Арц богд уул

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нэлээд хадархаг говийн шинжтэй. Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул.

Уулын өвөр тал нь нэлээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи, булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.
 
Дэлхийд ховор чүнчигноров чулуу, өнгө нь гэрэлд үргэлж хувирч харагддаг судалт болор хэмээх эрдэнийн чулуунууд зөвхөн Арц Богдын нуруунд байдаг ажээ. Арц Богд ууланд эртний чулуун зэвсгийн доод үед хамаарагдах дарханы газар, Сэрвэнгийн арын Гамингийн тойром, Ноён хутагтын хийдийн туурь, Тэвш уулын хадны "моринд хөллөсөн дөрвөн дугуйт тэрэгтэй хүмүүс"-ийн сүг зураг бүхий бичигт хад зэрэг түүхэн дурсгалт газрууд олон бий.