Дундговь аймгийн Мандалговь хотоос зүүн урагш 80 км зайд, Гурвансайхан, Говь-Угтаал сумдын нутагт орших Их газрын чулуу нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг бөгөөд хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнтэй газар юм. Байгалийн үзэсгэлэнт ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор УИХ-ын 2003 оны 30-р тогтоолоор 35000 га газрыг “Байгалийн нөөц газар” болгон улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд УИХ-ын 2012 оны 5-р сарын 23-ны өдрийн 57-р тогтоолоор “Байгалийн цогцолборт газар” болгон ангиллыг дээшлүүж талбайг 175906 га болгон өргөтгөсөн.
Газар зүйн онцлог: Байгалийн цогцолборт газрын гадаргад жигд ухаа гүвээт тал, нам уул, цав толгод зонхилох бөгөөд д.т.д 1150-1700м өндөрт хэлбэлзэнэ. Байгалийн бүс бүслүүрийн хувьд хээрийн бүсийн урд хэсгээр хуурай хээрийн зурвас бүсэд оршдог. Хамгийн өндөр цэг нь хойд хэсэгт орших д.т.д 1706м өндөр Ерлөг уул, хамгийн нам цэг нь цогцолборт газрын урд хэсэгт орших 1050.4м цэг юм. Их газрын чулуу орчмын газрын гадарга нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон нүцгэн цулдам хад чулуурхаг уул бөгөөд эргэн тойрон заримдаг цөлийн хөндий хоолой хүрээлдэг. Тус БЦГ-ын хилийн урт 221км, хойноос урагш 104.3км, баруунаас зүүн тийшээ хамгийн өргөн хэсэгтээ 50.8км.
Их газрын чулууны бүсэд Тоонот, Агуйт, Эхийн умай, Рашаант зэрэг 40 гаруй агуй байдаг бөгөөд тэдгээр нь зүүн хэсгийн Өлзийт, Сүмбэр уулын урд хэсэгт салангид орших боржин цохионд байдаг. Агуйт хэмээх газар нь боржин цохионы баруун урд байрладаг бөгөөд энэ агуй руу 2 метр өргөн, 5 метр өндөр зууван амаар орж 11 метр яваад мухарт тулна. Тоонотын агуй нь Агуйтын хадны ар бэлд оршино. Нийт урт нь 27 метр бөгөөд агуйн төгсгөл хэсэгт орой нь цоорхой тул Тоонот гэж нэрлэжээ. Өлгий агуй нь Тоонотын агуйгаас зүүн тийш 1.4 километрт байрлах бөгөөд эрт үед энэ агуйд ном судар их байдаг байсан гэлцдэг. Унаа хад, Боов хад, Лусын эзэн, Хаан хатан хоёр загасны ам зэрэг олон сонин тогтоц бүхий хад чулуутай. “Төв боржигон” баазын ойролцоо “Зууны манлай уртын дуучин” Н.Норовбанзадад зориулсан дурсгалын хөшөө бий. Их газрын чулууны орчинд “Талын цуурай”, “Ичээнд нь”, “Бушхүүгийн үлгэр”, “Загийн алим”, “Тууврын замд” зэрэг Монголын уран сайхны киноны зураг авалтуудыг хийжээ. Эдгээр агуй болон түүхэн газрууыг үзэж сонирхоход газрын бартаа багатай, хоорондоо ойрхон орших тул явган аялал хийх боломжтой юм.
Геологийн тогтоц: БЦГ-ын геологийн тогтцын хувьд, “Монголын их батолитын” зүүн сэжүүр буюу каледон, герциний болон Номхон далайн уул тогтох хөдөлгөөний үеийн боржин чулуу голлохын зэрэгцээ эрт төрмөлийн эриний девон, чулуун нүүрс, пермийн галавт үүссэн хувирмал занар, элсэн чулуу, мөлгөр хөрзөн, алевролит зэрэг тунамал чулуулаг, мөн боржин, гранодиорит зэрэг боржингийн төрлийн магмийн чулуулаг түгээмэл тархсанаас гадна дөрөвдөгчийн хурдас багагүй бий. Их газрын чулууны боржин цохио нь ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарлуудтай. Эдгээр хагарлын заагт өгөршлийн үр дүнд үүссэн агуйнууд бий. Их газрын чулууны зүүн захын тусдаа орших боржин хэсэгт Өлзийт Сүмбэр уул байх бөгөөд тэр орчимдоо хамгийн өндөр нь болно.
Хөрс: Хөрсөн бүрхэвч нь цайвар хүрэн хөрс дагнаж тархах бөгөөд өндөрлөг уул толгодтой хэсгээр хүрэн хөрс мэр сэр тааралдана. Механик бүрэлдэхүүнээр сайр чулуурхаг, хөнгөн шавранцар, элсэнцэр хөрс голлох бөгөөд ухаа гүвээний хоорондох хужир тойром бүхий хонхор хотгор газраар хужир мараа, хужирлаг ба мараалаг цайвар хүрэн хөрс тогтворжсон байна.
Ургамалжилт: Их газрын чулууны БЦГ-т 34 овог, 97 төрөл, 156 зүйлийн ургамал ургадаг. 142 зүйлийн бэлчээр, тэжээлийн ургамал, 53 зүйлийн эмийн ургамал, 7 зүйл ховор ургамал, 8 зүйл ховордож болзошгүй, 6 зүйл Монголын унаган ургамал, 22 зүйл Төв Азийн завсрын унаган ургамал, 4 зүйл эртний цөлийн үлдэц ургамал, 1 зүйл голын татмын ойн үлдэц ургамалтай. Ховор, ховордсон болон эмийн онцлог ургамлын гол тархац нь Их газрын чулууны уул, Ерлөг уул, Гурвансайхан уул, Үүдийн хяр, Тэвшийн хярд байдаг.
Тус БЦГ нь бутлаг үетэнт хуурай хээрийн монгол хэв шинжийн чулуусаг алаг өвс ботуульт бүлгэмдэлтэй хосолсон чулуусаг алаг өвс хялганат (Stipa krylovii, Arenatia capillars, Arctogeron gramineum, бoржинтой газраар Artemisia rulhifolia, Caryopteris mongolica), бутлаг үетэнт ба заримдаг сөөгөнцөр - бутлаг үетэнт цөлжүү хээрийн хаяа уулс, тал уулс, тал газар, цав толгод, хотгорын говийн умард - монгол хэв шинжтэй хазаар өвс - Хялганат, хялганат (Stipa klemenzi, S.gopica, Cleistogenes squarrosa, Artemisia frigida), заримдаг сөөгөнцөр бутлаг үетэнт ба таанат цөлийн говийн умард хэвшинжтэй баглуур - хялганат, баглуур - таана хялганат (Stipa gopica, S.glareosa, Anabasis brevifolia, Allum polyrhizum), чулуусаг алаг өвс - боролзой хялганат (Stipa gobica, S.glareosa, Anabasis brevifolia, Ajania fruticulosa, Zypoghyllum pterocarpum), Дорноговийн хэв шинжтэй бор бударгана - хялганат (Stipa glareosa, S gobica, Sаlѕоlа passerina), заримдаг сөөгөнцөрт ба сөөгт цөлийн говийн хэв шинжтэй өндөр загт (Haloxylon ammodendron) бүлгэмдэлтэй.
Хөхтөн амьтан: Хуурай хээр, цөлжүү хээрийн бүсэд өргөн тархацтай бусад олон төрөл зүйлийн амьтдаар баялаг ч энэ бүс нутагт хөхтөн амьтны тусгайлсан судалгаа маш бага хийгдсэн байдаг. Алаг даага, дорго, мануул, хадны борогчин, монгол чичүүл, үхэр огодой зэрэг мэрэгчид, хонин гүрвэл, монгол гүрвэл зэрэг хэвлээр явагчид, сахалт багваахай, жижиг соотон багваахай зэрэг гар далавчтан, аргаль хонь, янгир ямаа, цагаан зээр, үнэг, хярс, чоно, туулай зэрэг 20 гаруй төрлийн ан амьтад амьдардаг.
Их газрын чулуу уул, Ерлөг уул, Баян-Уул, Майхан уул зэрэг гол нуруудад уулын туруутан аргаль хонь, янгир ямааны гол тархалт байх ба Тогоо тахил, Үүдэн ус зэрэг газруудаар тал хээрийн туруутан болох цагаан зээр тохиолдоно. Цогцолборт газрын урд хил орчмоор аргаль хонь, янгир ямаа нь Зүүнсайхан, Баруунсайхан, Дундсайхан, Тэвшийн хяр, Үүдийн хярд гүйдэллэн идээшилдэг. Хойд хэсэгтээ Их газрын чулууны уул, Баян уул, Ерлөг уулсын хооронд нүүдэллэх агаад энэ нь Бага газрын чулуу, Загийн ус зэрэг газруудыг холбодог экологийн коридор нутаг юм.
Шувуу: Их газрын чулууны БЦГ-т тас, ёл, бүргэд, элээ, шонхорын зүйл шувууд бий. Нөмрөг тас (Aegypius monachus) нь харцагынхан овгийн өдрийн махчин шувуу юм. Их газрын чулууны ууланд махчин шувууны томоохон төлөөлөл болох нөмрөг тас зонхилон байх ба 60 гаруй бодгаль бүртгэгдсэн. Тасын 30 гаруй үүр тэмдэглэгдсэн нь тус газарт үржих таатай нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Ооч ёл (Gypaetus barbatus) нь мөн адил харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвд, Монголд өндөр уулархаг газар суурин нутагладаг. Далавчаа дэлгэхэд 3м хүрдэг том махчин шувуу юм.
Хээрийн бүргэд (Aquila nipalensis) буюу тарважи бүргэд нь харцагынхан овгийн том махчин шувуу. Их газрын чулуу БЦГ-ын Цагаан бургас орчимд 2 бодгаль бүртгэгдсэн. Далавчаа дэлгэхэд 1.6 – 2м хүрнэ. Хээрийн бүргэд нь Румынаас Орос, Төв Азийн тал нутаг, Монголд нутагладаг. Европ, Африк, Энэтхэгт өвөлжинө.
Начин шонхор (Falco tіnnunculus) Их газрын чулууны Ерлөг ууланд 2 бодгаль тэмдэглэгдсэн. Шонхорынхон овгийн махчин шувуу бөгөөд өргөн тархалттай. Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байдаг. Ногтруу (Syrrhaptes paradoxus) Их газрын чулууны баруун үзүүр, Нарийн уулын урд хэсгээр нийт 70 гаруй бодгаль тэмдэглэгдсэн.
Ногтруу нь Ази тивийн хуурай тал хээр нутгаар амьдарна. Казакстан болон Монголд амьдрах хэсэг нь цасны оролтоос шалтгаалан өвлийн улиралд өмнө зүг нүүдэллэдэг. Ногтруу нь шаравтар эрээн өнгөтэй, элэгний тус хар толботой. Нисэхдээ их дуу чимээ гаргадаг ба хөл, хуруу нь өд ноолуураар бүрхэгдсэн байдаг.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах