Хар мод

Монгол оронд Сибрийн хар мод голчлон ургадаг. Хар модны уг нь 2.5 диаметртэй, 50 хүртэл метр өндөр ургадаг, 700-1000 жилийн настай байдаг. Хар мод 10 жил болж байж үрээ цацдаг.  Ширхэг нь бүдүүн, хатуу учир нарийн хийц эдлэлд тохиромжгүй. Харин барилгын яс мод, морины уяаны шон, хашаа саравч мэт бүдүүн хийцтэй зүйлд ашиглахад тохиромжтой, эдэлгээ удах тусмаа чилж хатуурна. Түлшинд хэрэглэхэд утаа тортог багатай, илч сайтай байдаг. Хар модыг олон жил тогтмол усанд байлгаснаар хүрэнтэж хатуурдаг бөгөөд түүнийг сум мод гэж нэрлэх явдал ч бий. Хар модыг сайн өнгөлж хатууруулбал сум модноос дутахгүй бөх бат чанартай. Хар мод нь хамгийн олон талын ашигтай байдаг байна. Механик гэмтэлд хамгийн тэсвэртэй, хатаасан хар модоор хийсэн зүйл ялзарна гэж байдаггүй. Тийм учраас хар модоор хийсэн барилга байгууламж хэдэн зуун жилийн настай байдаг байна. Цэцэрлэгийн тавилга, явган хүний зам, шалны банз, цонхны рам, хаалга, хана, хэв маяг гаргасан дизайнлаг бүтээгдэхүүн хийдэг.  Хар модны холтсыг нүдэж нунтаглаад шагай, арьс зэргийг буддаг. Мөн зузаан холтсыг нь үрж тээрэмдэн хандлаад, марлиар хэд дахин шүүсний дараа ууж хэрэглэвэл зүрхний өвчинд тустай. Өтгөн кофе шиг болох бөгөөд бага зэрэг давирхай амттай байдаг. 

 

Эх сурвалж: Монгол орны лавлах