Буянт Ухаа

Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын наад талын ухааг “Буянт ухаа” гэдэг. Нийслэл хотод орж ирдэг “Босгын дөрвөн өртөө” байв.

  • Өмнө зүгээс ирж буй зорчигчид “Сонсголонгийн өртөө” (Буянт-Ухаагийн хойд үзүүрийн хойшоо харсан хадтай толгой бөгөөд “Сонсголон толгой” хэмээдэг байжээ)
  • Баруун хойд зүгээс ирж буй зорчигчид “Хүйн өртөө”
  • Баруун зүгээс ирж буй зорчигчид “Шар хөвийн өртөө”
  • Зүүн зүгээс ирж буй зорчигчид “Баянзүрхийн өртөө”-гөөр орж ирдэг байжээ.

Ирсэн зочин бүхэн буян ерөөж, сайхан сэтгэл өвөрлөн ирж байхыг бэлгэдэн тэрхүү ухааг “Буянт ухаа” хэмээн нэрлэсэн гэдэг. Буянт-Ухаа нь д.т.д 1340 метр бөгөөд хойд өргөрөгийн 47’51.329, зүүн уртрагийн 106’47.009 солбилцолд оршдог.

Домгоор бол, эрт урьд цагт энэ ухаагийн энгэр дээр олон адуу бэлчээрлэж явснаас нэгэн ухаа хонгор зүсмийн охин унага унтаад хоцорчээ. Түүнийг нэгэн ядуу айлын авгай олж тэжээснээс хойш тэр айл олон ухаа хонгор адуутай болон баяжжээ. Тэр үеэс эхлэн энэ газрыг “Буянт ухаа” хэмээн нэрлэсэн гэдэг.

Ардын хувьсгал ялсны дараа анхны цэргийн наадмыг Амар бэйс Буянт-Ухаа (Яармаг) талбайд хийхээр болж “Эртний сайхан” хэмээх монгол ардын уртын дуугаар эхлүүлж байжээ.

1925 оны 5-р сарын 30-нд Хүрээний захиран шийтгэх газраас гаргасан нэгэн уриалгад “Агаарын төмөр шувуу” Аэрофлон онгоц ойрын үед нисэн ирж Хүрээнд буух тул айж сандралгүй айвуу тайван үзэж сонирхохыг дурджээ. Гэвч хэд хоногийн дараа онгоц ирж Хүрээ хотын дээгүүр эргэлдэж ниссэн боловч бууж чадалгүй Буянт-Ухаад буусан гэдэг.