“Дарьганга – Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт XII-XIY зуунд хамаарах 51 хүн дүрст чулуун хөрөгүүд бүртгэгдсэн байдаг. Хөрөгүүд нь түүх, соёлын гайхамшигт дурсгалууд юм. Эдгээр газруудын нэг болох Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45км зайд орших 6040.6 га талбай бүхий “Хөрөгийн хөндийн дурсгал”-ыг 2006 онд УИХ-ын тогтоолоор байгуулсан бөгөөд УИХ-ын 2019 оны 5-р сарын 2-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор ангилал дээшлүүлэн “Дарьганга - Байгалийн цогцолборт газар”-ын бүрэлдэхүүнд оруулж баталгаажуулсан.
Хойноос урагш чиглэлтэй нарийн хөндийн дунд байрлах 5 ширхэг хүн чулуун хөргүүд нь бусдаас ялгарах онцлогтой. Ямар нэгэн юм сандайлан сууж байгаа байдалтай, малгай гуталтай атлаа биедээ хувцасгүй нүцгэн, товгор хөх, эр хүний хүйсийн тэмдэг дүрслэгдсэн байдаг нь Түрэгийн үеийн болон дундад зууны үед хамаарах бусад хүн чулуудаас ялгардаг явдал юм. Хөрөгийн хөндийн өөр нэг байгалийн үзмэр бол хөргүүдээс зүүн хойш 2км зайд орших 40м орчим өндөр, 90 градус эгц ханатай “Бичигтийн шахаа” хадан хясаа юм.
Домгоор бол, Эрт цагт эл нутагт нэгэн ноёнтон албат ард, ахан дүүсийн хамт нутагладаг байжээ. Нэгэн удаа тэрбээр албат ардаа цуглуулан их ан авд гарч Хөрөгийн хөндийгөөр зээр хөөн авлаж хөндийн хойд үзүүрт байх Бичигт хэмээх эгц цавчим ангал руу хашин шахаж үй олноор нь хаднаас унаган хүйс тэмтэрчээ. Ноёнтон тэнгэрийн цээрлэл хүртэж удам угсаагаараа сүйрсэн гэдэг. Хөрөгийн хөндийд ноёны гэр бүлийг нутаглуулан эд хөрөнгийг нь дагалдуулан хийж хүн чулуу босгоод Бичигтийн хадан дээр “Хойч үеийнхэн ийм явдал дахин бүү гаргатугай” гэсэн утга бүхий бичгийг сийлэн үлдээсэн хэмээн ярьсаар иржээ. Тэдгээр нүцгэн хүн хөшөөдийг эл домогт холбоотой шунахай ноёны гэр бүлийг хойч үед жигшүүлэх зорилгоор бүтээсэн гэж үздэг.
Эх сурвалж: Монгол орны лавлах