Далайн төвшнөөс дээш 1132 метрт орших Хар нуур нь Хар-Ус нуураас талбайгаар бага хирнээ арай гүнзгий нуур юм. Хар-Ус нуур илүүдэл усаа Чоно харайхын голоор Хар нуурт өгдөг. Харин Хар нуур илүүдэл усаа Хомын хоолойгоор Дөргөн нуурт, Татхан-Тээлийн голоор Завхан голд тус тус өгдөг. 12-хон километр урт Татхан-Тээлийн гол нь зөвхөн Хар нуурын илүүдэл усыг зөөгөөд зогсохгүй Хар-Ус нуур, Ховд голын системд хамаарах Монгол Алтайн бүх гол горхи, нуурын усыг Хяргас нуур руу дамжуулах ганц суваг болдог. 10 дугаар сарын сүүлчээр хөлдөж мөсний зузаан 110 сантиметрт хүрэх ба үргэлж гөлөөн мөс гялалзаж байдаг. Нуурын ёроолоор жигд хар замаг ургаж, цайвар өнгөтэй лаг наанги шавар ёроолын ихэнхийг хучна. Нуурын эргэн тойрондоо зохицсон үзэсгэлэнт байдлыг нутгийнхан өргөмжилж “Хангайн сувд” ч гэж нэрлэдэг. Нууранд 13 төрлийн нүүдлийн шувууд ирдэг. Нуурын мандал дээгүүр “шунх” хэмээх цэцэг ургаж гарч ирдэг нь үзэсгэлэн төгс харагдуулдаг.