Богд хааны ордон музей

1639-1924 он хүртэл 285 жилийн хооронд Монголд “Богд хаан” гэж нэрлэгдэх амьд бурхан үе улиран 8 хүн амьдарч байсан. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох YIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ.

Янпай хана: Нүдэнд харагдахгүй далдын гай барцадаас сүмийг хамгаалах бэлгэдэлтэй, түвд хэлээр “хаалттай хаалга” гэсэн утгыг илэрхийлдэг. Ханан дээр луу болон Сүмбэр уул, түүнийг тойроод далай дүрслэгдсэн байдаг бөгөөд муу ёрын сүнснүүд энэ далайд унаж живж үхэхийг илэрхийлсэн утгатай.

Асарт хаалга: “Нээлттэй хаалга” гэсэн утгатай бөгөөд энэ хаалгаар Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь орж гардаг. Хаалганы дээд талын пайзан дээр уйгаржин бичиг болон түвд хэл, ханзаар “33 дугаар оны 3 дугаар сар. YIII Богд хаан” гэж бичсэн байдаг. Зүүн баруун талд нь арай жижиг хаалга байх бөгөөд ордны хамгаалалтын цэргүүд, төрийн ноёд, хөгжимчид, элч нар, Богд хаанд бараалхах зочид ордог байсан.

Чийган: Хаалганы өмнө хоёр талд нь байх модон багана бөгөөд шашны туг болон Монголын төрийн тугийг мандуулдаг байсан.

Амгалан-Энхийн хаалга: YIII Богд хааныг Монголын төр шашныг хослон баригч хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн дурсгалт үйл явдалд зориулж энэ хаалгыг бүтээжээ. 8 баганан дээр 7 давхар дээвэр хийсэн бөгөөд нэг ч хадаас хэрэглэлгүйгээр 108 төрлийн оньсоор угсарч барьсан. Махранзын сүм: Уг сүмийг 1903 онд барьсан бөгөөд дотор нь 4 тивийг аюул хорлолоос хамгаалдаг Махранзын дөрвөн их хаад байдаг. Эдгээр нь цаасан шуумлын аргаар хийгдсэн хамгийн том бүтээлүүд юм. Равса буюу сэрүүн асар: Үзүүр хэсэг нь дээшээ эргэсэн маягийн хэлбэр бүхий дээвэртэй бөгөөд зүүн талд нь хонх, баруун талд нь хэнгэрэг дүүжлээстэй байдаг. Богд хаан тэнгэрийн бурхадын төлөө хонх дуугаргаж газар усны бурхадын төлөө хэнгэрэг цохидог байжээ.

Торгон зургийн сүм: Богд хааны уншлагын танхим байсан сүм. Буддын сургааль болон түүхийн судар бичгүүд байсныг 1924 онд Улсын төв номын сан руу шилжүүлжээ. Одоо энэ сүмд тухайн үеийн нэрд гарсан зураач, урлаач нарын бүтээсэн торгон зурагнууд хадгалагддаг. Хамгийн хүчтэй баян болгогч Гонгор бурхан, ажил үйлсийг ивээгч Цамбагарав, шашныг хамгаалагч Жамсран, шарын шашныг үндэслэгч Богд Зонхов, оюун ухаан мэдлэгийн бурхан Манзушир, заяаны ханьтайгаа учрахыг бэлгэдэгч Доржпагма, бүтээгч бурхан буюу мужаан дархан хүмүүсийн сахиус Дамдиндорлиг зэрэг бурхадуудыг дүрсэлсэн зээгт наамлууд байдаг.

Уран зургийн сүм: XIX зууны эхэн үед шороон будгаар зурагдсан Жигжид бурханы бодол болох “Гэгээний бодол”, “Сайн цагийн мянган бурхан”,  Буддагийн намтарыг харуулсан “Будда бурхны амьдрал”. “Будда болон 8 бодь суварга”, хүмүүст урт нас, аз жаргал бэлэглэгч Аюуш бурхан зэрэг хөрөг дүрүүд бий. 

Найдан сүм: YIII Богд хааны төрсөн өдөрт зориулан энэ сүмд 16 лам 3 өдрийн турш бурхны зураг зурж байжээ. Богд хааныг ордноос гарахад адис хүртэхээр шавж ирсэн хүмүүсийг ороолгон цохиж зам гаргахад хэрэглэдэг байсан “барын сүүл”, шашны янз бүрийн хөгжмүүд, эрдэнийн чулуугаар чимэглэж алтаар бүрсэн гүнгэрваа, Богд хааны хүмүүст адис хүртээдэг байсан хадаг, зандан модоор хийсэн арц уугиулах сав зэрэг Богд хааны хэрэглэж байсан эд хэрэглэлүүд, “Насны гурван шүтээн” болох Цагаан дарь эх, Аюуш, Жүгдэрнамжил, Түвдийн шашныг үндэслэгч Зонхов, түүний хоёр шавийн зэсээр цутгаж алтаар бүрсэн баримлууд бий.

Бурханы сүм: Монголын шилдэг урлаачдын бүтээсэн Оточ найман Манал, Майдар, XIY зууны үеийн Өмнөд түвдийн шашны удирдагч Ванчинбогд нарын алтадсан баримлууд, Цогдогмарав бурханы танка зураг буй.

Лаврин сүм: YIII Богд хаан мөргөлөө хийдэг байсан сүм бөгөөд анхдугаар богд Занабазарын урласан барималууд байдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн “21 Дарь Эх”-ийн дүр нь бүгд ижилхэн юм шиг харагдаж байгаа боловч өөр өөр нүүрний хувирал, харцыг үзүүлж байдгаараа онцлог. “Ногоон дарь Эх” нь ээж хүний намбалаг төрх, тайван амгалан байдлыг илэрхийлдэг. Энэтхэгийн лам Жавзундарнат хувилгааны баримал байх бөгөөд Г.Занабазарыг түүний Монголд төрсөн хойд дүр нь гэж үздэг.

Богд хааны өвлийн ордон: Богд хааны өвлийн ордон нь хоёр давхар барилга бөгөөд 1903 онд Оросын архитекторчийн зураг төслийн дагуу баригдсан. Барилгын дээд давхарт Богд хаанд бараалхахаар ирсэн зочдыг хүлээн авах хүлээлгийн танхим болон Богд хааны уулзалтын танхим, хаан хатан хоёрын түр амралтын танхимууд  бий. Уулзалтын үед Богд хаан 25 давхар олбог бүхий суудал дээр заларч, улаан өнгийн олбог суудал дээр төрийн өндөр зэрэгтэй лам нар,  цэнхэр өнгийн олбог суудал дээр төрийн сайд нар тухалдаг байжээ. Хананд байх Богд хаан болон түүний хатны хөрөг зургийг Монголын орчин үеийн уран зургийг үндэслэгч Б.Шарав зуржээ. Хатан Дондогдулам нь 1874 онд төрсөн бөгөөд 1911 онд “Улсын Эх”-ээр өргөмжлөгдөн 1923 онд 49 настайдаа нас эцэслэжээ. Дараагийн танхимуудад хатан Дондогдуламын есөн луут хээ бүхий саатай торгон дээл, түмэн наст хээ бүхий дээл, “рин–а” гэж нэрийдэх толгойн гоёл, хатны хэрэглэж байсан гаанс, эрих, тогосны хоолойн өдөөр чимж хийсэн хантааз, хар зандан модоор хийсэн ор, сандал, гоо сайхны хэрэглэлийн ширээ, хятад урчуудын бэлэглэсэн ханын чимэглэл зүйлүүд, Богд хааны шашны зан үйлдээ хэрэглэж байсан хувцас хэрэглэл, аливаа муу ёрын зүйлээс авран хамгаалах сахиуснууд, зааны соёогоор хийсэн чимэглэлүүд, шүрэн эрих, мөнгөөр хийсэн хонх, очир, Богд хааны өмсөж байсан есөн луут хээ бүхий дээл, минжний арьсаар чимэглэсэн малгай, саан утсаар нэхсэн хантааз, Соёмбо хээ бүхий саатай торгон хантааз, дөрвөн талдаа сувд шигтгэсэн алтан очир бүхий оройтой титэм, Өндөр гэгээн Занабазараас өвлөгдөн ирсэн 80 булганы арьсаар хийсэн “жанч”, хаанаар өргөмжлөгдөж байхдаа өмсөж байсан 164 булганы арьсаар хийсэн дээл, манан хөөрөг, хэт хутга, бичгийн хэрэгсэл, Богд хаан болон хатны их сэнтий суудал, Богд хааны төрийн тамга хайрцгийн хамт хадгалагдан үлдсэн байдаг. Мөн Богд хааны сувдан хээ бүхий ёслолын хантааз байх бөгөөд зөвхөн нэг хээнд нь 22 мянган сувд хэлхэж хийжээ. Богд хаан болон хатны унтлагын өрөөг хятад урлаачдын хийсэн хатгамал, уран зураг сэлтээр эргэн тойрныг чимэглэж, орыг зандан модоор хийж торго дурдан, эрдэнийн чулуугаар чимэглэжээ. Оросын хаанаас бэлэглэсэн, суухад хөгжим эгшиглэдэг хоёр сандал, цэвэр мөнгөөр урласан цайны хэрэгсэл зэрэг бэлгийн зүйлүүд, Богд хаан хатан хоёрын хооллохдоо хэрэглэж байсан хаш, пийсүүгээр хийсэн аяга, цайны сав, ёслолын арга хэмжээнд хэрэглэдэг айрагны хулнууд, шаазан ваар савнууд тэр чигээрээ хадгалагдан үлджээ.

Өвлийн ордны доод давхарт торгуулийн хулнууд байдаг бөгөөд Богд хаан ордноос зохион байгуулж байгаа найр наадамд хоцорсон хүмүүст торгууль болгож айраг уулгадаг байжээ. Хоцорсон шалтгаанаа уран гоё тайлбарлаж чадахгүй бол 10 литрийн том хулаар, харин сайн тайлбар хийж чадсан бол бага хул буюу 5 литрийн хулаар айраг ууж торгуулдаг байжээ. 1910 онд Оросын худалдаачдаас авсан 8-10 төрлийн сонгодог ая дуугардаг эгшигт хайрцаг, Богд хааны тэжээж байсан зааны зураг, өмсгөл малгай, нурууны тохом, Б.Шаравын зурсан Монголын нэг өдөр, Гүүний үрс гаргах баяр, Өвлийн ордон, Лаврин сүм зэрэг зурагнуудын хуулбар,  хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоомнууд, хэрэглэж байсан сүйх тэрэг, гадагш гарах үед залардаг байсан дамнуурга зэргийг хадгалсан байдаг. Богд хааны тэжээж байсан зааныг 1913 онд Монголын язгууртнууд Оросод айлчлах үедээ 22 мянган рублээр худалдаж авч бэлэглэсэн бөгөөд Монголын хил хүртэл уурын тэргээр зөөлгөөд Богд хааны зуны ордон хүртэл хөлөөр нь алхуулж 8 сарын турш аялуулж авчирсан гэдэг. Хоёр лам асран хамгаалж тэжээдэг байсан бөгөөд Богд хааныг 1924 онд нас барснаас хойш хоёр сарын дараа үхсэн гэдэг. Богд хаан заанаас гадна тоть, сармагчин зэрэг амьд амьтан тэжээж, дэлхийн газар бүрээс цуглуулсан ховор амьтдын чихмэлүүдээр 1901 онд амьтны хүрээлэн бүхий танхим байгуулжээ. Мөн тус музейн бас нэгэн үнэт үзмэр бол ирвэсний арьсаар хийсэн дээвэр туургатай гэр юм. 1893 онд Хэнтий аймгийн бэйс Санлигдорж 150 ирвэсний арьсаар бүрсэн гэрийг Богд хааны 25 насны төрсөн өдрөөр бэлэглэжээ.


Хаяг:
Хан-Уул дүүрэг, Зайсан явах замын баруун талд
Утас: 342195, 70001926
Цагийн хуваарь:
     Өвөл:
15/IX –15/IV хүртэл, 09:00 - 17:00  Мягмар, Лхагва гаригт амарна. 
     Зун: 15/IV - 15/IX хүртэл, Өдөр бүр  09:00 – 20:00

Тасалбарын үнэ:
      Гадаад, монгол том хүн 8000 төг
      Оюутан 3000 төг
      Хүүхэд 1500 төг 
      Фото зураг 25000 төг 
      Видео бичлэг 35000 төг 

Вебсайт: http://www.bogdkhaanpalace.mn