Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-өлгий аймгийн Алтанцөгц, Баяннуур сумдын заагт оршдог. Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4195 метр өндөр. Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг ландшафтын онцгой хэв шинжийг агуулсан. Энэ уул нь ан амьтнаар баялаг Монгол Алтайн нуруунд байдаг. Энэхүү Цамбагарав ууланд авиралт хийх болон явган аяллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тохиромжтой. Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш “Цамбагарав” хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг болтол хадгалагдаж байжээ. Цамбагарав уулын бүс нутгийн 111462 га газрыг 2000 онд “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.
Армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Монгол Улсын Улаан номонд орсон устаж болзошгүй болон хөнөөгдөж байгаа алтан гагнуур, дөрвөлсөн мөгөз, зэрлэг сонгино, вансэмбэрүү, балчингарав зэрэг ургамлаас гадна таван салаа, лантанз, агь, хүмүүл, мангир зэрэг эмийн ургамал байдаг. Амьтдаас дэлхийд болон Монголд ховордсон цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа, саарал чоно, урт сүүлт зурам, шар үнэг, суусар, цагаан үен, хярс зэрэг амьтад тархдаг. Шувуудаас нөмрөг тас, цармын бүргэд, алтайн хойлог, цэвдэгийн цагаан ятуу ихтэй.