Зүүн дамнуурчин

Манж чин улсын бодлогоор 1900 оны эхэн үед Хүрээнд их хэмжээний хятадууд цагаачлан ирж хороолол үүсгэн суурьшсан. Тэдний амьдран суусан Сэлбэ голын зүүн дэнж дээгүүр хойноос урагш чиглэсэн хятад хорооллыг монголчууд “Зүүн дамнуурчин” гэж нэрлэж байв. Хожим үүссэн баруун дамнуурчин буюу баруун талын хятад хорооллоос ялгахын тулд ийнхүү нэрлэжээ.

Зүүн дамнуурчны цагаач хятадууд бараа худалдаалахын зэрэгцээ тарьж ургуулсан ногоогоо зарж борлуулдаг байсан нэг задгай гудамжтай байсан. Энэ нь одоогийн ХХААЯ-наас хойш, XII хорооллоос баруун тийш, Оросын соёлын төвөөс урагш Сэлбэ голын зүүн талыг эзэлсэн нарийн зурвас газар бөгөөд энд Хятадын 20 гаруй пүүс байсан гэдэг. Эдгээрийн дотор хамгийн алдартай нь Луусангийн пүүс байсан агаад 1944 онд хашаанд нь арьс ширний завод байгуулсан бол 1960 онд эмэгтэйчүүдийн хорих ангийг байрлуулжээ.  Зүүн дамнуурчны баруун өмнө этгээд буюу одоогийн Чингис зочид буудлын орчимд хятад цэргийн хуаран байрлаж, монголчуудын бослого тэмцлээс сэргийлдэг байжээ. Эдгээр цэргүүд Манж амбантайгаа цуг 1911 онд хөөгдөн гарсан юм. Эмэгтэйчүүдийн хорих анги байрлаж байсан газарт хожим XII хороолол, түүний баруун талд Чингис хаан зочид буудал баригдсан байна.