Эмээл

Эмээл нь эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсгүүдээс бүрддэг.


Эмээлийг төрлөөр нь халх, хасаг, буриад, үзэмчин, дөрвөд хэмээн ангилдаг. Морины нуруунд ирэх хүнд ачааллыг жигд тохируулдаг ач холбогдолтой морины хэрэгсэл юм. хэрэглэх байдлаар эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, настан хүний, хурдан морины хэмээн ялгана. Халхчууд Самбуу хийцийн эмээлийг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд Сайн ноён хан аймгийн харъяат Самбуу дархан анх санаачлан хийжээ. Суудал нь уужим, бүүрэг нь намхан, хавтас урт байдаг тул морины нуруунд тохьтой, хүний биед ядаргаагүй байдаг байна. Энэхүү Самбуу хийцийн эмээлийг монголчууд үе дамжуулан хэрэглэж ирэхдээ зарим нэг хэсгийг нь өөрчилж хийгээд “боржгон самбуу”, “бөлтгөр самбуу”, “хадаасан самбуу”, “өвгөн самбуу” гэх мэтээр нэрлэж иржээ. Эдгээрээс хамгийн тохиромжтой нь “өвгөн самбуу” эмээл бөгөөд суудал өргөн, бүүрэг нам, хавас урт, элдэв гоёл чимэглэлгүй ажээ. Эмээлийг хийхдээ ургаа модноос сонгон авч хатаагаад 25 хувиас илүү чийггүй хуурай модоор хийнэ. Бүүргийг хус модны ац салаа, эсвэл цул үндэсний модоор хийдэг бөгөөд бүүргийн мод заавал босоо ширхэгтэй байдаг. Хавтсыг яргүй шулуун модыг голоор нь тэгшилж цуулж хос хавтас болгоно. Эдгээрийг эвлүүлж модны цавуугаар наахын зэрэгцээ хэд хэдэн газар нойтон үдээрээр үднэ. Хярыг бугын эвэр, өнгөлсөн металаар хийхээс гадна гоёлын болгож үндэсний хээгээр мөнгөлөн чимэглэдэг. Хавтсанд хойд урд ганзаганы нүхийг гаргаж бэхэлдэг.


Эрэгтэй хүний эмээлийн хавтасны урт 45, өргөн 13, хойд бүүргийн өндөр 10, урд бүүргийн өндөр 13 сантиметр байдаг бол эмэгтэй хүний эмээлийн хавтасны урт 35, өргөн 11, хойд бүүрэг 9, урд бүүрэг 14-15 сантиметр байдаг. Хүүхдийн эмээлийн хавтас 32, өргөн 11, хойд бүүрэг  9, урд бүүргийн 11 сантиметр байвал тохиромжтой.