Хэнтийн нурууны баруун өмнө шувтарга дахь Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөд хил бөгөөд зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн юм. Богдхан уулыг дэлхийн хамгийн анхны “дархан цаазат газар” хэмээн үздэг. Монголын түүхэнд 1294 онд гаргасан Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгох тухай өгүүлжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж “Хан уул” хэмээн нэрлэсэн. Харин 1778 онд Хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар дархлагдан хамгаалагдах болжээ.
УИХ-ын 1995 оны 26-р тогтоолоор Богдхан уулыг “дархан цаазат газар” хэмээн бататгаж, 1996 оны 5-р сард ЮНЕСКО-гоос “Дэлхийн шим мандлын сүлжээ” (MAB)-нд оруулах шийдвэр гарч 1997 онд гэрчилгээ олгосон. Богдхан уулын ДЦГ нь хойд талаараа нийслэл Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх дүүрэг, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залгадаг. Нийт 41651 га талбайтай, үүнээс 17.3% нь онгон бүс, 54.2% нь хамгаалалтын бүс, 28.5% нь хязгаарлалтын бүс болно.
1994 онд ДЦГ-ын захиргаа байгуулагдахад уулын “хязгаарлалтын бүс”-д малчдын жижиг суурин, ХААИС-ийн хотхон, Ерөнхийлөгчийн ордон, Одон орон судлалын төв, Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар гэх мэт байгууламжууд байсан. ДЦГ-ын орчны бүсийг тогтоож байгаагүй бөгөөд УБ хот нь өөрөө олон тооны зочид, аялагчдыг татсан орчны бүс болно хэмээн үзжээ. Богдхан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар нутаг байсны хувьд байгалийн унаган төрхөө харьцангуй удаан хадгалсан боловч нийслэл Улаанбаатар хотын хүн амын өсөлт, нягтралаас шалтгаалан экосистемийн өөрчлөлтөнд өртөж эхэлсэн бүс нутаг юм. Нийслэл хотод ойрхон учраас газар ашиглалт, хотжилтын нөлөө, хулгайн ан, гал түймэр, малын бэлчээр, агаарын бохирдол зэрэг янз бүрийн дарамт нөлөөнд автах эрсдэл өндөр байдаг.
Богдхан уулыг 1778 оноос хойш 1957, 1974, 1994, 1995 онд албан ёсоор “дархан цаазат газар” гэдгийг 5 удаа баталгаажуулж 41651 га талбайг тодотгосон. 1995 оны 5-р сарын 16-нд Ерөнхийлөгчийн 110 тоот зарлигаар “Төрийн тахилгат уул” болгосон бөгөөд 1995, 2000, 2005, 2010, 2015, 2020 онуудад тахилгыг үйлджээ. Сонирхолтой нь, 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ.
Богдхан уулын ам хөндий, хажуу хормойгоор бичигт, зурагт хад цохионууд, хиргисүүр, хөшөө, булш зэрэг түүхийн дурсгал олонтой. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг тэмдэгжүүлэхэд нийт 197 дурсгал бүртэгдсэн байна. Цэцээ гүний орой дээр сайд Юндэндоржид зориулсан сүмийн туурь байдаг. Их, Бага тэнгэрийн амны хооронд орших хадан цохион дээр согоо, гуа марал, богтаг малгай, ээтэн гутал, нөмгөн дээлтэй бүсгүй хүний дүрс, бугын зураг зэргийн хамт уйгаржин бичгээр “Мөнх тэнгэрийн хүчин суу залийн ивээлд” гэсэн бичгийн дурсгал байдаг.
Газар зүйн онцлог: Дархан цаазат Богдхан уул нь Хэнтийн уулархаг мужийн баруун өмнөд захад орших дундаж өндөртэй уул боловч Хэнтийн гол нуруунаас саланги тусгаар оршдог. Ландшафтын хувьд Монгол орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших өвөрмөц бүтэцтэй. Богдхан уулын гол нуруу нь өргөрөгийн дагуу буюу баруунаас зүүн тийш сунаж тогтсон байх ба энд ихэвчлэн 2000м-ээс дээш өргөгдсөн тэгширлийн гадарга бүхий хавтгай, бөмбөгөр оройтой оргилууд зонхилно. Хамгийн өндөр буюу 2268м Цэцээ гүн, 2256м өндөр Түшээ гүн, 2094м өндөр Их, Бага Тэнгэр, 2150м өндөр Зүүн ширээт, 2004м өндөр Баруун ширээт оргилууд байдаг. Богд хан уул нь Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. Туул голын савд багтах бөгөөд уулын эргэн тойрны 20 амнаас жижиг гол горхи эх аван урсаж зарим нь Туул голд, зарим нь уулын бэлийн хонхор хотгорт хүрч хурдас хөрсөнд шингэнэ.
Геологийн бүтэц: Богдхан уул орчмын нутаг нь Хангай-Хэнтий уулархаг мужийн хэмжээнд хамаарна. Дархлагдсан талбайн хэмжээнд 350-205 сая жилийн өмнөх чулуун нүүрсний галавын үед хуримтлагдсан тунамал чулуулаг ба мезозойн эриний юрийн галавын сүүлч, 130 сая жилийн өмнөх цэрдийн галавын эхээр үүсч бүрэлдсэн боржин чулуу мөн уулын бэл, хормой, гуу жалга, орчин үеийн сэвсгэр хурдас тархсан байдаг.
Хөрсөн бүрхэвч: Богдхан уул нь хөрс-газарзүйн мужлалаар хангайн био уур амьсгалын их мужийн хагас чийглэг өндөршлийн бүсчлэлд багтана. Хөрсөн бүрхэвчийн тархалтын хувьд Хэнтийн гол нуруутай ижил төстэй. Хад асга бүхий уулын тэгш оройд уулын нугын хөрс, түүнээс доош ой-тайгын хөрс тогтворжиж, ой модгүй ар, өвөр хажуу болон өргөн амуудад хээрийн хөрс тархана. Богдхан ууланд хамгийн их талбайг эзлэх хөрсний голлох хэв шинж нь тайгын хөрс бөгөөд Богдхан уульн орой, хяр, ар хажуу, өвөр хэсэгт тархсан байдаг. Харин хөрсний хэв шинжүүдийн шилжилт уулын ар, өвөр хажууд харилцан адилгүй байна. Тухайлбал, уулын ар хажууд тайга, ой, хээрийн хөрс дараалан солигдож байхад уулын өвөр хажууд тайгын хөрс шууд хээрийн хөрсөнд түгээмэл шилжих нь ажиглагдана.
Уулын нугын хөрс нь хатуу суурь чулуулгийн аллювийн нимгэн хурдас дээр тогтворжих тул хөрсний нийт давхаргын зузаан 50 см-ээс үл хэтэрнэ. Хөрсний өнгөн хэсэгт бараан хүрэн өнгөтэй, ургамлын хагас ялзарсан үлдэгдэл, бүдүүн ялзмагт ширэгт давхарга үргэлжилнэ. Энэ хөрсний бүх давхарга хүчиллэг урвалын орчинтой, гол төлөв хөнгөн ба дунд шавранцар механик бүрэлдэхүүнтэй байна.
Ойн сан, ургамлын аймаг: Монгол орны ургамал газарзүйн мужлалаар Богдхан уул нь Хэнтийн уулархаг тайгын урд, Монгол-Дагуурын ойт хээрт оршдог. Ургамлын аймаг нь бүхэлдээ Өмнөд Сибирийн тайга, өндөр уулын элементүүдээс бүрдэнэ. Богдхан ууланд 58 овог 230 төрөлд багтах 500-аад зүйл цэцэгт ургамал, 27 овог 42 төрөлд багтах 66 зүйл хөвд ургадаг байна. 500 зүйл цэцэгт ургамлаас 1.4% нь ойн хэлбэртэн, 1.9% нь нүцгэн үртэн, 21.6% нь нэг талт үрт, 78.4% нь хоёр талт ургамал юм. Богдхан уулын ой нь зөвхөн уулын хойд, зүүн хойд арыг барьж ургадаг учраас ойн бүтэн бүслүүр үүсгэдэггүй. Богдхан уулын нэг онцлог нь бөмбөгөр оройтой учир оройгоороо ойтой, Монгол оронд ургадаг жодооноос бусад мод, бутны ихэнх нь ургадаг. Хар мод (Larix sibirica), хус (Betula spp), хуш (Cedrus spp), нарсан (Pinus spp) холимог ой байна.
Хөхтөн амьтны зүйл: Богдхан ууланд 2014 оны судалгаагаар 52 зүйл хөхтөн (шавьж идэштэн 4, сарьсан далавчтан 5, туулай хэлбэртэн 4, мэрэгчтэн 21, махан идэштэн 13, туруутан 5 зүйл) амьтад тархан амьдардаг болохыг шинэчлэн тогтоосон. Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрэлдэхүүний 37.7%-ийг эзэлж байгаа нь том үзүүлэлт юм. Нийт амьтны аймгийн 40.3%-ийг мэрэгч амьтад, 25%-ийг махан идэшт амьтад, 7.7%-ийг шавьж идэштэн, 9.6%-ийг туруутан, 7.7%-ийг туулай хэлбэртэн тус тус эзэлдэг.
Богдхан уулын ДЦГ-т “нэн ховор” ангилалд хамаарах баданга хүдэр (Moschus moschiferus), тарвага (Marmota siberica), Mонгол орны ховор амьтдын жагсаалтад багтсан халиун буга (Сervus elaphus), янгир ямаа (Саpra sibirica), ойн булга (Martes zibellina), хандгай (Alces alces), хүрэн баавгай (Ursus arctos), сохор номин (Myospalax aspalax) гэсэн төрөл зүйлс амьдардаг. Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци (CITES)-ийн II хавсралтанд саарал чоно (Canis lupus), шилүүс (Felix lynx), мануул (Felis manul), баданга хүдэр (Мoschus moschiferus) 4 зүйл хөхтөн амьтан орсон байна. Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалах “Боннын конвенци II” хавсралтанд бүртгэгдсэн хөхтөн амьтдаас Богдхан уулын ДЦГ-ын хил залгаа нутагт гүйдлээр үзэгдэх, түр байршин амьдрах цагаан зээр (Procapra gutturosa) бүртгэгдсэн.
Шувууны зүйл: Богдхан уулын статуст 218 зүйлийн шувууд бүртгэгдсэн ба үүнээс нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг 88 зүйл, өндөглөн зусдаг 58, суурин 46, өвөл орж ирдэг 8, үрждэггүй 13, тохиолдлоор таарах 5 зүйл тус тус бүртгэгдсэн байна. Монгол Улсын Улаан номд 7 зүйл, ховор шувуунаас 2 зүйл, Азийн Улаан номд 4 зүйл, CITES-ийн I хавсралтаас 3 зүйл, CITES-ийн II хавсралтаас 32 зүйл, СMS-ийн I хавсралтаас 2 зүйл, СMS-ийн II хавсралтаас 27 зүйл, Монгол Улсын Амьтны аймгийн тухай хууль болон Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор ховор ба нэн ховор амьтны жагсаалтанд орсон 5 зүйлийн шувуу байдаг. Дэлхийн хэмжээнд ховордсон идлэг шонхор (Falco cherrug), Монголын хэмжээнд ховордсон бүргэд (Haliaectus leucoryphus), жороо тоодог (Otis tаrdа), сойр (Tetrao parvirostris) зэрэг шувууд сүүлийн 12 жилд энэ бүс нутагт устаж алга болоод байна.
Богдхан уулын ДЦГ нь нүүдлийн болон суурин шувуудад чухал газар бөгөөд мөн Туулын сав газрын тогтоол ус, ус намгархаг газрууд нь усны болон эргийн шувуудад амьдрах орчны хувьд өндөглөн зусах тохиромжтой орчин юм. Богдхан уулын ДЦГ нь бүс нутагт төдийгүй дэлхийд ховордсон шувуудын зүйлийн бүрдэл элбэг учир шувуу хамгаалах үйл ажиллагаатай уялдан бусад хөхтөн, хоёр нутагтан, мөлхөгчид, мөн эмийн болон хүнсний ургамлыг дүйцүүлэн хамгаалах боломжтой.