Ёлын ам

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотын баруунтаа Говь гурвансайхан хэмээх хүрмэн чулуун уул бий. Түүний Зүүнсайхан ууланд Ёл шувууны нэрээр нэрлэгдсэн нарийн хавцал байх агаад далайн төвшнөөс дээш дунджаар 2800 метр өндөр. Дархалсан талбай нь 64 хавтгай дөрвөлжин километр. Зүүнсайхан уулыг баруунаас зүүн хойш сэтлэн урссан гол дагуу үүссэн нарийхан хавцал юм. Хавцлын голоор урсах жижиг горхи нь өвөл мөсөн бүрхүүлээр хучигдана. Жилийн турш мөстэй байдаг байсан боловч сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан ихэнхи хэсгийн мөс нь хайлдаг болжээ.

 

Хавцлын нар тусахгүй зарим газарт 1 метрээс ч илүү зузаантай мөс үлддэг. Бороо хур ихтэй жил хавцлын дээрээс 4 хүрхрээ урсан орж ирдэг байсан ором бий. Нар тусахгүй сүүдэр бүхий сэрүүн газрууд олон байдаг учраас өвлийг санагдуулам сэнгэнэсэн хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг. Хавцлын ёроолоос дээшээ харахад тэнгэр тээр дээр зөвхөн нарийн цэнхэр зурвас мэт харагддаг. Зарим хадан хана нь 200 метр хүртэл өндөр элгэн эгц байдаг. 

 

 

Ёл шувуу: Зөвхөн төв Азид байдаг Монголын дархан цаазат шувуу бөгөөд 1500-3000 метрийн өндөрт оршдог ховор шувуу. Жигүүр нь 2.5-3 метр хүрнэ. Нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий толгой нь цайвар, эрүүн доороо сахалтай. 1700 метрээс дээш өндөрт үүрээ засдаг, ихэвчлэн 2 дугаар сард хоёр өндөг гаргадаг. Амьтдын сэг ясаар хооллодог.