Зорголхайрхан

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатараас 145 км, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс 138 км зайтай. Зүүн талаас нь харахад дээрээ угалзтай  юм шиг, урд талаас нь харахад суварга юм шиг харагддаг. Цул боржин чулуун хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 1668 метр өндөр. Хайрханы бараа харагдах газраас нэрийг нь хэлдэггүй. Эмэгтэй хүн оройд нь гардаггүй. Хайрханы баруун суган доор рашаан булаг урсдаг.
 
Өвөрмөц сонин тогтоцтой энэ ууланд том, жижиг гурван агуйт салбар уулс бий. Хамгийн томыг Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио хэмээнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахиж бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Хурдан морь уядаг уяачид морьтойгоо ирж “хийморио сэргээдэг” юм байна. Мөн Зоргол хайрханд Рашаантын ам гэж уул ус, ургамал мод жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Нутгийнхан Зоргол хайрханыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй хэмээнэ.

Домгоос үзэхэд, эрт үед илийгээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байв. Нэгэн өдөр эх согоо хоол хүнсэнд явсан хойгуур чоно ирээд илийг нь барьчих шахав гэнэ. Эх согоо арга саам хайж өдөр бүр илийгээ чулуу болгон хувиргаад хоол тэжээл олохоор явдаг болов. Эргэж ирээд өөрийн сүүгээ дусааж чулууг амилуулан хуучин төрхөнд нь буцаадаг байжээ. Айх зүйлгүй амар тайван хэдэн өдөр өнгөртөл нэгэн хон хэрээ нисэн ирж илийнийх нь дээгүүр  хэдэнтээ эргэлдэн сүүдрээ тусгачихжээ. Эх согоо буцаж ирээд сүүгээ дусаан илийгээ босгох гэтэл хэрээний сүүдэрт хиртсэн илий нь боссонгүй үүрд чулуун уул болон үлдсэн гэдэг.

Өөр нэгэн домогт, эрт урьдын цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж хандгай, буга, зээр, гөрөөс цөм өмнө зүгт туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг Их газрын чулуу болон тогтоход дараагийн сүрэг буга зогссон газраа Бага газрын чулуу болон үлджээ. Ижил сүргээсээ үлдэж хоцорсон ганц зоргол уул болон хувирсан нь одоогийн Зорголхайрхан уул гэдэг. Тэрхүү хоцорсон зоргол улдаж ядраад оцойсхийгээд ууртайхан зогсож байсан чигээрээ үлдсэн гэх бөгөөд эдүгээ уг хайрханыг догшин уул хэмээнэ.

Эх сурвалж: Ч.Буянбадрах Монгол орны лавлах