Хорол тоглоом

Монголчууд энэ тоглоомыг даалуу гэж нэрлэж заншсан бөгөөд Манжийн эзэрхийллийн үед нэвтэрч, ноёд бүсгүйчүүд мөрийтэй тоглодог байв. Харь улсаас улс үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Тус тоглоомонд 12 жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гэсэн гурван толгой мод байдаг. Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, таваас зургаагаар давхарлан өрнө. Тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь, эсвэл шодож таарсан хүн нь тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог ажээ. Хорол тоглоом нь хамтач ёс, бие биенээ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “Арван хоёр жил” дууг харилцан дуулдаг байна.