Улаанбаатар хотын түүхэн барилгуудаас

Эдүгээ Улаанбаатар хотын захиргаа байрлаж буй барилгыг анх 1948 онд зочид буудлын зориулалтаар олзны япон цэргүүдээр бариулж ашиглалтад оруулах үед “Алтай” зочид буудал хэмээн нэрлэжээ. Баяр ёслолын үеэр нүүрэн талын том тагтан дээр тухайн үеийн төр, засгийн тэргүүн, дарга нар зогсон урдуур нь жагсан яваа хөдөлмөрчдөд баяр хүргэдэг байсан аж. Алтай зочид буудал нь 1957 онд анхны тайлангаа гаргахад 4400 гадаад дотоодын зочид хүлээн авсан дүн гарч байжээ. Хожим 1961 онд Улаанбаатар зочид буудал ашиглалтанд ороход Алтай зочид буудлын байранд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа 1964 онд оржээ. Алтай зочид буудлыг барихын өмнө одоогийн “Ард” кино театрын урд “Спартак” гэж хоёр давхар зочид буудал байсан бөгөөд энэ буудлын хоёрдугаар давхарт их зохиолч Д.Нацагдорж түр байрлаж байсан гэдэг.

Европ эмийн сан: 1909 онд одоогийн Барилгачдын талбайн зүүн талд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн дэргэд анхны европ эмийн сан ажиллаж байв. Түүний залгаа хойд талд Монголын анхны төв эмийн санг 1930-аад онд байгуулсан ба эдүгээ энэ хоёр эмийн сангийн байшин хоёулаа хадгалагдан үлдсэн байдаг.

Төмөр утасны хороо: Бөхийн өргөөний баруун хойд талын залгаа хоёр байшингийн зүүн талын байшинг 1913 онд барьсан аж. VIII Богд Жавзандамбын орос хөгжмийн хамтлаг энд хэсэг хугацаанд байрлаж байжээ. 1914 онд тус байшинд Төмөр утасны хороог байгуулсан нь Монголын орчин цагийн анхны холбооны үүсэл болсон аж. Сайн ноён хан Намнансүрэн хаант Оросын нийслэл Петербургээр 6 сар орчим явж ирэхдээ 10 дугаартай телефон утасны жижиг станц авчирч анхны утасны хороог байгуулсан түүхтэй. Анхны холбооны байшингийн баруун талын залгаж барьсан байшинд Монгол Улсын хоёр дахь маршал Г.Дэмид жанжных суудаг байжээ. Г.Дэмид бол 1921 оны партизан бөгөөд Тверийн морин цэргийн сургуулийг онц гарамгай суралцаж төгсжээ. Тэрбээр Орос улсад яваад учир битүүлгээр нас барж, түүний дараахан улс төрийн хэрэгтэн Гэндэнгийн хамсаатан хэмээн нэрлэгдэж гэр бүл, ах дүү нар нь бас хэлмэгджээ.

Чийдэнгийн хороо: Улаанбаатар хотын анхны цахилгаан үүсгэвэр буюу Чийдэнгийн хороог Мажарын (Унгар) цагаач иргэн Йосеф Гелета удирдан бариулсан түүхтэй. Энэ цахилгаан станцыг 1929 онд өргөтгөжээ. Улаанбаатар хотыг нэгэн үе гэрэлтүүлж байсан Чийдэнгийн хороо гэж Нарантуул захын баруун талд Замын цагдаагийн газрын орчим 1950 он хүртэл ажиллаж байгаад хаагдсан.

Төмрийн завод: Бөхийн өргөөний баруун урд талд Герман хүний зураг төслөөр барьсан Төмрийн заводын хоёр давхар барилга байв. Энэ үйлдвэр тухайн үедээ металлургийн үйлдвэрийн анхны суурь болжээ. Энд 1928-1930 онд Герман улсад мэргэжил эзэмшиж ирсэн, хожим гавьяат багш болсон Бавуу, их зохиолч Д.Нацагдорж нар ажиллаж байжээ. Сэдэд, Бадарчин нар токарчнаар, Лувсанцэнд цахилгаан моторчноор ажиллаж, бас Германы инженер Геринг болон бусад мэргэжилтнүүд ч ажиллаж байсан байна.

Дэмид жанжны байшин: Эдүгээ Вьетнамын элчин сайдын яам байрлаж буй хоёр давхар байшинг 1930-аад оны сүүлч үед маршил Г.Дэмид жанжинд зориулан барьсан боловч тэрбээр энэ байрандаа орж амжилгүй цаг бусаар нас баржээ. Дараа нь энэ байшинд Ж.Лхагвасүрэн жанжин нэг үе амьдарч байжээ.

Нэгдүгээр цахилгаан станц: 1934 онд “Аж үйлдвэрийн комбинат”-ыг барих үеэр I цахилгаан станцыг барьсан бөгөөд станц 1980-аад он хүртэл ажилласан. Арьс ширний үйлдвэрийн төв хаалганы зүүн талд I цахилгаан станцын хаалга байсан.

МАХН-ын Төв хорооны хуучин байр:  1936 оны 1 дүгээр сард одоогийн “Тусгаар тогтнолын ордон” байгаа газар хоёр давхар байр ашиглалтад орсон нь МАХН-ын Төв Хороо, МХЗЭ-ийн Төв Хороо, МҮЭ, дээрх байгууллагуудын хотын удирдлагууд байрлаж байжээ. 1951 онд Засгийн Газрын шинэ байр ашиглалтад орсны дараа МАХН-ын хотын намын хороо дангаараа орсон юм. Уг барилгыг 1980 онд буулган 5 давхар барилга барьсан юм.

Өвөр Монголын Ардын намын байр: Сэлбэ голын эрэг, одоогийн Нэгдүгээр төрөхийн зүүхэн талд нэгэн жижиг модон байшин байсан бөгөөд энд Өвөр Монголын Ардын нам түр байрлаж байжээ.

Улаанбаатар хотын захиргаа: Улаанбаатар хотын анхны захиргаа анх Хуримын ордон байгаа газар зургаан гэртэйгээр байгуулагдаж анхны Засаг даргаар Моононгийн Баяр томилогдон ажиллаж байжээ.

Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр: Одоогийн Хөрөнгийн биржийн барилга бөгөөд 1946-1948 онд олзны япон цэргүүдийг ашиглаж ерөнхий барилгыг бариулсан ба анхнаасаа кино театрын зориулалттай байшин байжээ. 1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино театр байрлаж байв. Эл барилга буй газарт өмнө нь Баатар вангийн хороо буюу Түшээт хан аймгийн Баатар хан ноён Наваан-Юндэн, түүний ах Ойдов нарын орд харш байсан гэдэг. Ойдовынд хувьсгалч, эх орончдын нууц хурал болж байсан хууч ярианууд бий. Хожим нь барилга баригдахаас өмнө маршал Ю.Цэдэнбалын гэр байсан ажээ.