Ханхөхий - Хяргас нуурын Байгалийн цогцолборт газар (Төрийн тахилгат уул)

Хангайн нурууны хамгийн баруун талын салбар уулс болох Ханхөхийн нуруу, нөгөө талаас Хяргас, Айраг нуур, Завхан, Хүнгүй голуудын адаг тэдгээрийн эргэн тойрны цөлөрхөг гандуу хуурай орчныг хамарсан нутаг юм. Байгалийн эрс тэс хэв шинж тод ялгаран хосолсон бүс юм. Хангай говь зэрэгцэн цөлөрхөг, гандуу хуурай орчин үүсгэдэг боловч нуур ус хоршин оршиж өвөрмөц хэв шинжийг бий болгосон байдаг. Энэхүү байгалийн өвөрмөц нутгийг хамгаалах, зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дэвсгэрт орших Ханхөхийн нурууг Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумдын нутаг дэвсгэрт орших Хяргас нуурын орчмын газар нутгийг хамруулан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор “байгалийн цогцолборт газар” ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Ханхөхий - Хяргас нуурын байгалийн цогцолборт газар нь хоорондоо эрс тэс ялгаатай газрууд юм. Ханхөхийн нуруу нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон байгалийн өвөрмөц хослол бүхий газар бөгөөд ховор ургамал, ан амьтан, түүхийн дурсгалт зүйлс ихтэй. Их нууруудын хотгор луу түрж орон Увс, Хяргас нуурын хотгорыг зааглан оршдог. Ханхөхийн нуруу нь Хангайн нурууны баруун төгсгөл боловч хотгорын нөлөөнд өмнөд хажуу нь нэлээд автсан учраас Хангайн нурууны газарзүйн нийтлэг төрхөөс ихээхэн ялгаатай. Уулын ар хажууд нуга, тайга, ойт хээр тархсан байхад, өмнөд хажууг нь хуурай хээр бүрхсэн байдаг. Энэхүү янз бүрийн хослол нь Ханхөхийн нуруунд экологийн өвөрмөц орчинг бүрдүүлдэг төдийгүй байгалийн биеэ даасан мужийг үүсгэдэг онцлогтой.

Уур амьсгалын онцлогтой уялдан Ханхөхийн нуруунд хөрс ургамалжилтын бүслүүрийн өвөрмөц хэв шинжүүд бүрэлдэн тогтжээ. Усны хагалбарын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг бөгөөд Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Овт, Их гол, Арснаг, Хустайн голууд, тэдгээрийн цутгал болох олон жижиг гол горхи эх аван урсаж Увс нуурт цутгана. Энэхүү байгалийн цогцолбор газарт Урт булаг, Ичгэний гол, Хүрээ асганы, Мухарын рашаан, Хар тэрмис хэмээх хэд хэдэн рашаан бий. Нутгийн ардууд элэг цөс ходоод болон таван цул эрхтний өвчнийг анагаахад ууж хэрэглэдэг байна.

Ханхөхий нурууг 2205 кв.км талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 кв.км талбайгаар хамгаалалтанд авсан. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. Ханхөхийн нурууны хамгийн өндөр оргил нь Дуулга уул бөгөөд д.т.д 2928 метр өндөр.

YI-YIII зууны үед Түрэгчүүд Монгол газар нутаглаж байхдаа Отгонтэнгэр уулаас гадна Ханхөхий уулыг тахин шүтэж байсан тухай баримт байдаг. Хожим 1905 онд Жалханз хутагт Дамдинбазар Ханхөхийн тахилгат овоог шинэчилж хуучин нэрийг нь сольж, олон лам нараар ном уншуулан хуурын магнай дуугаар ая барихад тэр өдрийн үдшээс хур бууж ган тайлагдаж байсан тухай хошууны ноён Лу гүн бичиж үлдээжээ. Энэ хошууны ард түмэн Жалханз хутагт, Дилав хутагт, Наробанчин гэгээн нарыг нутагтаа морилон ирэх бүрт уул овоогоо тахидаг байв. Ханхөхий уул нь 33 овоотой хэмээн түүхчид тэмдэглэн үлдээжээ. 2007 оны 7-р сарын 26-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлиг ёсоор энэ уулыг дөрвөн жилд нэг удаа тахихаар болсон бөгөөд 2008, 2012, 2016, 2020 онуудад тахилгыг үйлджээ.

Төрийн тахилгат уул болгох зарлиг бичигт “Элэнц хуланцаас үүсэлтэй энэ сайхан нутгийн сав шим бүхнийг сайтар тэтгэж, буян хишигт мал сүргийг маань үржүүлэн өсгөж, үйлс зорилго нэгт үндэстэн ястан ард түмний маань заяа буяныг тэгшитгэн хорлол цээрлэл барцад саадгүй хотол даяараа энх тунх эв найртай оршин, далай мэт арвин, тэнгэр мэт тэнүүн жаргаахын өлзий хутгийг дэлгэрүүлж бүрэн улс, сүлдэт төрийг минь бат энх, өнө мөнхөд мандуулахыг сүсэглэн даатгаж айлтгая. Цаглашгүй буянт тугийг өргөн соёрхохыг цагаан тугийн их үйлсийг эзэгнэн захирагч Ханхөхий уулын тэнгэр та таалан болгоогтун. Арвандолдугаар жарны шороон хулгана жилийн зуны адаг сарын шаргачин хонин сарын билэгт сайн шаргачин хонь өдөр” хэмээжээ.

Ургамал, амьтны нөөц: Уулын оройн хэсгээр бушилзат, улалжит бүлгэмдэл байхаас гадна тайгад нь хуш шинэсэн ой зонхилно. Голуудын хөндий дагуу хус, бургас, улиас элбэг байдаг. Эмийн ургамлаас юмдүүжин, алтан гагнуур, алтан хундага, таван салаа, эмийн бамбай, сөд цээнэ элбэг ургана. Мөн самар, үхрийн нүд, тошлой, хад, аньс, гүзээлзгэнэ, улаалзгана зэрэг жимс жимсгэнэтэй. Тус цогцолбор газрын 41600 орчим га талбайд ой тархсан бөгөөд гол төлөв хуш, шинэсэн ой зонхилно. Буга согоо, бор гөрөөс, гахай, шилүүс, чандага, туулай, үнэг, чоно, хярс, дорго, нохой зээх, мануул, тарвага зурам элбэг тохиолдоно. Мөн тоншуул, хур сойр, ятуу хөтүү, тас бүргэд зэрэг шувуудтай. Сонин тогтоцтой боржин хад цохио, сэнжит хад, эгц цавчим хажуу бүхий хавцал зэрэг байгалийн дурсгалаас гадна хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн дурсгалт зүйл багагүй байдаг.

 

ХЯРГАС НУУР: Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт оршдог. Нуурын гадаргын талбай нь 1407 кв.км, хамгийн урт нь 75 км, өргөн 31 км, дундаж өргөн нь 19 км, усны мандал нь д.т.д 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учраас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 км байдаг бол Чацарганы шугам нь 4 км, Могойн шугам нь 5 км байдаг.

Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар-Ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган кв.км уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс “Нуурын хоолой” гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.

Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Хяргас нууранд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 кв.км талбайтай бөгөөд Айраг нуурыг  Хяргас нуураас 50-80 метр өндөр урт ухаа толгодоор тусгаарлаж байдаг. Нуурын хоолойн урт 5 км, өргөн 200-300 метр юм. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмисийн рашаан хэмээх амралт сувиллын газар ажилладаг бөгөөд дотор өвчин засах рашаан уснаас гадна эмчилгээний чанартай шавар бүхий юм.

Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. “Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирж аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг” хэмээнэ.

Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 км, Завхан сумаас 60 км зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 км үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, шар загас элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах