Хөвсгөлийн омоль

Май загасны баг хулдын овгийн энэ загас нь Монгол орны ховор загасны нэг юм. Байгаль нуурын унаган амьтдын нэг бөгөөд 1956 онд анх Байгаль нуураас 14 сая жарамгайг зөөвөрлөн авчирч Хөвсгөл нуурын Ханхын буланд нутагшуулсан. Энэ загас нь сайн чанарын амтлаг мах, түрстэй орчны өөрчлөлтийг сайн тэсвэрлэх чадвартай юм.  Хөвсгөл нуурын 0-25 м гүнээр тархан амьдарч, ёроолын ба хөвөгч амьтан ургамлаар хооллодог. 6-7 насандаа үржилд ордог. 9 дүгээр сарын эхээс 10 дугаар сарыг дуустал цутгалаг голуудыг сүрэг сүргээрээ өгсөж усны температур 2-1,4 градус хүртэл буурахад түрсээ шахдаг. Нэг Хөвсгөлийн омоль наснаасаа шалтгаалан ойролцоогоор 15-86 мянган түрс шахдаг. 1-4 нас хүртлээ голчлон хөвөгч амьтнаар, 5 дээш насных нь хөвөгч болон ёроолын элдэв амьтнаар хооллодог.