Мөсөн шагай

Мөсөн шагайг эртнээс нааш эрчүүд тоглож ирсэн уламжлалтай хэмээн судлаачид үздэг. Тэмүжин, Жамуха хоёр мөсөн шагай наадсан тухай “Монголын нууц товчоон”-д өгүүлдэг. Халхын Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн шавь нартаа эрүүл мэндэд тустай хэмээн тоглуулдаг байжээ. Тийм ч учраас Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн бөгөөд олон мэргэн харваачид төржээ. Мөсөн шагай наадах нь хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, хараа нь хурц, нарийн мэдрэмжтэй болгодог ач холбогдолтой.

Мөсөн шагай нь хүмүүсийн мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь байж болох талтай ажээ. Эдгээр тоглоомын арга барил нь мөсөн шагайн наадаанд тод харагддаг. Мөсөн шагай нь оноот тоглоом бөгөөд 1, 2, 3, 4, 5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Тоглогчид баг болж, цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгаруулдаг. Мөсөн дээр бог малын 8 шагайг тодорхой зайтай тавиад тэдгээрийн голд бод малын нэг шагайг байрлуулж зуун метрийн зайнаас сум тавьж тоглодог. Гадна талаасаа төв рүү тэмүүлэх байдлаар оноогоо өгнө. Хамгийн гадна талын ба гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү ойртох тусам нэмэгдүүлж, голын шагайг оновол 5 оноо өгдөг байна. Мөсөн шагайны сумыг гарын доорхи материалаар хийнэ.