1981; Ө.Цогт 1990). Одоогоор Монгол оронд 60 овгийн 160 төрлийн 400 орчим зүйл хөвд ургадаг болох нь мэдэгдэж байгаагаас Хэнтийн районд 34 овгийн 75 төрөлд хамаарагдах 150 гаруй зүйл хөвд бүртгэгдээд байна.
Хөхтөн амьтан: Хан Хэнтийн уулсын систем нь Монгол орны амьтны аймгийн газарзүйн мужлалаар Хэнтийн тойрогт хамаарна. Хэнтийн нурууны төв хэсэг буюу Онон, Хэрлэн, Туул, Хараа, Ерөө, Минж голуудын савын эхний уулзвар болсон зэлүүд хөвч тайга нь хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүнээрээ Евразийн шилмүүст тайгын хөхтөн амьтны бүрэлдэхүүнтэй ойролцоо. ДЦГ-ын хэмжээнд ховор 5 зүйл, Монгол Улсын Улаан номонд орсон 5 зүйл, “Ховордсон амьтан, ургамлыг худалдаалах тухай олон улсын конвенц (CITES)-ийн 1 ба 2 дугаар хавсралтад орсон 5 зүйл хөхтөн, 4 зүйл шувуу бий.
Махчин хөхтөн 13 зүйл тэмдэглэгдсэн ба тэдгээр нь хээр тайга, голын хөндий, уулын бэл, энгэр газраар хаа сайгүй байршин тархсан. Хамгийн түгээмэл тархсан нь саарал чоно (Canis lupus), шар үнэг (Vulpes vulpes), хярс (Vulpes corsac), хүрэн баавгай (Ursus arctos), шилүүс (lungs lungs), мануул (Felis manul), дорго (meles meles), нохой зээх (gulo gulo), ойн булга (Martes zibellina), цагаан үен, хотны үен, ойн солонго, хээрийн солонго зэрэг амьтад юм. Тагийн бүслүүрийн бутлаг ургамалшил бүхий биотопод чандага элбэг дайралдана. Хэнтийн уулсад 4 зүйлийн туулай амьдардаг. Зэрлэг гахай (Sus scrofa L), хүдэр (Moschus moschiferus L), халиун буга (Cervus elaphus L), бор гөрөөс (Capreolus capreolus L), хандгай (Alces alces L) зэрэг гэх 5 зүйл туруутан амьдардаг. Төв Хэнтий нь Монгол орны хүдэр, хандгай, зэрлэг гахайны үндсэн голомт нутаг болдог.
Хандгай (Alces alces L) нь Естийн рашаан, Илүүрийн эх, Хаг-Туулын бэлчир, Хагийн Хар нуур, Шарлан гол, Ар ичлэг, Хэрхлүүр, Ононгийн эх орчим зэрэг газар харьцангуй нягтшил өндөртэй байдаг. Халиун Буга (Cervus elaphus L) таг сарьдагийн зооноос голын хөндий татам хүртэл янз бүрийн биотопод байршдаг. Зэрлэг гахай (Sus scrofa L) ДЦГ-ын нийт нутгаар харьцангуй жигд тархалттай.
Хан Хэнтийн ДЦГ-т тэмдэглэгдэж байгаа зэрлэг хөхтөн амьтдын нэлээд хувийг мэрэгчид эзэлнэ. Эдгээрээс түгээмэл тархсан нь урт сүүлт зурам, жирх, хэрэм, олби оготно, сохор номин зэрэг 19 зүйл амьтад юм. Бүх ойт нутгийн голын хөндий шинэс, хус, улиас, бургас, моносон шугуйгаас д.т.д 1700-2000м хүртэл өндөр бүхий таг, цармын сийрэг ой, ширэнгэ төгөл хүртэлх голдуу унанги дархи бүхий газарт өргөн тархацтай мэрэгчид амьдардаг. Тухайлбал, жирx (Tamias sibirica Laxm), ойн хүрэн оготно (Clethrionomus rutocanus Sundv), хэргэлзий оготно.
Загас: Эдгээрээс шивэр гүлмэр (Salamandrella Keyserlingii) нь Монгол Улсын Улаан номонд орсон. Загасны судалгаанаас үзэхэд Туул, Ерөө голын савд 15 зүйл загас, 50 орчим зүйл бентос зонхилон амьдардаг бол Хэрлэн голд 23 зүйл, Онон голд 28 зүйл загас амьдардаг. Улаан номонд орсон шивэр хилэм (Acipenser baeri), хар мөрний хилэм (Acipenser schrencki), тул (Hucho taiman) гэсэн нэн ховор 3 зүйл бий. Агнуурын ач холбогдолтой зэвэг, ердийн ба Амарын цурхай, шивэр сугас, бух сугас, хэлтэг, булуу цагаан, гутаарь, цулбуурт, алгана зэрэг 19 орчим зүйл загастай.
Тул загасыг бүс нутгийн үнэлгээгээр устаж болзошгүй зүйлийн ангилалд хамруулсан. Үндэсний хэмжээнд 1995 оноос Монгол Улсын улаан ном, “Амьтны аймгийн тухай хууль”-нд ховор ангилалд бүртгэж тусгай зөвшөөрлөөр агнаж болохоор тусгасан. Дэлхийн байгаль хамгаалах холбооноос гаргасан жагсаалтад устаж болзошгүй амьтны ангилалд орсон, хязгаарлагдмал тархацтай, ховор зүйл юм. Тул загас нь голын усны цэнгэг байдал, байгалийн унаган төрхөөрөө байгааг илэрхийлэгч, экосистемийн зохистой байдалд чухал үүрэгтэй амьтан тул сав газрын усны чанарын хяналтыг тавихад индикатор болгон ашигладаг.
Шавьж: Хан Хэнтийн ДЦГ-ын ойн хортон шавжийн бүрэлдэхүүнд 7 баг, 114 зүйл шавьж бүртгэгдээд байгаагаас хатуу далавчтан (Coleoptera), хос далавчтан (Diptera) багуудын шавьж нэлээд давамгайлдаг. Соно (Odonatoptera), шулуун далавчтан (Orthoptera), ижил далавчтан (Homoptera), хатуувтар далавчтан (Heteroptera), хатуу далавчтан (Coleoprera), хайрсан далавчтан (Lepidoptera), хос далавчтан (Diptera) зүйлүүдтэй.
Шувуу: Хан Хэнтийн ДЦГ-т Монгол орны жигүүртний аймгийн зүйлийн бүрдлийн 40 орчим хувь нь тархсан байдаг. Амьтны аймгийн газарзүйн мужлалын хувьд өөрийн унаган зүйл байхгүй. Харин Палеарктикийн дэд мужид (Арктик, Сибир-Европ, Өмнөд палеарктик) хамрагдах 7 мужийн гарал үүсэл бүхий шувуудтай. Тус нутагт нийт 253 зүйл шувуу тэмдэглэгдсэнээс 61 зүйл нь суурин амьдралтай, 180 зүйл нь суурин амьдралтайг оролцуулаад өндөглөн зусдаг, 57 зүйл нь уг газар нутагт зөвхөн нүүдлийн хугацаанд буюу дайран өнгөрдөг. 6 зүйл жигүүртэн Сибирээс ирж өвөлждөг. Жил бүрийн 3-р сарын эхээр алагтуу, турлиах, ангир, чогчоохой мэтийн цөөн зүйл Хэнтийн нурууны өвөр, цас багатай нутгаар ирж хаврын нүүдлийг эхэлнэ. Мөн 3-р сарын 20-ны үеэр тогоруу, тоодог, буурал галуу, нугас, хавтгайлж, мөнгөлөг цахлай, хөх дэглий, элээ зэрэг шувууд зусахаар ирдэг. Ихэнх зүйл шувууд 5-р сарын эхэн хагаст Захар, Шороот, Минж голуудын савд орж ирдэг.
Хан Хэнтийн ДЦГ-ын шувуудыг үндсэн идэш тэжээлээр нь ангилан үзвэл, шавьжаар хооллогчид 133 зүйл, ургамлаар хооллогчид 61 зүйл, жижиг мэрэгчдээр 28 зүйл, загасаар 19 зүйл, элдэв идэшт 3 зүйл, хүүр сэгээр хооллодог 1 зүйл шувуу байна. Амьдралын хэлбэрээр нь үзвэл модгүй өндөр уулс, ян сарьдаг, цармын шувууд 13 зүйл, ойн шувууд 57 зүйл, нуур гол чийгтэй газрын шувууд 24 зүйл, хад цохио, асганы шувууд 5 зүйл, тал хээрийн шувууд 7 зүйл, түгээмэл тархацтай буюу суурин бараадан амьдардаг синантроп шувуу 17 зүйл байгаа бөгөөд ховор шувууд 40 зүйл байгаагаас Монгол Улсын Улаан номонд орсон 4, нэн ховор 4, ховор 12 зүйл, CITES-ийн 1ба 2 дугаар хавсралтад орсон 4 зүйл шувуу байдаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах