Аглаг бүтээлийн сүм

УБ хотоос баруун хойш 100 км засмал замаар явж хүрэх зайд, Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далийн ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны танин мэдэхүй, эргэл мөргөл, байгалийн аяллын ариун дагшин газрыг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн танигдсан урлаач Г.Пүрэвбат бөгөөд эл газрыг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Аглагийн хийдийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Хөх, цагаан, улбар шар өнгийн суваргууд байх ба Хөх өнгөөр монголчуудыг ивээгч сахиус Очирваань бурханыг, цагаан өнгөөр аливаа аюулаас аврагч Чагши Жанрайсиг бурханыг, улбар шар өнгөөр оюун ухааныг дээдлэгч Манзушир бурханыг төлөөлүүлжээ. Асарт хаалгаар нэвтрэхийн тулд 5000 төгрөгний хураамж төлнө. Машины зогсоолоос цааш тусгайлан зассан явган хүний шат бүхий замаар гол сүм хүртэл алхана. Замын эхэнд нэгэн булаг байх ба түүнийг хамгаалан жижиг сүм суварга хэлбэрийн байшин барьж, гадагш цорго гаргажээ. Ходоод гэдэсний эмгэгт сайн гэх тус рашаанаас халуун өдөр ундаасаж цангавал хүртэх боломжтой.

Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад гэх өвөрмөц тогтоц, хэлбэр дүрс бүхий хад, мод, чулуунууд, эд баялгийн Замбала бурхан, Монголыг даасан сахиус Очирваань бурхан, гэгээрсэн Будда, оюун ухааны Манзушир, нас уртасгагч Цагаан дарь эх, тэнгэрээс буусан сүм, Алтан будда, Цагаан өвгөн сахиус, хэвтээ Будда гэх мэт бурхадын дүрүүдийг үзэж танилцан аялснаар тус хийдэд зорчих ариусал мөргөлийн аялал өндөрлөнө.

Гарьд уулын энгэр дэх өвөрмөц хад чулууны тогтоцыг урам сэтгэмжээр хөглөн арслан биетэй, хангарьд толгойтой амьтны дүрсэд хувирган “Арслан гарьдын хүү найман хөлт арслан” урлажээ. Буддын шашны үлгэр домогт сүм хийдийн хамгаалагч амьтадаар арслан, хангарьд зэрэг амьтад өргөмжлөгдсөн байдаг учраас тус сүмийн хамгаалагч гэдэг утгаар бэлгэдэн бүтээсэн гэдэг. “Газрын даруулга яст мэлхий” нь эртнээс нааш монголчуудын шүтэж ирсэн урт удаан нас, амар амгалангийн бэлгэдэл болно. Хийдийн зүүнтээ загасан толгойтой, халиу биетэй “Үст загас” хэмээх чулуун сийлбэр байх ба эдгээр хоорондоо үл зохицогч амьтадыг ийнхүү эвлүүлэн тавьсан нь “сайныг бэлгэдсэн учиртай” хэмээн бурханч ламтан өгүүлсэн. Сүмийн өмнөх талбайд олон төрлийн сарнайн модыг тарьж ургуулсан байдаг.  

Гол сүмийн дотор талд ургаа том чулуу байх агаад түүнийг “Өөрөө үүдсэн ширээ” хэмээнэ. Анх сүмийг барихаар буурь засах гээд тэрхүү чулууг зүсэж хагалан авахаар завджээ. Гэтэл гэнэт түймэр дэгдсэн гэдэг. Бурханч лам тэр шөнө нөгөөх чулууг тод зүүдэлжээ. Тэрхүү чулууг хөдөлгөж болохгүй юм байна хэмээн ойлгоод сүмийнхээ дотор талд үлдээн Жанрайсиг бурханы зүрхэн тарни “Маанийн зургаан үсэг”-ийг сийлсэн.

 

 

Сүмийн хойморт “шамбалын орон буюу оюун ухааны орон”-ыг урлан бүтээж Бурхан багш, Язгуурын таван бурхан, Цагаан дарь эх гэх мэт олон энэрэнгүй бурхадын баримал дүр, тэдэнд өргөл болгож олон өнгийн чимэглэл бүхий балингуудыг засаж чимэглэсэн. Түүний баруун хананд эмэгтэйчүүд, тэр дундаа эх хүүхдийг авран нигүүлсэх Ногоон дарь эхийг залсан бол эсрэг талд нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, аливаа муу бүхнээс авран хамгаалах, эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж, амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус Балданлхам бурхан, хүний энэ насны явдлыг шүүн тунгаадаг Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо бурханы дүрийг залсан байдаг. Мөн тус сүмд буддын шашны их хөлгөн судрын хураангуй Ганжуур, дэлгэрэнгүй сургааль Данжуурыг хүндэтгэн өргөжээ. Аглаг бүтээлийн сүмд эдгээр бурхадыг уламжлалт танка буюу шороон будгийн зураг, торгон зураг буюу зээгт наамал, зэсээр цутгаж алтдах, цаасаар шуумалдаж бүтээх зэрэг бурхан бүтээх бүхий л аргаар урласан бүтээлүүд буй. Мөн бурханч лам Г.Пүрэвбат лам болон түүний шавь нарын урласан эрт галавын үед л байсан болов уу гэхээр мутант хэлбэрийн луу, арваалж, лус, савдагийн дүрслэлүүдийг үзэж болно. Монгол орны энд тэндээс олдсон элдэв хэлбэрт чулуу, модны үндэс, өвөрмөц байгалийн бусад зүйлсийг ашиглан бурханч ламтан бясалгалын зүүд нойрондоо харсан үлгэр домгийн мэт хийсвэр амьтдыг урлан бүтээж тавьжээ.     

Сүмийн 2 дугаар давхарын гол танхимд Монголын сүүлчийн хаан, YIII Богд хаан Жибзундамба, хатан Дондогдуламын хөрөг, бурханч ламтан Г.Пүрэвбатын урлахуйн ухааны хоёр их багшийн хөрөг дүрийг залсан байдаг. Баруун талын өрөөнд сонин содон зүйлийн музей байх агаад бурханч ламын цуглуулсан, этгээд хачин амьтдын “жинхэнэ” үзмэрүүд бий. Тухайлбал, анаконда аварга могойн арьс, аварга матрын арьс, ганц эвэртэй морины гавал, 4 эвэртэй хуц, 6 эвэртэй бор гөрөөс, 1 эвэртэй янгир, 6 соёотой гахай, эвэртэй туулай, цэцгэн эвэрт гөрөөс, 5 толгойтой загас гэх мэт сонин содон амьтдын үзмэрийг олдсон газар усны нэртэй нь хамт танилцуулан дэлгэсэн байна. Мөн Гарьд уулын “эзэн савдаг” хэмээх шувуун далавчтай, хүний биеийн дүрстэй, этгээд хачин бэлэг эрхтэнтэй амьтныг бүтээжээ. Бурханч лам Г.Пүрэвбат үе үе удаан хугацаагаар тус газар оронд бясалгал үйлдэн байх үест энэхүү хийд буй эргэн тойрны уул хангайн бүхий л эзэд, тэдний элч амьтдыг бясалгалын зүүд нойрондоо харсан хэмээнэ.

Аглаг бүтээлийн хийдийн “адал явдалт явган аялал” сүмийн ард байх “дархлагдсан мод”-ноос эхэлнэ. Хатаж гандсан модны мөчрөөс нэг мөчир салаалан гарч, саглагар ногоон болон ургажээ. Тийм учраас тус модноос урт нас, эрүүл энхийг хүсэн залбирдаг. Сүмийн орчинд хэрхэн аялах талаар замчилах жим үүсгэж байгалийн шат хийсэн байдаг тул түүнийг даган алхана. Замын хувьд цастай, бороотой үед хальтиргаа гулгаа үүсгэж мэдэх, салхитай үед шороо тоос босгож мэдэх зөөлөн хөрстэй. Дархлагдсан модны дараа “зуурдын хавцгай”, “арга билгийн шүтээн”, “эргэх хавцал” гэх мэт байгаль эхийн урлангуудаар зочилж тойрч, шургаж, магадгүй мөлхөж гарна. “Арга билгийн шүтээн” гэх хад нь холоос харахад эмэгтэй хүний хэлүү мэт хэлбэртэй бөгөөд дундах завсарт нь бурханч ламтан эр хүйсийн тэмдэгийг урлаж тавьсан байна. Ламтаны хэлснээр энэхүү “арга билгийн шүтээн”-д мөргөж залбирах учиртай бөгөөд “дараа төрөлдөө өндөр дээд төрөлд мэндлэх”-ийг хүсдэг гэнэ. “Эхийн сав” хадны зүүн талаас шургаж орон баруун тийш гарсан нүхээр мэндэлж гарах ёстой. Энэхүү хадаар шурган гарснаар тухайн хүний энэ насандаа үйлдсэн нүгэл хилэнц, мунхаг сэтгэл арилна. Хад руу шургаж орсон бол буцаж болохгүй ба зайлшгүй мөлхөх шаардлагатай болно. 

“Ембүү хад”-ыг нар зөв гурав тойрон олз омог дуудаж хүсдэг.  “Лам хад” нь холоос харахад завилаад сууж буй хүн шиг харагдана. Хувраг хүнд мөргөж буй үйлдэл хийж бурханы шашин мандан бадрахын хүслийг шивнэх учиртай аж. “Тэнгэрийн нударга хад” хэмээх хаданд зангидсан гараар цохичихсон юм шиг хэв үлдсэн байдаг. Түүнийг эрч хүчний бэлгэдэл болгон шүтэх учиртай. “Мөр хад”-нд өөрийн нэг хөлөөр гишгэж, явж буй зам харгуйгаа аюул осолгүй байхыг хүсэж гуйдаг гэнэ.

Аглаг бүтээлийн хийдэд зочлохдоо элдэв хадаг яндар, архи сүү, арц хүж, идээ будаа авчрах шаардлагагүй аж. Учир нь сүмийн орчинд хог хаягдал үүсэж, элдэв эхүүн муухай үнэр танар бий болно хэмээн сэргийлдэг. Хамгийн гол нь цэвэр агаар амьсгалан, тархи оюунаа амраан, бурханы шүншиг аравнай оршоосон хад чулуу, бурхад, сүмийн орчноос сайн сайхан энерги, эрч хүчийг авах нь л чухал ажээ. Мөн хийдийн орчинд туулай, могой, галуу, тахиа, нохой гэх мэт амьтад аялагч олон түмнээс айж цочих аюулгүй амьдарцгаадаг. 

Тэмдэглэсэн Ч.Буянбадрах