Ононгийн халуун рашаан

Хэнтийн аймгийн Батширээт сумын төвөөс баруун тийш 120 километрт, Хэнтийн нурууны салбар Дуут Яаны хойд талд Онон голын эрэг дээр оршдог. Ононгийн рашаан нь Их бага гэж хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд Бага халуун рашаан нь Их халуун рашаанаасаа зүүн тийш 8 километр буюу Дуут Яаны өвөр хөндийд жижиг толгодын ар талд байрладаг. XYII зууны үед рашааны дэргэд Наваанжалба гэдэг байнгын хурал бүхий нэгэн дуган байсан бөгөөд 60 орчим маарамбан ламтай байжээ. Нэг өвөлд 600-1200 орчим хүн ирж бараалхан биеэ ариусган өвчнөө эдгээдэг байжээ. Энэ рашаанд Монголын Анхдугаар богд Занабазар, Халхын цэцэн хан Шолой, Аграмба Нанзаддорж зэрэг түүхэн хүмүүс бараалхан ирж ордог байжээ. Эрт үед шархтай буга уг рашааны халуун булаг дээр хэвтэж эдгэрсэн домгууд ч бий.

Ононгийн халуун рашаан нь бага зэрэг хүхэрт устөрөгч, хийн үнэртэй, өнгөгүй тунгалаг рашаан бөгөөд нийт 24 ундаргатай, тус бүр 14-98 градус байдаг. 1921-1941 оны Оросын эрдэмтэн М.А.Усов Хэнтийн нуруунд зураглалын ажлаар явж байхдаа Ононгийн рашааныг сонирхон судалж байжээ. Түүний ажигласнаар рашааны халуун нь тухайн жилийн байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг нь олон жилийн ажиглалтаар нотлогджээ. 1958-1960 оны эрдэмтэдийн судалгаанд үе мөчний архаг хууч, мэдрэлийн элдэв өвчнийг анагаахад үр нөлөөтэй хэмээн тэмдэглэжээ. Олон жилийн ажиглалт, өвчтэй хүмүүсийн яриа, дурсамж тэмдэглэлээс үзвэл Ононгийн халуун рашаан нь үе мөчний үрэвсэл, бөөрний даралт, бруцеллёз, цусны даралт, хамуу болон арьс өнгөний төрлийн өвчнүүд, шижин, шар ус, хуян зэрэг өвчинг анагаан эдгэрүүлэх увидастай ажээ.

Ононгийн халуун рашаанд 108 худаг байдаг байжээ. Онон голын эрэг дээр байдаг тул усны үерт автах, урсах, дарагдах, байшин сав нь эвдэрч хэмхрэх, өгөшиж муудах зэрэг нөлөөнөөс болж 108 худагнаас дөнгөж аравхан нь хэвээр ашиглагдаж байгаа ажээ. Рашаанд бараалхахдаа эхлээд Дуган, их бага овоо, морины овоонд тахилга үйлдсэний дараа “Их цэнхэр” худагт биеэ ариусгаж орох буюу гар нүүрээ угааж домнодог уламжлалтай. Ингэхдээ саван болон бусад ариун цэврийн хэрэгсэл хэрэглэж болдоггүй заншилтай. Рашаанд орохдоо багаас ихэсгэж, дараа нь буцаж багасгах байдлаар ордог байна. Жишээ нь эхний өдөр 1 орсон бол дараагийн өдөр 2, түүний дараа 3, тэгээд 2, сүүлд нь 1 гэх мэт байдлаар 9-21 удаа буюу 5-9 өдөр ордог журамтай ажээ. Рашаанд орж байх хугацаанд өвчин нь хөдөлж байвал сайн гэж үзнэ. Өдөрт хэд орно, түүнийхээ тоогоор хооллож байх шаардлагатай гэнэ. Учир нь бие их нялхардаг тул тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. 1 удаад 15 минутаас хэтрүүлэхгүйгээр өөртөө тохируулан орж, худагнаас гарахдаа заавал тэр өрөөний цас мөсөн дээр гишгэж дээш хөөрсөн халууныг доош буулгах ба хувцаслахдаа дээрээс эхлэн доошлох байдлаар хувцасладаг байна. Цас мөсөн дээр гишгээгүй тохиолдолд толгой өвдөх, нүд улайх, дотор муухайрах, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ба хүний нүдний хараанд муугаар нөлөөлдөг байна.

Рашаанд орж байх үедээ унтах ба тухайн өдрийн цагаар унтахыг хориглодог. Рашаанд орохын өмнө их хэмжээгээр идэж уух нь муу. Худагт сууж байхдаа толгойгоо байнга рашааны устай алчуураар норгож байх ба зулайнаасаа сэрүү авахыг болгоомжилдог. Рашаанд орохдоо хэрэглэх алчуур, дотуур хувцас тусдаа бэлдэнэ. Элэг муутай, жирэмсэн хүмүүс орох хориотой. Сонгино, сармис, гогодтой хоол идэхгүй байх, ан гөрөө хийхгүй байх зэрэг цээрүүд бий.

Ононгийн халуун рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь 12 дугаар сарын 25-наас дараа оны 2 дугаар сарын 15 хүртэл буюу хамгийн хүйтэн нөхцөлд рашааны чанар, хүний биед үзүүлэх нөлөө нь сайн байдаг байна. 1990 онд Наваанжалба дуган, 2003 онд Баатарын худгийг сэргээн засварлаж ашигласан нь одоо ч сүсэгтэн олны мөргөлийн газар хэвээр байгаа юм. Бага халуун рашаан нь Их халуун рашааныгаа бодвол байршлын хувьд маш тохиромжтой, байгалийн аливаа бэрхшээлд өртөхгүй, өргөн их газраас байгалийн ундарга арвин байдаг.

Жич: Тус рашаан сувилал нь 12-р сарын 20-ноос 3-р сарын 20-ны хооронд ажилладаг бөгөөд байнгын холбогдох утас байхгүй болно. Өөрөөр хэлбэл, гар утасны сүлжээ ороогүй газар юм.  Тус рашааны хэр зэрэг ачаалалтай байгаа болон үнийн тухай мэдээллийг тус бүс нутгийн байгаль хамгаалагч эсвэл Иргэдийн хурлын гишүүн Гансүрэн-гийн 93062060 гэсэн дугаараас асууж болно гэнэ.