Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутагт Хайлангийн хөндий хэмээх газарт сумын төвөөс баруун тийш 80 км орчим зайд олон тооны булш байх ба түүнийг Хайлангийн дурсгал гэдэг. Буган чулуу, хүн дүрст хөшөө, дөрвөлжин булш зэрэг хүрэл зэвсгийн үед хамаарах томоохон дурсгал бөгөөд нэгэн цаг үед хамаарах өөр өөр чулуун дурсгалууд нэг дор бөөгнөрсөн байх нь ховор юм.
Хайлангийн дурсгал нь Монголын дорнод бүс дэх хүрэл зэвсгийн үеийн соёл, түүхийг өгүүлэх дурсгал төдийгүй дөрвөлжин булш нь гадаад хэлбэр зохион байгуулалтаараа нэлээд эртний шинжтэй, оюуны болон эд өлгийн соёлын чухал өвд тооцогддог. Хайлангийн дурсгалын нэг хэсэг болох Дэлгэр нуурын баруунтаа орших 2 том дөрвөлжин булшны урд талын хашлага чулууны гадна талд буга, зээр, гөрөөс, шувуу, үнэг зэрэг амьтдыг сийлсэн байдаг. Мөн энэ булшны зүүн талд гадаргуу дээр нь шулуун зураас татсан чулуу сул хэвтээ байдлаар олдсон.