Чин ван Ханддоржийн өргөө

1913 онд Чин ван Ханддорж өөрийн хөрөнгөөр Нийслэл хүрээнд байшин бариулж 1913-1915 онд сууж байсан бөгөөд өдгөө “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Цэрэндорж 1922 он хүртэл сууж байгаад 1923 онд тус байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ. 1941-1948 онд түүх соёлын өвийн бүртгэлийн үеэр улсын 2 дугаар зэргийн тусгай хамгаалалтанд авч 1973, 1991 онуудад сэргээн засварлажээ. 7.5 х 16 метр хэмжээтэй, тоосго модон ханатай, модон дээвэртэй 2 давхар байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой, гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.

2011 онд тохиосон Дипломат албаны 100 жилийн ойг тохиолдуулан энэ өргөө цогцолборыг Монгол улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгон ашиглахаар болсон. Түүнчлэн Ханддорж вангийн өргөөний хоёрдугаар давхарт гадаад харилцааны холбогдолтой үзмэрүүд байрлуулсан бөгөөд Чин вангийн эдэлж хэрэглэж явсан эд зүйлсээс дэлгэн харуулжээ.

Тус өргөөг дагалдуулан хүлээн авалтын зориулалттай хоёр гэр рестораныг байгуулсан ба тус бүртээ 60-100 хүний бүрэлдэхүүнтэй арга хэмжээг хүлээн авах хүчин чадалтай. Эдгээр гэр ресторанд зочин төлөөлөгчийг хүлээн авах хүндэтгэлийн зоог, хурал зөвлөгөөн, хурим найр, номын мялаалга, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой.

Чин ван Ханддоржийн хөшөө: Үндэсний хувьсгалыг санаачлагч, удирдагчдын нэг, Монголын дипломат албыг үүсгэн байгуулагч Чин Ван М.Ханддоржийн дурсгалд зориулсан хөшөөг 2011 онд уран барималч Г.Энхтөрийн зураг төслөөр бүтээжээ. Монгол улсад дипломат алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоор, ГХЯ-ны захиалгаар “Чин ван констракшн” компанийн хөрөнгө оруулалтаар 2.5 м өндөр хүрэл хөшөөг байгуулжээ. Тус хөшөө нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дахь Монгол – Энэтхэгийн хамтарсан сургуулийн баруун талд байх Чин ван Ханддоржийн өргөөний хашаанд байдаг. Чин ван Ханддорж нь 1869 – 1915 онд амьдарч байсан төрийн зүтгэлтэн хүн юм.