Ээж хайрхан уул - Байгалийн дурсгалт газар

Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 метр өндөр эл уулын 22475 га газрыг хамруулан 1992 онд "байгалийн дурсгалт газар" ангиллаар тусгай хамгаалалтанд авчээ.

Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт оршдог учраас аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтдын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул, үнэг, чоно элбэг байдаг. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий.

Ээж хайрханы харуул сахиул мэт түгээмэл энд тэнд үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа ч гэж нэрлэдэг. Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий. Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг.

Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай байх бөгөөд нутгийн иргэд 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьж хамгаалсан байдаг. Тэрхүү хойд энгэрт төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалдаг ба энэ хэсэг газрыг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг. Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байжээ. Эх орныхоо дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ажээ.

Хадан тогтоц: Ээж хайрхан уулаар аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд бүтэн өдөр зарцуулах бөгөөд замын турш янз бүрийн нэрээр нэрлэгдсэн сонирхолтой тогтоц бүхий байгаль эхийн бүтээлүүд тааралдана. Тухайлбал, есөн тогоо, ламын агуй, гүрвэл хад, бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, гахайн толгой, тэврэлдэн суугаа хос залуус, түлээний сав, олон суудал хад (театр хад), ембүү хад, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоц хаднуудыг үзэх боломжтой. Ембүү хаданд мөргөж залбирсан хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар шургаж гарсан хүн ахин төрж, өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн нүгэл нь ариусна хэмээнэ. Эр хүний хаданд мөргөж залбирвал үр хүүхдийн заяа сайжирч өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж иржээ.

ЕСӨН ТОГОО: Ээж хайрханы зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 тусдаа хадан хүнх чулуун тогоо бий. Тогоонууд хоорондоо 40-50 см чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Нэгээс гурав дахь тогооны диаметр нь 1-3 метр байдаг бол дөрвөөс найм дахь тогооны диаметр 5-6 метр өргөн байдаг. Гарал үүслийн хувьд боржин чулууны ан цавыг дагаж үүссэн бөгөөд тогоонуудын гүн 2-8 метр хүрнэ. Ес дэх тогоо нь найм дахь тогооноос нэлээд зайтай буюу 7 метр гаруй хол оршдог. 4 дэх тогоо нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 метр юм. Найм дахь тогооны төгсгөлд хадан дэвсэгийн зай завсраар хэдэн том бургас ургасан байдаг ба нутгийн ардууд эрт үеэс хүндэтгэн хадаг яндар тавьж сүсэглэн залбирч иржээ.

Есөн тогооны эхэнд бяцхан баянбүрд үүссэнийг нутгийнхан “Даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг. Харин ес дэх тогооны төгсгөл хавьд газрын гүнээс булаг маягтай шүүрдэг ус бий. Хур бороо элбэг жил тогоонуудаас ус халин задгайрч жижиг булаг үүсгэн хад даган урсаж хөрсөнд шингэдэг.

Тогоонууд бүгд дүүрэн устай бөгөөд ногоон өнгөтэй, хүхэрлэг чанартай, тогоо бүрийн ус өөр өөр амттай байдаг. Эдгээр есөн тогоонд байх усыг судлаачид рашааны шинж чанартай болохыг тогтоосон байна. Нэгээс зургаа хүртэл тогоо руу төвөггүй очиж болох ба долоо, найм дахь тогоо руу очиход бага зэрэг бэрх байдаг. Хальтирч унахаар мөлгөр налуу бөгөөд гишгэдэл алдвал тэр чигээрээ тогоо руу өнхрөөд орчихоор аюултай. Тогоо бүрийн гүн харилцан адилгүй бөгөөд хүн живж үхсэн тохиолдол ч байдаг байна.

РАВДАН ЛАМЫН АГУЙ: Есөн тогооны ойролцоо хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. Агуйн есөн тогоо руу харсан талыг битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан байдаг. Дотроо 4х6 метр хэмжээ бүхий зайтай, 160-180 см өндөр ханатай, бурхан тахил ба мөргөлчин, ор дэвсгэр ба гал тогооны хэсэгтэй. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан хэмээх лам 1923 оноос нэлээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ. Равдан лам Маажинсан ууланд бүгэж байсан Дамбийжанцангийн хамсаатан байсан бөгөөд Жа лам алагдсаны дараа Ээж хайрханы агуйд орогнон амьдарч улмаар энэ нутгийн Т.Цэгмид хэмээх эмэгтэйтэй ханилан 1928 он хүртэл амьдарчээ.

Нутгийнхан тус агуйд Ээж хайрханы лам ижий амьдарч байсан хэмээн домоглодог. Тус агуйд ирсэн гийчид хадаг сүү өргөж, арц хүж асааж, зул барьж мөргөдөг заншилтай.

 

ЭЭЖ ХАЙРХАН ҮҮССЭН ТУХАЙ ДОМОГ: Говь-Алтай аймгийн Цогт, Алтай, Цээл сумдын заагт ойрхон орших Өлийн даваа гэдэг газарт тэнгэр газрын савслагаас нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй бий болжээ. Нүд гялбам гоо үзэсгэлэнг нь хүмүүс шагшин магтаж алдар цуу нь нутаг орон даяар тархжээ. Харц ардууд төдийгүй хаад ноёд сонирхон урилга заллага явуулдаг байж гэнэ. Энэ нутгийн хамгийн том ноёд Бурхан буудай болон Аж богд нар тус тусдаа бүсгүйг залжээ.

Сайхан хувцсаа өмсөөд очсон бүсгүйг Бурхан буудай ноён хөл алдан угтаж гэнэ. Бурхан буудай ноён тэргүүндээ жаахан буурал байсанд гоо бүсгүй “уг нь сайхан ноён ажээ, одоо хөгширч буурал суусан байна” хэмээн голжээ. Тэгээд Бурхан буудай ноёныг орхиод Аж богд ноёныд очиж гэнэ. Аж богд дотроо “Бурхан буудайг голсон юм чинь надтай сууж л таарна” гэж бодоод Хатан хайрханд очоод хүлээж бай гэж хэлээд унтаад өгч гэнэ. Гоо бүсгүй тэгтэл “гэрлэж суухаа байя, зөвхөн төрсөн нутагтаа харцынхаа заяагаар, өөрийнхөө дураар амьдаръя” гээд буцаад явчихжээ. Аж богд ноён сэрээд гоо бүсгүй хаачсаныг асуутал албат нар нь буцаад явсан гэв. Аж богд ноён бүсгүйг хаа байгаа газраас нь олоод ир хэмээн албат цэргүүддээ тушаав. Гоо бүсгүй буцаж явах замдаа жаахан амрахаар гэдэргээ харан хоёр хөлөө нугалан хэвтээд зүйрмэглэж байтал хоёр талын хормойг нь хүнд юм дараад байх шиг санагджээ. Гайхан харвал Аж богдын илгээсэн цэргүүд бүсгүйг зугтаалгахгүй тогтоож байхын тулд тулманд элс хийж хормой дээр нь шидэж байна гэнэ. Явж чадахгүй боллоо гэдгээ мэдсэн бүсгүй “Уул уултайгаа уулздаггүй, харин хүн хүнтэйгээ учирдаг юм. Би одоо хэнтэй ч уулзахгүйгээр энд ингээд ганцаараа хоёр уулын хооронд үүрд үлдэхээс өөр замгүй боллоо” гэж хэлээд үзэсгэлэнт сайхан уул болон хувирчээ. Ийнхүү Ээж хайрхан уул үүссэн гэдэг.

АГУЙН ДОМОГ: Хязгааргүй цэнхэртэх говийн залуу монгол эр харь улсын цэргийн албанд татагдаж олон жил элээжээ. Хайртай амрагаа санаж мөрөөдсөөр эх нутагтаа зорьж захын айлаас бүсгүйгээ сураглав. Гэтэл “өөр хар хүнтэй болсон, өдөр очвол чи алуулна, шөнө очвол чи дийлнэ” хэмээсэн үг сонсчээ. Шөнө дунд гэрт нь орж гэрэл гаргаж харвал унаган багын бүсгүй нь нэгэн эрийн өвөрт унтаж байв гэнэ. Хурц хутгаа гарган өнөөх эрийн хоолойд ойртуулсан боловч энхрий хүүхнийхээ царайг хараад сэтгэл нь уярч “барааг нь харсан хойно алагдсан ч яахав” гэж бодоод унтаад өгч гэнэ.

Уур нүдүүрийн дуунаар сэрээд дээлнийхээ сугаар отож хартал бүсгүй “Миний хүү босоорой! Аав нь ирсэн шиг байна” хэмээн хүүгээ дууджээ. Залуу эрийн хүү нь том сайхан эр болж, сүйт бүсгүй нь үнэнчээр хүлээж байсан нь энэ ажээ. Явуулын хүмүүсээс болгоомжлон хүүгээ өвөртлөн унтдаг байсныг мэдээд баярлахын сацуу санаа муут хүн үр хүүхдийг нь эцгийнх нь гараар алуулж бузар хэрэг хийлгэх гэж байсныг ухаарчээ. Залуу эр хүүгээ эрдмийн дээдийг сурч энэ мэт муу муухай хэргийн үр үндсийг таслах чадалтай болгохыг хүссэн гэдэг.

Аавын сургаалийг сонссон хүү ертөнцийн хаана ямар эрдэм чадал байна, түүнийг олж суръя, тэгээд ард олноо муу муухай бүхнээс аваръя гэж өдөр бүр боддог болов. Хүрээ хийд, сүм дуган бүрийн номыг төгс эзэмшээд, бурхан багшийн шидийг бишрэн дагаж, хийд хүрээнээс холдон Захуй Зармангийн говьд сүндэрлэх Ээж хайрхан уулнаа ирж даяанчлан хүн амьтны зовлонг мөнхөд үгүй хийх шидтэй болохын тулд амь биеэ зориулан бясалгав. Ургамал амьтнаар баян боловч хүнгүй зэлүүд энэ ууланд түм буман ном уншиж бясалган 3 жил, 3 сар, 3 хоног өнгөрчээ.

Нэгэн өдөр бясалгалын зүүднээс сэрээд хартал цэцэг мэт тансаг нэгэн охин агуйн үүдэнд зогсож байв гэнэ. 16 орчим настай танхил охин алд цэнхэр хадаг дэлгэж ийнхүү учирлажээ. Санаа сэтгэл тогтохгүй сониуч нь дэндсэн охин би хан уул шиг аавыгаа дагаж өмнө зүгт алсыг зорьсон юм. Илчит нар уначихсан мэт халуун, зах хязгааргүй энэ уудамд хэдэн хоног сараар яваад усгүй ангах шахаж арай гэж нэг урц овоохойн бараа харсан билээ. Аав бид хоёр баярлан очтол тогос шувуу шиг ганган хүүхэн угтаж тогоо дүүрэн мах чанаж байсан нь хүний мах байв. Том цар таваг дээр гар хөл, өвчүү ууцыг үе үеэр нь салгаж тавиад өмнөөс минь барьсан билээ. Аав минь үүрч явсан “Сундуйжадамба” судраа биенээсээ салгалгүй намайг хөтөлсөөр урцнаас холдсон. Цааш явтал нэг сайхан ширээ бөхтэй ингэ зам дээр хэвтэж байв. Аав бид хоёр тойрч гараад явтал хойноос дагав. Буцах замдаа аав маань нөгөө ингэнд ачаа ачиж, эзгүй цөлийн Довондойн усанд дөхөж очтол өнөөх ингэ хэвтчихээд боссонгүй. Аав маань ядаж цөхөөд ачаагаа өөр тэмээнд ачаад “миний охин Довондойн усанд очоод унаа малаа амрааж, майханаа бариад, цай унд чанаад байж бай, аав нь энэ ингийг босгоод араас нь очно” гээд “Сундуйжадамба” судраа надад үүрүүлэв. Усны захад ирж буудаллан хүлээтэл нар шингэх ч дөхөв. Буцаад аав руугаа яаран очтол аав минь дөнгөж амьсгалж байлаа. Хартал нөгөө ингэ чинь ингэ биш өхий /зэвхий чөтгөр/ байв. “Аавыг чинь хорлочихлоо, сая чиний барааг хараад эндээс холдов, одоо би сэхэхгүй, миний охин хурдан явж нутгийнхаа барааг хар, энд удвал бас хорлогдоно” гэв. Би яаран майхан руу буцаж судраа үүрээд аавыгаа авахаар тэмээ хөтлөн эргэж очтол аавын маань нэг гарыг ханцуйтай нь таслаад хаясан байв. Өнжин хонон хайсан боловч олсонгүй, их говьд ангав ... хэмээжээ.

Лам багш охиныг дагуулан Довондойн усны захад очиж майхан барьж, цай чанах зуурт улаан толгойтой нэг хонь хургаа хөхүүлж зогсох нь харагджээ. Охин “энэ эзэнгүй цөлд юун хонь вэ” гэтэл лам багш “говь гаталж яваа аянчин гийчний хонь биз” гэж хэлээд тогоотой цайгаа аваад үүдээрээ гаргаад алдаад асгачихжээ. Лам багш “би дахиад цай чаная” гэв. Цайны дараа охин бин хайрч суутал лам багш хэд хэдээр нь авч гараад тоорой модны мөчирт өлгөж тогтоогоод байв гэнэ. Дараа нь ачаа хөсгөө янзлаад цааш явах гэтэл гэнэт тэмээ унасан хүн нөгөө бин өлгөсөн тооройн төгөл рүү шургаад орчихож гэнэ. Охин эзэнгүй цөлд хүн явж байгаа учрыг ламаас асуутал “явуулын хүн биз, би очиж уулзаад араас чинь очно, харанхуй болтол намайг гүйцэж очихгүй бол буудаллаад цайгаа чанаарай” гэжээ. Харанхуй болж лам багш ирсэнгүй, охин буудаллаад цайгаа чанав.

Шөнө тарни унших дуу сонсогдож чимээ өгсөөр лам багш ирж гэнэ. Өврөөсөө нэг эрхи гаргаж ирсэнд эрхиний яс бүрээс улаан ягаан шүүс гарч байв гэнэ. Маргааш нь охин багш хоёр Баруун Зүүн бурханы оронд хүрч очиход олон лам гэгээнтнүүд багш ламыг хүндэтгэн эрхинээс нь адис авах гэж хачин их хөл болж байна гэнэ. Багш лам охины эцгийг хорлосон өхийд унд хоол өгч хүчийг хариулж байгаад өхийн толгойны ясаар тийнхүү эрхи хийж иржээ. Нэгэн өдөр багш лам “охин минь нутаг буц даа, энэ хүмүүс хэсэгтээ надад явах чөлөө өгөхгүй бололтой, би удахгүй Ээж ууландаа очно” гэв.

Охин лам багшийнхаа хэлснээр Ээж ууланд номоо уншин суутал хэд хоногийн дараа багш нь ирээд “Өхий мянга хувилдаг чадалтай. Улаан толгойтой хонь, нөгөө ингэ, төгөл рүү орсон тэмээтэй хүн, хүний мах чанаж байсан хүүхэн зэрэг нь нөгөө өхий байсан. Өхийг арай гэж дарж хүмүүсийг аюулаас аварсан нь их завшаан” хэмээв.

Охин лам багшаас “та өхийг дарсан хэрнээ гунигтай байхын учир юу вэ” хэмээв. Хүний махаар хооллодог өхий үгүй болсон боловч хүн хүнээр хооллох аюул ирж байна, түүнд л санаа минь зовном, би маргааш Ээж уулнаа наран төгс мандах үед орхин одохоос өөр аргагүй, удахгүй зэвсэг агссан хүн ирж намайг өчиггүй тонилгоно, түүний дараа сайныхаа дээр муу нь гарна, бүтээх биш бүрэлгэнэ, асрах бус ашиглана, туслах биш гэмтээнэ, хүн хүнээ хараад айх цаг ирнэ, сайхан хувцас өмссөндөө бусад нь дургүйлхэнэ, бие биенээ амьд явахад битүүхэндээ дургүй болно, атаач сэтгэлтнүүд амьдралыг утгагүй санагдуулна. Хүнийг араатан амьтнаас дор үздэг атаа жөтөөний мунхаг бага боловч нимгэрч эхлэх тэр цаг үед хоёул дахин учрахын ерөөл талбитугай” хэмээн лам багш яриагаа өндөрлөв.

Гэтэл охин “Багш минь өчүүхэн намайг авралдаа багтааж аваад залраач” хэмээсэнд “тэгвэл, хоёул бүх ном судар, бурханаа энд үлдээж, эрдэм чадлаа нутаг усандаа шингээе” гэв.

Маргааш өглөө нь наран төгс мандахад багш лам нь “миний орхимжны үзүүрээс сайн бариарай” гэснээр охин орхимжноос зүүгдэн багш ламын хамт агуйн үүднээс огторгуй өөд солонго адил гэрлэн замаар оджээ. Ийнхүү тус агуйд багш ламын судар ном, бурхан тахил үлдсэн гэдэг.

 

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах