Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын барилга бол дайны дараах энх цагийн бүтээн байгуулалтаар барьсан архитектурын дурсгалт барилгуудын нэг юм. Улсын төв театрын барилга байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1940 онд гарсан ч эх орны дайны улмаас хойшлогдож, 1946 оны 6-р сарын 28-нд анхны суурийн чулууг тавьжээ. Барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, Японы олзлогдсон цэргүүдээр бариулж 1951 онд ашиглалтанд оруулжээ. Тухайн үеийн техникийн боломжоос хамаарч уг барилга олон жилийн турш баригдсан гэдэг. Барилгын модыг Тэрэлжийн бүсээс бэлдэн Туул голоор сал урсган зөөвөрлөжээ. 1941-1942 онд ЗХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Ж.Самбуу дарга Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд анх захиалга өгөхөд герман архитекторч Герхард Козель гүйцэтгэхээр болжээ. Козель “үндэсний хэлбэртэй хийх үү” хэмээн асуухад Самбуу дарга “бид сонгодог маягийн тайзны урлагтай болмоор байна” хэмээн хариулсан гэдэг. Герхард Козель 1968 онд Монголд ирэхдээ өөрийнхөө бүтээлийг хэрхэн сүндэрлэн боссоныг харсан гэдэг.

Дуурь бүжгийн эрдмийн театр нь нийтдээ 38 мянган м.кв багтаамжтай, 4 давхар, тэнхлэгийн тэгш хэм, нүсэр фасадтай, үзвэрийн зориулалттай барилга бөгөөд олон хаалгаар гол танхим руу орох боломжтой байдаг. Дотор хананд дуу шингээгч технологи ашигласан. Сонгодог загварын барилга учраас өндөр ба өргөний харьцааг сайтар тооцоолж барьсан байдаг.

Театрын барилгын гаднах ба дотоод чимэглэл, монгол хээ угалзын дизайныг Монголын анхны архитектурч Б.Чимэд, зураач Д.Манибадар нарын зохиосон зураг төслөөр барималч С.Чоймбол, Н.Даваацэрэн, Н.Жамбаа нар бүтээжээ. Монгол үндэсний онцлогийг сонгодог хэв загварт шингээж экстерьерийн зарим элемент болон нүүрэн талын эгнэсэн баганын толгойд өөрийн санааг тусгасан байдаг. Сонгодог барилга нь улсын сүр хүч, соёл, уламжлалыг илэрхийлж байдаг. Мөн тус театр нь урлаг соёлын олон хүний амьдрал, түүх, дурсамжтай холбоотой юм.

Үзвэрийн гол танхим 800 хүний суудалтай. Анх Улсын хөгжимт драмын театр байсан ба 1963 оны 5-р  сарын 15-наас эхлэн Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр болгон өөрчилж, бие даасан хоёр театрыг байгуулсан түүхтэй. Түүний дараа Улсын дуурь бүжгийн театр одоогийн байранд 1963 оны 5-р сарын 18-нд П.И.Чайковскийн алдарт “Евгений Онегин” дууриар нээлтээ хийжээ. Байгуулагдсанаасаа хойш Дж.Пуччиний “Чио чио сан”, “Сайхан Тоська”, П.Чайковскийн “Шелкунчик”, “Жизель”, “Нойрсож буй хатан”, “Хунт нуур”, Дж.Вердийн “Травиата”, “Торбадур”, В.Моцартын “Дон жуан”, “Бахчесрайн оргилолт булаг”, “Спартак” зэрэг дэлхийн сонгодог 20 гаруй бүжгэн жүжиг, “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам”, “Чингис хаан” зэрэг үндэсний 30 орчим дуурийг тоглож тайзнаа амьдруулжээ. 1981 оны 7 сард Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор тус театрт “Академик” цол хүртээсэн юм. 1994 онд “Сонгодог урлагийн академик театр”, хамгийн сүүлд 2002 онд “Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр” хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах