Нүүдлийн мал аж ахуй

Шинэ чулуун зэвсгийн үе буюу одоогоос 8 мянган жилийн өмнө Төв Азид амьтдыг эрчимтэй гаршуулж эхэлжээ.  Дорнодын Тамсагбулагт малтсан бууцнуудаас гол төлөв хонь, адууны яс гарсан бөгөөд МЭӨ 4-3 мянган жилийн үеэс мал аж ахуй эрхэлж,  малчин аймгууд бүрэлдсэн гэж судлаачид үзжээ. Монголын малчин аймгууд хоорондоо ялгарах эрс тэс шинж бүхий уур амьсгалтай дөрвөн улирлын турш нутаг бэлчээр сэлгэн нүүдэллэж ирсэн онцлогтой. Өвөлдөө 30-40 хэм хүртэл хүйтрэх, зундаа 30-40 хэм хүртэл халуун болоход ч, бороо хур ховордож ган болох, цас их орж өвс тэжээл хомсдон зуд нүүрлэх тохиолдолд ч бэлчээрээр мал сүргээ хариулсаар ирсэн билээ. Монгол мал өвлийн уртад турж эцдэг, хаврын урин цагт төллөж үрждэг, зуны дэлгэр цагт тэнхэрч тэвээрдэг, намрын таатай үед хүч таргаа гүйцээдэг биологийн зохилдолгоотой тул ашиг шимийн гарц нь тэрхүү байгалийн онцлогт таарч тохирсон байдаг.

Мал нь монгол хүмүүсийн хоол хүнс, өмсөж зүүх, унах ачаалах, арилжаа наймаа хийх зэрэг бүхий л хэрэгцээг хангадаг эдийн засгийн гол салбар болсоор ирсэн юм. Зарим ном сударт “1323 онд мал аж ахуйн хэрэг эрхлэх мал сүргийн хүрээлэн” гэдгийг байгуулж үе үе малын тооллого явуулж, им тамга тавьж дансалдаг байсан бөгөөд данс бичгийг монгол, уйгар, хятад гурван хэлээр үйлддэг байсан тухай тэмдэглэжээ.  Монголын бага хаадын үе, Манжийн ноёрхлын үед ч мал аж ахуй нь улс орны эдийн засаг, ахуй амьжиргааны үндэс байсаар ирсэн бөгөөд хамжлагын ёс горим тогтох үед ноёдын эзэмшлийн, жирийн малчдын, сүм хийдийн жасын мал хэмээх ялгаа зааг гарч, хөрөнгө чинээтэй хүмүүсийн малыг ядуучууд нь маллаж баян ядуугийн ялгааг улам ихэсгэж байжээ. 1920-иод оны үед ч мал аж ахуй бүхэлдээ эдийн засаг, хүн ардын аж амьдралын үндэс нь болж үндэсний орлогын үйлдвэрлэлийн 90 орчим хувийг эзэлж нийт ачаа тээвэрлэлтийн ажлыг үхэр тэрэг тэмээн хөсгөөр гүйцэтгэж,  шуудан харилцааг морин өртөөгөөр явуулдаг байв. Богд хаант Монгол улсын Засгийн газар 1918 онд малын тооллого явуулсан нь тус оронд малын тоог илүү бодитойгоор тоймлох боломж олгосон байна. Оросын эрдэмтэн И.Майскийн тэмдэглэснээр Монголын малын тоо 1918 онд 12.7 сая, үүнээс адуу 1.5 сая, үхэр1.4 сая, тэмээ 300 мянга, хонь ямаа 9.5 сая байсан ажээ. 1950-иад оноос хойш мал аж ахуй эрхлэх арга хэлбэр, материаллаг бааз, мал сүргийн чанар чансааг сайжруулах арга хэмжээг нэлээд сайн хэрэгжүүлсэн юм. Тухайлбал, хамтын аж ахуй байгуулах, малын тэжээлийн аж ахуй байгуулах, худаг гаргах, бэлчээр усжуулах, мал эмнэлэг байгуулах,  үржил селекцийн ажил явуулах, малын шинэ үүлдэр угсааг бий болгох, хагас байран маллагаатай эрчимжсэн мах, сүүний чиглэлийн аж ахуйнууд байгуулах зэрэг олон төрлийн ажил үйлсийг өрнүүлжээ.

Дэлхий дээр нэг төрлийн малыг олон янзаар нэрлэдэг улс орон нь зөвхөн Монгол юм. Жишээлбэл, нэг настай адууг унага, хоёр настайг даага гэх мэтээр дууддаг бөгөөд адуунд нийт 54 төрлийн, үхэрт 32,  хонинд 22,  ямаанд 16, тэмээнд 30 төрлийн нэр байдаг.

Малчин ардын хоорондын мэндчилгээ нь ч мөн адил малтайгаа холбоотой байдаг. Та тарган тавтай хаваржиж байна уу, сүрэг мал тарган оров уу, нутаг хуучиндаа юу, танай үүгээр сайхан хавар болж байна уу, цас зуд гайгүй юу гэж асуулцсаны дараа хөөрөг солилцох, эсвэл гаансаар тамхилна. Үнэхээр л Монголчуудын амьдрал малтайгаа холбоотой, мал нь цаг агаараасаа хамааралтай тул малын тарган эсэхийг асууж мэндчилдэг байжээ. Мал тарган байвал малчид өөрсдөө ч тарган тавтай байна гэж үздэг. Монголчууд малаа тоо толгойг нь тоолдоггүй бөгөөд түүнийгээ бусад хүмүүст тоочин хэлэх дургүй.  “Тоолбол барна, товловол баарна” хэмээн сургадаг. Өөрөөр хэлбэл мал сүргийг тоолох нь цээртэй үйлийн нэг юм. Тоолоод эхэлбэл төл өсөхөө болиод, мал хорогдоод эхэлнэ гэж үздэг.