Хэвлэх үйлдвэр

Төрийн ордны зүүн талд байх хоёр давхар барилгад 1990 он хүртэл БНМАУ-ын Хэвлэлийн төв үйлдвэр байсан бөгөөд бүх төрлийн ном, сонин, сэтгүүл, сурах бичгийг хэвлэж байжээ. 1923 онд Засгийн газраас Ардын гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаанд хэвлэх үйлдвэр байгуулах ажлыг даалгаж, 24 алхам урттай, 12 алхам өргөнтэй нэг дан байшин барихад зориулж 30000 лан мөнгө зарцуулах зөвшөөрөл олгосон гэдэг. 1926-1927 онд хэвлэх үйлдвэрийг хоёр давхар барилга болгон өргөтгөх ажлыг герман гаралтай орос инженер Курт Альфредевич Кавельмахер удирдан гүйцэтгэжээ.

Анх 1912 онд Гадаад явдлын яаманд жижиг хэвлэх үйлдвэрийг байгуулж 3 машин, 7 ажилчин ажиллуулснаар Монголын хэвлэх үйлдвэрийн суурь тавигдсан гэдэг. 1920-иод онд Германд монгол үсгийн машин захиалж хийлгүүлэн авчруулж байсан бол дараа нь байгуулсан Хэвлэлийн төв үйлдвэр хөгжлийнхөө явцад хоёр ч удаа германы тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

1956 онд БНАГУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Отто Гротевол Монгол улсад айлчлах үед хэвлэлийн машин нийлүүлэхээр болж, энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхээр 5 монгол залуусыг БНАГУ-д сургахаар явуулсан ажээ.

Эдүгээ тус хэвлэх үйлдвэрийн барилгыг “Таван богд групп” нээлттэй дуудлага худалдаагаар өөрийн эзэмшилд аваад байгаа аж. 1929 онд байгуулсан хуучин төрхийг нь хадгалан орчин үеийн загвар дизайны шийдэлтэйгээр хослуулан сэргээж “Галерей Улаанбаатар” нэртэй худалдаа, үйлчилгээний төв байгуулагдаад байна.