Христосын шашин Монголд дэлгэрсэн түүх

Христосын шашны Монгол дахь дэлгэрэлтийг дөрвөн үед хувааж үздэг.


Нэгдүгээр үе: Эртний улсуудын үе буюу Түрэг (НТ 555-745), Уйгар улс (НТ 745-840) -ын үед өрнө дахины Согд, Парфийн хаант улсаас төлөөлөгч нар ирж христосын шашны несторианы урсгалыг дэлгэрүүлж байжээ. Энэ тухай Рашид Ад Дины “Сударын чуулган”-д  Найман, Хэрэйд аймгийн нүүдэлчид несторианы урсгалыг шүтдэг байсан тухай тэмдэглэжээ.


Хоёрдугаар үе: Их Монгол Улсын үед Европын христос шашинтнууд монголын язгууртнуудыг өөрийн шашинд оруулах идэвхтэй үйл ажиллагаа явуулж байжээ. Улмаар гадаад бодлогод нь нөлөөлж байсныг Мөнх хаан, Хүлэгүгийн хийсэн  аян дайн зэргээс мэдэж болох ажээ. Монголчууд дэлхийг эзлэн олон соёл иргэншилтэй танилцахын хэрээр өөр шашинд орох юмуу тэдэнд талтай ханддаг байжээ. Чингис хааны ач, түүний бэрүүд нь христосын шашинтан байжээ. Ач хүү Гүюг, дөрвөн хүүгээ хаан болгосон Сорхагтани хатан хүртэл христос шүтдэг байв. Харин Зүчи болон Цагаадайн удмынхан лалын шашинтан байсан бол Хубилайн удмынхан күнз, бумба, буддын шашинд автжээ.


Гуравдугаар үе: 1855-1860 онд Манж Чин улсаас Англи, Франц зэрэг улстай байгуулсан гэрээгээр харъяа орон нутагтаа христосын ном сургаалийг дэлгэрүүлэхийг албан ёсоор хүлээн зөвшөөрч Хүрээний сайд, Улиастай, Ховдын амбан нарт “христосын лам нар өөрийн сургаалаа номлохоор Монголд ирэхэд урьд тогтсон гэрээ ёсоор тэднийг хамгаалж тусалж байсугай” гэж Ар Монголын бүх хошуудад зар тарааж байжээ. 1840-1850 онд Лондон хотод байрладаг “Британы болон гадаад дахь Библийн нийгэмлэг”-ийн ивээл доор миссионер Вильям Свен, Эдуард Сталиберг нар зориуд монгол хэл сурч, библийг анх монгол хэл рүү хөрвүүлжээ. Оросын монголч эрдэмтэн Н.Ковалевский, Г.Шмидт нар библийг орчуулан Санкт-Петрбург хотноо хэвлүүлж байжээ. Сүүлд нь Швед зэрэг орноос христэд итгэгч нар Монголд ирж библийн номыг тарааж, Нийслэл Хүрээнд Шведийн “Эгч дүү нар” хэмээх нийгэмлэг ажиллаж байжээ. Норвегийн Есүс христэд итгэгч эмэгтэй Шанхаузен Монголын ван Пунцагцэрэнд нэгэн захидал өргөжээ. Түүнд “Библийн номлол сонсож мэдэх гэсэн монголчууд улам олширсоор байна. Гэтэл бидний түрээсээр авсан байшин сав даанч бага юм. Маш олон хүн цуглаад шаваад ирэхээр байшингийн эзэн баахан дургүй байх бөгөөд ирсэн хүмүүсийг удаан байлгахгүй юм. Бид ертөнцийн эзний санаанд таарсан ажил үйлсээ цаашид үргэлжлүүлэн хиймээр байна. Иймд та бидэнд шинээр нэг байшин барихад туслах арга чарга байна уу” гэж бичсэн байжээ.


1924 оны үед Нийслэл Хүрээнд Ларсон гүний дэмжлэгтэйгээр Шведийн христэд итгэгч, номлолыг дэлгэрүүлэгч нар Эвангелийн судраас иш татаж зохиосон зурагтай монгол ном товхимолыг олон хувиар тарааж, бяцхан эмнэлгийн газар нээж халдварт өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй эмчлэн асарч, сургууль байгуулж 20 орчим монгол банди нарт монгол, англи хэл зааж, түүгээр дамжуулан европын соёлыг танилцуулж байжээ. Тэд модон барын аргаар хэвлэсэн “Эвангел буюу Сайн мэдээ” гэдэг сонинг үнэгүй тараадаг байжээ. Гэвч тэд коммунистуудын нөлөөгөөр Монголоос хөөгдөж Бээжинд хүрээд Швед улсын элчин сайдын яаманд гомдол зарга мэдүүлж байсан баримт байдаг. Энэ цаг үеэс эхлэн христийн шашин ч тэр, буддын шашин ч тэр Монгол оронд 70 жил хаалттай болсон билээ.


Дөрөвдүгээр үе: 1990 оноос хүмүүсийн шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй болсноор Монгол дахь христийн шашин дэлгэрч эхэлжээ. 1990 оны 10 дугаар сарын 7-нд  “Ертөнцийн эзний чуулган” нэртэй анхны чуулган байгуулагдаж, библийн сургаалыг Монголд дэлгэрүүлэхэд “Монголын библийн нийгэмлэг” ихээхэн ажил өрнүүлжээ.


1992 онд БНСУ, АНУ, Европын орнууд, Өвөрмонгол зэргээс итгэгч нар ирж идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд анхны сүм “Христ нөхөрлөл” нэртэйгээр байгуулагдаж, түүнээс хойш 4 сүмтэйгээр хоёр гурван жилийг туулж, 1999 онд “Эвангелийн эвсэл” байгуулагджээ. Тус эвслийн “Өөрчлөлт” нэртэй сонин тогтмол хэвлэгдэж христэд итгэгчдийн дуу хоолойг олон түмэнд хүргэж байна. “Эвангелийн эвсэл” нь хоёр хуваагдан байрладаг бөгөөд нэг нь “Авралын зар” цуглаан дээр, нөгөө нь “Ийгл ТВ”-ийн байранд байрладаг ажээ. Одоогоор христийн шашны урсгалуудаас мормон, шинэ апостол, ни-лигийн, баптист, Солонгосын миссионеруудаар дамжин дэлгэрсэн протестант чиглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Христийн шашны дэлгэрэлтэнд нөлөөлсөн зүйл нь судлаачдын үзэж буйгаар бол хүн амны дийлэнх хэсэг дотоод сэтгэлийн итгэл үнэмшил гэхээсээ илүү гадаад ертөнцийг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэл байсан гэж үздэг. 2010 оны байдлаар хөдөө орон нутагт христэд итгэгч нарын 120 чуулган байдаг ажээ. Христэд итгэгч хүмүүсээс бүрдсэн төрийн бус байгууллага 20 орчим байна. Тухайлбал, “Христэд итгэгч хуульчдын нөхөрлөл”, багш нарын “Шинэ аяны цуваа”,  “Хорих байгууллагуудын нөхөрлөл”, урчуудын “Гурван жимс” холбоо, “Орчуулагчдын нөхөрлөл”, эмч нарын “Эрхэм үйлс” гэх мэт. Хэвлэл мэдээллийн байгууллагаас “Ийгл ТВ”, FM 104.5 зэрэг нь христийн номлолыг сурталчлахад гол үүрэг гүйцэтгэдэг. Монголд ажиллаж буй 50 гаруй асрамжийн байгууллагын 90 хувь нь христэд итгэгчдийн хөрөнгөөр байгуулагджээ. 2003 онд анх пасторын танилцуулга хийгдэж 26 хүнээс 5 нь томилогдож байсан байна. “Библийн сургалтын нэгдсэн төв” хэмээх байгууллагад пастор бэлтгэх 4 жилийн бакалаврын сургалтаас эхлээд библийн сургаал дээр тулгуурласан эдийн засаг, бизнес, гадаад хэлний сургалтуудыг зохион байгуулдаг. Мөн “Сүнсний амьдрал”, “Бурханы чуулганы библийн сургууль”, “Пресбитериан теологийн сургууль” гэх мэт 10 орчим сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Жил болгоны намар христэд итгэгч нарын нэгдсэн чуулган болдог бөгөөд оролцогчдын хүрээ өргөссөн учраас баруун бүсийн, зүүн бүсийн, говийн, хангайн, Улаанбаатарын гэх мэтчилэн хуваагдан чуулдаг. Тус чуулганаар үндсэн чиг баримжаагаа тодорхойлж 2006 оны чуулганаар “20:10” гэдэг хөдөлгөөнийг үүсгэжээ. Эл хөдөлгөөн нь 2020 он гэхэд монголын хүн амын 10 хувийг христэд итгэгч болгоно гэдэг зорилт тавьсан ажээ.


2010 оны судалгаагаар христэд итгэгчдийн тоо 41000 орчим буюу нийт хүн амын 15-аас дээш насныхан дотор 2.1 хувийг эзэлж байна. 2003 оны судалгаагаар 55000 итгэгч нар байсан байна. Монголд түр оршин сууж буй гадаад иргэдээс 300 гаруй солонгос, 200 гаруй европ хүмүүс, Филиппин, Индонез, Норвеги, Швед зэрэг орны итгэгч нар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Христэд итгэгч нар жил бүрийн 5 дугаар сарын 17, 11 дүгээр сарын 26-ны өдөр “Үндэсний залбирал”-ыг зохион байгуулдаг. Ням гариг бүрт “Магтаал хүндэтгэлийн залбирал”-ыг өөр өөрсдийн сүм цуглаан дээрээ зохион байгуулдаг. Монголын христэд итгэгч нар гадаад орнуудад явж суралцдаг бөгөөд ихэвчлэн БНСУ, ОХУ, Филиппин, Шинэ Зеланд, Англи, Сингапурт суралцаж байгаа ажээ. Монголд эдүгээ библийн холбогдолтой том жижиг орчуулгын ном 700 гаруй хэвлэгджээ.

 

 Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном