Монгол, Орос хоёрыг холбосон засмал замтай, буриад үндэстэн хүн амын ихэнхийг эзлэн амьдардаг. Дүнзэн байшингууд ярайсан сум юм. Хамгийн их ой модтой хирнээ сүүлийн үед цөлжилт нэлээд явагдаж байгаа газар. Алтанбулагт "газар тариалангийн коллеж" гэж байдаг.
Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдарын судалснаар Хамаг Монголын хаан Тэмүжин энэ сумын нутаг дахь
Буур хээрийн талаас ертөнцийг байлдан дагуулах тулалдаанаа эхэлж байжээ. Энэ газарт 1179 онд Мэргидэд булаалгасан Бөртө Үжингээ буцааж авахаар Тоорил хан, Жамух нартай хүч хавсран их цэрэг хөдөлгөж Гурван мэргидийг бут цохисон. Энэ тулаан Тэмүжиний дараа дараагийн үйл хэрэгт чухал түлхэц болсон юм. 1206 онд Тэмүжин Их Монгол Улсыг байгуулаад Чулуун, Чимбай 2 хөвгүүний хамт өөрт нь их тус хүргэсэн Сорхон шард энэхүү Мэргидийн газар нутаг буюу Сэлэнгэ нутгийг өмч болгон өгчээ.
Буур хээрийн талд байх Оргидог булгийн тэнд МНТ-ны 750 жилийн ойгоор нэгэн гэрэлт хөшөөг босгож “Эрсэн хүнээ олов. Энд бууя” хэмээх Чингис хааны үгийг сийлжээ. Өдгөө энэ газарт аялагч нар их очдог болсон. Хожим яруу найрагч Н.Сүхдорж “Гурван Мэргидийн Буур хээрт Гоо Бөртэгийн айдас бий, Жамуха,Тоорил, Чингис хааны жадаар бичсэн түүх бий” хэмээн шүлэглэжээ.
Энэхүү газарт түүхийн олон үйл явдал тохиожээ. Монголчууд Буур хээрт Манж Чин Улсад дагаар орсон бөгөөд 1727 оны 8 дугаар сарын 20-нд Манж-Орос хоёр улсын хооронд Буурын гэж нэрлэгдсэн "хилийн гэрээ"-г байгуулжээ. Монгол эх орныхоо төлөө харийн дайсантай хэд хэдэн удаа тулж байсан Сумъяа бэйс болон түүний харъяат албат нарт YIII Богд хаан Алтанбулаг орчмын газрыг олгож дархлан суулгажээ. Тийм учраас энэ нутаг Монголын баатар зоригт цэрэг, жанждын нутаг байсан юм.
Мөн их эрдэмтэн Бямбын Ренчин Алтанбулагийн Улаан бургасны өвөлжөөнд төрсөн. Үүнээс өмнө 1921 оны 3 дугаар сарын 18-нд яг тэр өвөлжөөний газраас ардын баатар Хасбаатарын удирдсан цэрэг Алтанбулаг руу гамингийн эсрэг тулалдахаар хөдөлсөн гэдэг. Алтанбулаг суурингийн урд орших Бүргэдэй хайрхан дээрээс ардын журамт цэрэг гамин цэргүүд рүү буудаж тулалдаанаа эхэлж байсан түүхтэй. 400 гаруй партизан цэргээс бүрдсэн Монголын ардын журамт цэрэг нь анх “Орхон Сэлэнгийн бэлчир”-т тал талаас нийлэн нэгдэж Алтан хэмээх газарт буудаллаж зэр зэвсгээ хуваарилан байлдааны тактик төлөвлөгөөгөө боловсруулж байжээ. Оросын Хиагт тосгонтой нэг суурин мэт үргэлжлэх Алтанбулаг суурин нь Монголын 300 гаруй сум дотроос хамгийн их түүхийг агуулсан, хоёр улсын ард түмнийг хамгийн ойр нөхөрлүүлсэн газар гэж хэлэхэд хилсдэхгүй ажээ.
Алтанбулагт Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээг 1915 онд баталж байсан түүх ч бий. Ардын журамт цэргийн Түр засгийн газрын байшин, Хувьсгалын музей, Сүхбаатар жанжны журамт цэргийн штаб, банкны анхны байшин, Консулын байр, Шүүхийн анхны байр, Дөрвөлжин сүм зэрэг түүхийн олон дурсгалт байшин байгууламжууд байдаг. “Дөрвөлжин сүмийн үүдэнд дөрвөн пулёмет зоогоод..." хэмээн дуулдаг билээ. Алтанбулаг суманд жанжин Сүхбаатартай холбоотой 2 хөшөө бий. Түүний нэг нь Д.Сүхбаатарын цээж баримал хөшөө бөгөөд өөрийнх нь хэлсэн “Миний бие Монголын ард түмэнд эрх чөлөө олгох хэрэгт оролцохдоо амь бие үрэгдүүлэхийг бодохгүй зүтгэмой” хэмээх үгийг хөшөөний суурь хэсэгт монгол бичгээр алтан боронзоор товойлгон бичжээ. Нөгөө нь маршал Х.Чойбалсангийн жанжин Д.Сүхбаатарын талаар хэлсэн үгийг сийлсэн гэрэлт хөшөө юм. Тус хөшөө одоогийн Сэлэнгэ аймгийн музейн өмнө байх бөгөөд музейн барилгад 1921 оны 3-7 дугаар сарын хооронд Д.Сүхбаатар амьдарч байжээ. Эдүгээ Алтанбулаг сум 40 мянган толгой малтай, үндсэндээ газар тариалангийн бүс нутагт хамаарна. Нутаг дэвсгэрийн тал хувь нь ой модоор бүрхэгдсэн учраас ан амьтан, ургамал өвсөөр баян нутаг юм.