Рашаант хот

БНХАУ-ын Хянган аймгийн Рашаант хот 2019 онд ЮНЕСКО-гийн дэлхийн геологийн паркаар сонгогдож, БНХАУ-ын 34 дэх “Дэлхийн геопарк” болсон. Рашаант хот нь Их Хянганы нурууны баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд галт уулын гадарга, халуун рашаан, янз бүрийн хэлбэрийн боржингууд, өндөрлөгийн гол горхиуд, гүн өтгөн ойн бүслүүр бүрдүүлдэг. Рашаант хот нь эдгээр геологийн дурсгалт газруудыг шинжлэх ухааны судалгаанд оруулснаас гадна ногоон аялал жуулчлалыг хөгжүүлсэн ӨМӨЗО-ны шинэ нэрийн хуудас болох зорилтыг тавьсан.  Рашаан хотын дарга “Нээлт, хамгаалалт, бүтээн байгуулалт, хамтдаа хөгжих” гэсэн уриатайгаар урагшлах болно гэж мэдэгдсэн юм.

Халуун, хүйтэн эмчилгээний чанартай рашаан устайгаараа алдартай учир Рашаант гэж нэрлэгдсэн. Цөөн хүн амтай, уулсын хотгорт орших бөглүү хот боловч албан хэргийн бизнес жуулчид, рашаанд орж амрах жуулчдыг хэдэн саяар нь татаж чаддаг. Рашааны музейд нь 20 орчим халуун хүйтэн, найрлага нь өөр хоорондоо ялгаатай бөөрний, зүрх судасны, мэдрэлийн, ходоодны гэх мэтээр ангилагдсан байдаг. Хятадын удирдагч Ши Жинпинь ганц удаа айлчилж ирэхдээ “аялал жуулчлалын хот болгон хөгжүүлэх газар байна” хэмээн онцолсноор гэрлийн хурдаар хөгжиж буй газар юм. Хүн ам цөөн тус хотод нам гүм ноёлох боловч зочид буудлууд их. Буудлуудын орчин дахь гол горхи, ой мод бүхий байгалийн үзэсгэлэнг ашиглан цэцэрлэгт хүрээлэн байгуулж намуухан симфони хөгжим сонсонгоо алхах явган зам, саатаж суух орчин, усны дуу чимээ сонсох далан, нуурын мандал дээр зогсох тавцан гэх мэтээр тохижуулж зассан байдаг.

Рашаант хот нь баруун талаараа Монгол улсын Дорнод аймагтай 93.4 км хиллэдэг, 70 мянган хүн амтай. Хянган аймаг, Шилийн гол аймаг, Хөлөнбуйр хотын уулзвар газарт байрладаг, Эрээн, Манжуур хотын дараа гуравдугаарт орох хилийн боомт хот юм. Монгол, хотон, хятад, манж зэрэг 13 үндэстэн оршин суудаг,  онцлогтой.