Алтан хундага

Дэлхийд 40 орчим төрлийн алтан хундага ургах бөгөөд дийлэнх нь алтан шар цэцэгтэй байхад зөвхөн Монголд ургадаг нь цав цагаан цэцэгтэй. Архангай аймгийн Булган, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Хөвсгөл аймгийн Арбулаг суманд бий. 10-35 сантиметр өндөр ургадаг олон наст ургамал. Гол иш нь бүдүүн, хүрэн өнгөтэй бөгөөд түүнээс салаалж цайвар ногоон өнгийн нарийн шилбэнүүд гардаг. Хаврын яргуйтай бараг нэгэн зэрэг дэлбээлдэг, шар гол бүхий гоёмсог цэцэгтэй бөгөөд нэг нэгээрээ байрладаг. Навчнууд нь зууван, 2-5 миллиметрийн урттай. Алтан хундагыг Монголын анагаах ухаанд эртнээс нааш хэрэглэж ирсэн бөгөөд зүрх судасны олон төрлийн өвчинд тустай гликозид хэмээх бодис агуулдаг. Хавар ид цэцэглэж байхад нь хайч, гар хадуураар хадаж аваад сүүдэр бүхий сэрүүн газар дэлгэж хатаана.  Харин үндсийг нь ухах юмуу, зулгааж түүх нь энэ ургамлын цаашдын үржилд хор хохиролтой. Зүрхний өвчинд хэрэглэхдээ тун хэмжээ алдаж болохгүй. Хүндээр хордуулах аюултай.

Эх сурвалж: Монгол орны лавлах