Мануул (Otocolobus manul, Pallas 1776)

Биеийн галбир, хэмжээ, зүс: Мануул жижиг биетэй зэрлэг муур. Мөч богино бахим. Биеийн урт 50-62 см, сүүлний урт 23-31 см, чихний урт 4-6 см. Биеийн жин 2.5-4.5 кг. Зүс саарал ухаагаас шаравтар бидэр, толботой. Сүүл богино хар бараан гархи маягийн хөндлөн судалтай. Амьдралын онцлог: Мануул гол төлөв бүрэнхий, шөнийн идэвхтэй. Ганц нэгээр тохиолддог, нуугдмал амьдралтай. Мануул үлийн цагаан оготно, чичүүл, огдой, барагчин, зурам, шишүүхэй зэрэг жижиг хөхтөн амьтны зэрэгцээ мөндөл, туулайн бүжин, жижиг шувуугаар хооллоно. Тарваганы эзэнгүй орхисон нүх, хад чулууны хонгил, ангал жижиг агуй зэрэгт үүрлэнэ. Ороо нийллэг хавар 2-р сард болно. Хээл тээх хугацаа дунджаар 65-67 хоног. Эм мануул 3-6 ногоолой төрүүлнэ. Хоёр настай бэлэг боловсорно. Байгальд 10 хүртэл жил наслана. Амьдрах орчин: Мануул ойт хээр бүх хэв шинжийн хээр, хад чулуут бэсрэг уулс, өндөр уулархаг нутаг, говь цөлийн хадат уулсаар тохиолдно. Хуурай, гандуу, задгай нутгаар байршимтгай.