Хангайн нуруу - Байгалийн цогцолборт газар

Монгол орны нутгийн төв хэсгээр Завхан аймгийн нутгаас Төв аймгийн нутаг хүртэл 700 орчим км үргэлжилсэн том нуруу бөгөөд дэлхийн усны хагалбар болдог. Хамгийн өндөр оргил нь д.т.д 4021 метр өндөр Отгонтэнгэр уул юм. Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутгийн заагаар орших гол нурууны уулын нуга, уулын хээр, ойт хээрийг 1996 онд 888455 га газрыг хамруулан тусгай хамгаалалтанд авсан. Хангайн нуруу нь Монголын хамгийн их хур тунадас унадаг бүс бөгөөд байгалийн ерөнхий тэнцвэрийг хадгалж улмаар ой тайга, говь цөлийн тархалтын хүрээг хязгаарлаж байдаг бие даасан их мужийг үүсгэнэ.

 

Тус байгалийн цогцолборт газрын хангайн хэсэг буюу уулын ойт хээр нь ихэвчлэн уулын ар хажуугаар байрладаг. Харин нам газраар нь хээрийн ландшафт тархсан өвөрмөц онцлогтой. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут зэрэг сумдын нутаг дахь Хангайн уулархаг мужийн хотгор гүдгэр нь хоорондоо эрс ялгаатай, эрт цаг үеийн уул хэлбэржин тогтох үйл явцын дунд үүссэн. Хотгор гүдгэрийн анхдагч томоохон хэлбэр үүсч, улмаар тэдгээр нь байгаль цаг уур, нар салхины нөлөөгөөр өөрчлөгдөж одоогийн Хангайн уулсын гадаргын хэлбэрийг бий болгосон байна.

 

Геологийн тогтоцын хувьд дэлхийн гадаргын гүнд бий болсон маш эртний талсжсан чулуулгийн боржин давхаргадаст хамаарна. Эдгээр чулуулаг нь халуун шингэн хайлмаг газрын гүн рүү нэвчин орж царцалт хатуурал явагдсанаас үүссэн гэж үздэг. Хангайн уулс нь бүтцийн хувьд янз бүрийн цаг үед тогтсон чулуулгаас тогтох бөгөөд ихэвчлэн 570-225 сая жилийн өмнөх палеозойн үеийн боржин чулуулгийн иж бүрдлээс тогтоно. Харин хамгийн эртний чулуулгын давхаргадас нь Хангайн нурууны өмнөд хилээс баруун хэсэгт зарим нэг уулс ээлжлэн хөдөлгөөнд орж уул үүсэх үед каледоны атриат бүс үүсгэсэн байна.

 

Хангайн нурууны цасан бүрхүүлийн зузаан дунджаар 5-10см, хамгийн зузаан нь 40-50см байдаг. Ихэнх нутагт  олон жилийн цэвдэг үргэлжлэн тохиолдох ба уулсын ар хажуугийн хотгор хөндийд цэвдэгт үеийн зузаан нь хэдэн арван метр гүнээр хэмжигдэнэ. Хангайн нурууны БЦГ-т уулын ба ойт хээрийн хар хүрэн, хүрэн хөрс, аллювын нугын хөрс, өндөр уулын тагийн хэсгээрээ тайгын цэвдэгт ба ширэгт, хүлэрхэг хөрс, уулын нугын ба хар шороот, хар шороот маягийн хөрс зурваслан тархаж эх чулуулгийн илэрцтэй алаглан тогтоно. Уулын дээд, дунд хэсгээр ялангуяа ар талын ойгоор бүрхэгдсэн нутагт ойн саарал, бараан өнгийн хөрс зонхилохоос гадна энд хээржүү цөлийн бор хөрс зонхилох ба урд захаараа нунтаг карбонаттай хүрэн хөрстэй. Ургамалжилтын хувьд хуурайсаг сөөгөнцрүүд бүхий жижиг бутат үетэн зонхилно. Хужаа мараа бүхий тойромтой.

 

Хангайн нуруунд одоогийн байдлаар 1214 зүйл ургамал бүртгэгдсэний 1062 зүйл нь өвслөг, 151 нь модлог, сөөглөг ургамал байна. Хангайн нуруу нь амьтны аймгийн хувьд биеэ даасан муж болох нь 1970, 1980-аад оны эхээр нэлээд эрчимтэй явагдсан судалгаагаар батлагддаг. Сибирь, Төв Азийн хооронд оршдог амьтны зүйлүүдийг агуулдаг онцлогтой. Одоогоор энд 33 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн. Энэ бүс нутагт Монгол Улсын Улаан номонд орсон халиун буга, аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс гэх мэт амьтад бий.

Хангайн нуруу нь Төв Азийн цөл, Алтай Соёны уулс, Дагуур Монголын хээр, Их Хянганы уулс зэрэг байгалийн их мужуудын уулзвар заагт байрлах өвөрмөц нутаг юм. Хангайн нурууны БЦГ-т төрийн тахилгат Отгонтэнгэр болон Суварга хайрхан уул бий. Хангайн нуруу нь агаарт дэгдсэн их хэмжээний чийгийг өөртөө шингээн үлдээдэг учраас рашаан булагийн ундарга ихтэй, мөн олон том голууд эх аван урсдаг байна. Тухайлбал, Орхон, Хануй, Чулуут, Идэр, Тамир, хоёр Тэрх, Онги, Түй, Байдраг, Завхан зэрэг голууд болно. Хангайн нурууны өврөөс эх авсан голууд говийн таван нууранд цутган говь нутгийн амьдралыг тэтгэгч эх болдог. Харин хойд зүгт Орхон гол Сэлэнгэ мөрөнтэй нийлж Байгаль нуурыг тэтгэнэ.