Ногоон дарь эх

Төвдөөр бол Должин гэнэ. Дара эхийг бурханы шашны аль ч хөлгөн, урсгал хамаарахгүй нийтээр шүтдэг сахиус бөгөөд Жанрайсиг бурханы нулимсан дуслаас бий болсон гэсэн домогтой. Өөр нэгэн домогт, Дара эх урьд нь нэгэн хааны охин байж байгаад, тухайн үед заларч байсан бурхад, лам хуврагийн оронд сүсэглэн биширч, их хэмжээний өргөл барьцыг байнга өргөдөг байжээ. Бурхан багш хааны охинд “чи буян ихээр хурааж байгаа тул эрэгтэй төрөл олоод, бурханы хутагт болох ерөөл өргөе” хэмээжээ. Гэтэл хааны охин “орчлон хорвоод эр төрлийн дүрээр заларч амьтанд тусыг үйлдэж буй бурхад олон буй. Харин би эх бурхан болж, хорвоо хоосрох хүртэл бусдад тусыг бүтээж байя” хэмээн тангараг өргөтөл төд удалгүй бурханы хутгийг олжээ гэж домоглодог. Бас нэг домогт, Эрт үед Ногоон дара эх үргэлж хүүхдүүдийг зовоодог байжээ. Үүнийг болиулахын тулд Бурхан багш Ногоон дара эхэд нэг хүүхэд үрчлүүлэн өгчээ. Гурван жилийн дараа Бурхан багш тэр хүүхдийг хулгайлаад тэнгэрийн оронд нуучихжээ. Ногоон дара эх хүүхдийг энд тэнд хайсан боловч олсонгүй. Түүнээс хойш Ногоон дара эх хүүхдийг ихэд хайрлан хамгаалдаг болсон төдийгүй эх хүний намба төрхийг төгс шингээсэн бурхан болсон гэдэг.

Эх хүн үрдээ ямар их хайр энэрлээр ханддаг билээ, түүнтэй адил Ногоон дара эх зургаан зүйлийн хамаг амьд амьтан бүхнийг тийнхүү энэрэн хайрладаг учраас Дара эхэд залбиран хүндлэл үзүүлвээс хамгийн түрүүнд цахилан ирж авардаг хэмээн үздэг. Ногоон дара эх баруун хөлийг доош унжуулсан байдаг нь хэн надаас аврал эрнэ, би хамгийн түрүүнд тусална гэсэн бэлгэдэлтэй, баруун мутартаа удвал цэцэг барьсан байдаг нь сайн заяаны амьтан бурханы ертөнцөд удаан сааталгүй үтэр түргэн зорчигтун, би туслая гэсэн санаатай, зүүн мутарын удвал цэцэг нь муу заяаны авралгүй амьтан бүхнийг би хоцроолгүй аваръя, намайг шүт гэсэн утга бэлгэдэлтэй ажээ. Ногоон дара эхэд  Хорин нэгэн дара эх бүгд багтах бөгөөд тэдгээр нь тус тусдаа өөр өөрийн бие даасан үүрэгтэй. Нийлээд энэ насны хилэнц нүглийг нимгэрүүлж, ажил үйлсийг арвижуулан сайжруулна. Ногоон дара эхийг аливаа өвчин зовлон, үгүйрэл хоосрол зэргийг арилгах, эрх мэдэл, сайн үйлийг дэлгэрүүлэхэд зориулан уншуулдаг.

Ногоон дара эхийн домог:  Ногоон дара эх Янжин сүмд Дүнжингаравын хийдэд арван наснаас далан долоон нас хүртэл хатуужил даяаныг бясалган суув. Сайн цагийн мянган бурханы орныг гурван үе эргэж мөргөөд “Би Янжин сүмд 10 наснаас 77 нас хүртэл хатуужил даяаныг бясалган суулаа. Урьдах маань холдож, хойтох маань ойртож буй энэ цаг дор цор ганцаар тул нэгэн үр заяаж өгөхийн хутагийг гуйсанд Сайн цагийн мянган бурхан 6 ширхэг үрлэн эм адислан өгчээ. Эмийг зооглосны эцэст 99 насан дээр нь Оюу нэрт бодьсадва хөвгүүн мэндлэв. Хүүг бадамлянхуа цэцгээр хучиж, элдэв зүйлийн жимсийг шимүүлэн тэтгэж байтал гурван хоногийн дараа хүү нь үгүй болон оджээ. Ногоон дара эх дээд тэнгэрийг дэнсэлтэл, доод газрыг донсолтол, хувхай модноос навч ургатал, хонхор газар ус тогттол уйлж гэнэ. Тэр үед Сайн цагийн мянган бурханы орноос Шигмуни бурхан ирээд баруун мутараас нь дээш татаж аваад гурван үе сургааль тавиад нисэн одов. Ногоон дара эх алтан жигүүртэй, мөнгөн сүүлтэй, бор эрээн харцгай болон хувирч дээш мянган бурханы оронд нисэж очин Оюу нэрт хөвгүүнээ асууж сураглатал “Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дара эх минь чиний төрсөн хөвүүнийг үзсэнгүй” хэмээгээд хөвүүний хойд мөрийн бэлгэ тэмдгийг айлтгахад “зүрхний эхэнд таван зуун цогцын бэлгэ бүрдсэн бэх хар мэнгэ буй, хоёр далны хооронд шүрэн улаан мэнгэ буй” гэв. Ногоон дара эх замбуутивд бууж арван найман тамын амьтадаас хөвгүүнээ асуутал мөн л “үзсэнгүй” хэмээжээ.

Ногоон дара эх “Арван найман тамын амьтны аливаа зовлонг арилгаад замбуутивийн хоёр хөлт хүн, дөрвөн хөлт адгуусны оронд төрсөн болов уу хэмээн хүүгээ сураглатал мөн адил “үзэж харсангүй” хэмээв. Замбуутивийн хүн амьтны зовлонг арилгаад Ногоон дара эх бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж яваад гадаад далайд живж үхсэн болов уу хэмээн санаад гадаад далайг гурван сар шүүрдэж эс олжээ. Буцаж бишгүүр мэт дуугаар хайлан явтал хон хэрээтэй уулзжээ. Хон хэрээ мөн л хөвгүүнийг “үзсэнгүй” хэмээгээд “Алтан уулын орой дээр долоон үе номын чанар бясалгасан, ерэн есөн жил даяан хийсэн, есөн хэлээр ярьдаг, огторгуйн мэргэн арш хар цагаан зурхай зурж, хар цагаан чулуу тавьж байхыг үзсэн билээ, тэр мэдэж магад” хэмээн айлджээ. Ногоон дара эх хон хэрээнд “жаварт тэнгэрт даарахгүй биетэй болоорой, жаран жалгыг нэвт харах нүдтэй болоорой” гээд усан нүдний оронд билгийн нүд өгч соёрхжээ.

Ногоон дара эх Алтан уулын оройд очиж мэргэн аршийг гурван үе эргэж мөргөөд хөвгүүнээ хэрхэн хайсан тухайгаа айлтгажээ. Огторгуйн мэргэн цагаан арш цагаан, ногоон, хөх өнгийн гурван чулуугаар зурхай зурж төлөг буулгаад “Зургаан зүйл хамаг амьтны эх болсон Ногоон дара эх минь, ганц төрсөн Оюу бодьсадва хөвгүүн тань Сайн цагийн мянган бурханы оронд байна хэмээн буух чинь юу вэ” гэв. Ногоон дара эх “ай зарлиг чинь үнэн бол ширгэсэн цагаан хөхнөөс минь сүү далай мэт урсаг” гэж хэлтэл цагаан хөхнөөс нь сүү далай мэт урсаж гэнэ.

Огторгуйн мэргэн цагаан арш бас нэгэн өнгийн чулуугаар төлөг буулгаад “Оюу бодьсад хөвүүн чинь арван нэгэн нүүртэй, Авид бурхан титэмтэй, төгс лагшин биетэй, тэгш мянган мутартай, алга бүхэндээ нүдтэй, арц зандан үнэртэй, эрдэнийн чулуун чимэгтэй, хонсим бодьсадын зарлигтай, хутаг эрдэм төгссөн зургаан үсгийн тарнитай, хүсэл бүгдийг хангагч чандмань эрдэнийн сантай, цаглашгүй гэрэлтэй бодьсадва лавтай мөн гэж буух чинь юу вэ” гэв. Ногоон дара эх “энэ төлөг чинь үнэн болтугай” хэмээгээд дөрвөн мөчөө барьц барьжээ. Мэргэн арш бас нэгэн өнгийн чулуугаар төлөг буулгаад “Оюу бодьсадва хөвгүүнийг чинь эх болсон зургаан зүйл хамаг амьтны зовлон ихэдсэний тулд Сайн цагийн мянган бурханы оронд Шигэмүни бурхан, Очирваань бурхан, Огторгуйн түмэн хувраг хулгай хийж аваад алтан суварганы дотор гурван зуун жаран зургаан давхар алтан бумбын дотор буруулан байна гэж буух чинь юу вэ” гэсэнд Ногоон дара эх бие, хэл, сэтгэл юүгээ барьц бариад огторгуйн мэргэн цагаан аршид ерөөл талбив. “Чи энэ насанд хар багш агсан боловч хойд насандаа Жимсгэлэн нэрт уулыг эзлэн Цагаан өвгөн нэртэй бурхан болж туулаад хамаг хүн адгуусны гамшгийг арилгаж баруун мутартаа луугийн тэргүүнт таягийг барьж явах болтугай” хэмээн ерөөжээ.

Ногоон дара эх алтан жигүүрт, мөнгөн сүүлт, бор тарлан харцага болон хувилаад, Сайн цагийн мянган бурханы оронд очиж, бишгүүр мэт дуугаар хашгиран хайлж “хар уулын орой дээр хархиран явагч, хар эрээн бар минь хаа байна” хэмээн хангинан дуудаж явтал хоёр замын уулзвар дээр нэгэн хар хэвнэг өмссөн араг үүрсэн хатагтайг үзээд хамаг чимгээ тайлан өгч, түүний арагийг үүрч, баруун гартаа эрээн таар барьж, зүүн гартаа хувхай таяг барьж гуйланч эмгэн болон хувирч гурван сар явав. Тэгтэл зуны дунд сарын 15-нд арван найман хөлтэй алтан ширээнд залаад зүг зүгт нь мянган бодьсадвагаар хүрээлүүлж авшиг ном сонсож байв. Ногоон дара эх хүүгээ таниад дуугаран ядтал Шигамүни бурхан “та нар энэ эмгэнийг таньж байна уу” гэтэл бодьсадва нар “бид танихгүй” хэмээв. Ногоон дара эх биш үү хэмээтэл бодьсадва нар Ногоон дара эхийн өмнөөс цагаан солонго татуулж Оюу хөвгүүнийг ширээнээс нь буулган 366 давхар алтан цагаан бумбан дотор буруулж, өөр нэгэн бодьсадваг суулгаад тахиж байв гэнэ. Ногоон дара эх цагаан солонгыг үлээж арилгаад хартал өөрийн хөвүүн бус өөр нэгэн бодьсадва сууж байв гэнэ. Ногоон дара эх хөвгүүний араас ирж хөвүүнтэйгээ уулзав.

Шигмуни бурхан Очирбани бурханд “чи аргатай бус уу, энэ эх хөвгүүн хоёрыг хагацуулж үз” хэмээв. Очирваань бурхан оройн очирыг булга татаж аваад хоёр төмөр соёо болгож, баруун хөлөөсөө бараан эрээн лууг гаргаж, зүүн хөлнөөсөө шар эрээн лууг гаргаж хүрхрүүлэн эх хүүг хагацааж гэнэ. Ногоон дара эх хөвгүүнээ баруун мутраас нь барьж байгаад дахин тэврэв. Оюу бодьсадва эхэээсээ хагацаж ядаад гучин хоёр эрдэнэт цагаан шүдээ булга татаад гурван насны дүрээр хувилж эхийн цагаан мөөмийг хөхөн суув. Гурван сар болсны хойно эхийн хөх дундаа орж хүү цадав. Тэр үед эх хүү тавилцав гэнэ. Очирваань бурхан таван зуун илжиг луусаар хэв хадаг ачиж ирээд 18 хөлтэй алтан ширээн дээр бурхан бодьсадва нарыг залж барьц өргөөд алдсанаа наманчлав.  Ногоон дара эх хөвүүнээ хайж явахдаа жаргалтай амьтнаас илүү зовлонтой амьтан илүү олон байхыг үзлээ хэмээв. Бодьсадва нар эх хүү хоёрыг 18 хөлтэй алтан ширээн дээр залаад долоон удаа тойрч гурвантаа мөргөөд “Чамайг зовоосон учир нь зургаан зүйл хамаг амьтны зовлонг гүйцэд үзтүгэй хэмээн чилээсэн билээ” хэмээгээд хадаг барьж алдсаа наманчилжээ.

Эх хүү хоёр замбуутивийн 18 харанхуй тивийн амьтныг зорьж ир тэрэгний замаар ороод явж байтал хоёр замын уулзвар дээр нэгэн өвгөн лам үхлүүт хэвтэж байна гэнэ. Дара эх эрдэнэт дөрвөн мөчин дээрээ өргөж тавиад цагаан хөх юүгээн хөхүүлж гурван сар тэжээж тэнхрүүлээд цааш дагуулан явтал өвгөн ламтан хэт их турж эцсэн тул эх хөвүүн хоёр ээлжлэн үүрээд явжээ. Мөрний мах барагдаж ясаа цайтал үүрсэн боловч өвгөн лам мөнх бусыг үзүүлжээ. Хүүрийг нь нэгэн сүмийн дэргэд оршуулан тавиад цааш тамын оронд хүрэв. Тамын орны үүдэнд алтан суварга байхыг үзээд эх хөвгүүн хоёр даяан бясалгав. Гэтэл огторгуйгаас алтан эмээл хазаартай навчих хар халзан морь ирээд эх хөвүүн хоёрын унаа хүлэг болж өгсөнд тамын орны хамаг амьтныг зовлонгоос нь гэтэлгэжээ. Тэр үед эрлэгийн түмэн яргачин Эрлэг номун хаанд ирж “Бид там сахисан тул там юугаан дүүрэн болохул баярладаг, хоосон болохул гомддог билээ. Одоо там хоосон болоход хүрэв” хэмээн өчтөл Эрлэг номун хаан тэр морийг нь бариад ир хэмээн зарлигдав. Эрлэгийн түмэн яргачид морийг барих гэж иртэл морь яргачны өмнөөс угтан иртэл “бид чамайг барих гэж ирсэн бөлгөө” гэв.  “Би тамд унах заяатай бөгөөс та нар эсхийвч унамуй. Хэрвээ би тамд унах заяагүй бол яаж хийвч унахгүй бус уу” гэж хэлээд өөрөө баригдаж гэнэ. Морь харин яргачдыг үс бүрийнхээ үзүүр дээр тогтоон Эрлэг номун хаанд очив. Хаантан энэ морийг халуун тамд аваач гэжээ. Түмэн яргачин морийг халуун тамд хийгээд тамын өрхөөр шагайн хартал нөгөө морь алтан салаатай, мөнгөн навчтай, элдэв зүйлийн жимс ургаж, сэрүүн сайхан булаг урсаж, хөх сайхан навч дэлгэрч, тамын зовлонд унах бус хун цэнгийн дуу дуурсган, сайн цагийн мянган бурхны оронд шавь болон төрж байна гэнэ. Яргачид хаандаа очин “Тэр их жигтэй элдэвтэй морь байна” хэмээтэл Эрлэг номун хаан хүйтэн тамд аваачиж орхи гэжээ. Морийг хүйтэн тамд орхиод мөн адил өрхөөр шагайн хартал өмнөх тамын оронд болсонтой адил тамын амьтад арилж байна гэнэ. Эрлэгийн яргачид хаандаа дахин очиж өчтөл “Тэр морийг гурван давхар ширмэн байшинд есөн давхар төмөр ногтоор ногтолж, есөн давхар төмөр чөдөрөөр чөдөрлөж орхи” хэмээн зарлиг хэлэв. Яргачид харанхуй байшинд морийг хийгээд таран одов. Морь ширмэн байшинг дэлбэ дайрч гараад Ногоон дара эх хөвүүн хоёр дээр ирээд “замын уулзвар дээр хэвтэж байсан өвгөн лам би бөлгөө. Мөрнийхөө махыг барагдтал үүрсэн ачийг тань хариулж чадав уу, эс чадав уу мэдсэнгүй. Дээд Гандан тэнгэрийн ганц охин, таван ухаанд мэргэжсэн тансаг зандан дагиныг Оюу больсадва хөвгүүнд хатан болгож өгч юмчин цагаан хөхний сүүний ачийг хариулъя хэмээгээд огторгуйд нисэн оджээ. Тэр үед түмэн яргачин ширмэн байшинг ирж үзтэл морь байсангүй, харин Эрлэг номун хааны элч ирж “морийг барьж ир” хэмээн зарлиг хүргэв. Түмэн яргачид гурван хоног тамын амсар дээр хэвтэн үүд сахисан ч тусыг эс үзэв. Эрлэн номун хаанд бараалхан “Бид тэр морийг эс мэдэв, харанхуй ширмэн байшингаас үгүй болов” хэмээтэл хаантан мишээгээд тэр бол морь бус Шигмуни бурхан юм хэмээгээд Ногоон дара эх, хөвүүн хоёрыг залж авчир хэмээжээ. Эрлэг номун хааны зарлигийг уламжлахад “Эх хөвүүн бид хоёр тамын амьтны тусын тулд даяан бясалгаж буй билээ. Даяаны үндсийг төгсгөөд очиж бараалхая” гэжээ. Ногоон дара эх, хөвүүн хоёр Эрлэгийн хаанд очтол өмнөөс нь үнэртэн шатааж, алтан шар ширээнд залж “Ногоон дара эхийн адистэд ер хэдий чинээ болов” хэмээн асуув. “Аяа эс мэдэв. Урьд цагт Шигмуни бурхан “Ногоон дарь эхийн туужийг дуудаж судар ном уншваас гурван муу заяанд үл унана” хэмээсэн билээ. Эрлэгийн хаан “Тэр үнэн ахул мянган галав нөгчөөгүй цагт би буян хилэнц хоёрыг ялгасаар байна. Мянган галав нөгчсөний хойно би таны шавь болон төрөх ерөөл тавья” хэмээв. Ийнхүү мянган галав нөгчөөгүй цагт Ногоон дара эх амьтныг тонилгож байх, Эрлэгийн хаан буян нүгэл хоёрыг ялгаж байх учир тэр бөлгөө.

Мөн бурхан бодьсадва нар “Ногоон дара эхийн хөвүүн Оюу бодьсадва ертөнцийн хаан болж төрийг барих цагт Гандан тэнгэрийн ганц хүүхэн таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагиныг хатан болгож сууваас орчлонгийн хүн амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслах болно” хэмээн айлджээ.

Тэр үед найман эрдэм бүрдсэн навчин хар морь хан тэнгэрийн оронд халин нисэж явтал Гандан тэнгэрийн Зандан дагина амьтны тусыг сэтгэж ариун оронд зугаалж яваад тэр морийг үзжээ. “Гурван ухаанд мэргэжсэн Гуа сэцэн дагина минь, энэ юун сайхан үзэсгэлэнтэй морь вэ, надад барьж авчир, би унаж сорьж үзье” хэмээн зарлиглажээ. Таван ухаанд мэргэжсэн тансаг Зандан дагина минь, уужим сайхан цээжиндээ учрыг хянан бодоорой, унах адгуус биш бололтой, урхи байж мэдэх юм” хэмээтэл Зандан дагина миний таалал сэтгэлд нийцсэн тул энэ навчин хар морийг бариад ир ээ хэмээн дахин хэлэв. Гуа сэцэн дагина өвсний үзүүрт туурайгаа хүргэлгүй, өндөр ууланд сүүдрээ хүргэлгүй, өөд сөөргөө хатиран яваа навчин хар моринд алтан уургыг сунгаж, мөнгөн хуйваар оосорлож барьж авав.  Тансаг зандан хатан морийг хөлөглөөд тавтай сайхан гүйдлээр таван бээрийг өнгөрөөд, уужим сайхан гүйдлээр арван бээрийг өнгөртөл Сүмбэр уулын хөндийгөөр ороогоод, Сүн далайн хөвөөгөөр тойроод, хүүе гэхийн завдалгүй хүний ертөнцөд хүрч, за гэхийн завсаргүй замбуутивд ирж буув. Гуа сэцэн дагина “Таван ухаанд мэргэшсэн Тансаг Зандан хатан минь Гандан тэнгэр эцгээ гасланд нэрвэгдүүлж, Галбир хатан эхээ зовлонд живүүлж, Нармай тэнгэр ахаа энэлэнл дарагдуулж, Наян түмэн дагинасаа өнчин болгож орхив уу, өнөр олноо орхиод, өнчин ганцаар юунд одов” хэмээн дуудав. “Гурван ухаанд мэргэжсэн Гуа сэцэн дагина минь Ногоон дара эхийн хөвүүн Оюу бодьсадвагийн хатан болох аваас орчлонгийн амьтан үхэх зовлонгүй, үгүйрэх гарзгүй, энх жаргаж, мөнх наслах  болно хэмээсэн буцааж болохгүй бурханы зарлигийг дагаж явна би. Хаан эцэг, хатан эх, хамаг улсад минь энэ учрыг айлтгана уу” хэмээсэнд тэнгэрийн орны улс бүгдээр тэнцэшгүй ихээр гашуудан уйлав. Ийнхүү Ногоон дара эхийн хөвгүүн Оюу бодьсадва Таван ухаанд мэргэжсэн Тансаг Зандан дагина хоёр сэтгэл нийлж, Ногоон дара эхийн хамтаар Бурхан багшийн зарлигаар Будлан уулын дэргэд алтан ордыг барьж, мөнгөн суваргыг байгуулаад суув гэнэ.

Дара эхийн тухай монгол домгуудаас:  Урьд цагт хоёр чөтгөр нэгэн айлын эхнэр нөхрийг муудалцуулан хорлохоор тохиролцжээ. Санасан ёсоор айлын эхнэр нөхөр муудалцаад  эхнэр нь нялх хүүхдээ бор халзан туулгай болгон аваад аав ээжийн гэр рүү явжээ. Үдэш орой болсон тул амандаа Дарь эхийн тарни уншаад явж гэнэ. Нэг чөтгөр нь зам тосон хорлохоор тохиролцсон боловч тааралдсангүй гэнэ. Нөгөө нь гүйж ирээд замд таарсан эсэхийг асуутал “Бор халзан туулай дагуулсан доголон Дарь эх л тааралдсан” хэмээжээ. Ингэж дарь эхийн тарнийн хүчээр эх хүү хоёр чөтгөрийн хорлолд өртөөгүй гэдэг. Доголон Дарь эх гэдэг нь тэр хүүхэн тарнийг буруу хазгай уншиж явсан ажээ.

Дара эх бурхан нь хамаг бурхадын үйлсийг даасан бурхан учир амьтанд туслах нь түргэн хэмээдэг. Дара эхийн Жагарын оронд бичигдсэн түүхээс аваад үзвэл найман аюулаас аврагдсантай холбоотой. Найман аюул гэдэг нь биеийг хорлогч гадаад найман аюул, сэтгэлийг хорлогч дотоод найман аюул гэж буй.

Дайсны аюулаас аварсан нь: Энэтхэгт нэгэн хаан ойд зугаалж яваад ядраад унтаж байтал зэвсэг барьсан олон цэрэг бүслэн авчээ. Тэрээр зугатан гарах ямар ч боломжгүй болж, “Дара эх гэж арван зургаан аюулаас авардаг нэгэн бий” хэмээн урьд сонсож байсан нь санаанд нь орж, “Дара эх минь” хэмээн хашгиран дуудав. Тэрхэн зуур Дара эх бурхан өмнө нь агаарт залран ирээд өлмий доороосооо их хуй салхи дэгдээвэл бүсэлсэн цэргүүд салхинд уруудан одсоноор хаан эсэн мэнд ордон өргөөндөө хүрч иржээ.

Арсланы аюулаас аварсан нь: Нэгэн түлээчин хүн мод түүхээр ойд явж байтал өлсгөлөн арслантай тулгарч, арслан түүнийг амандаа зууж үүр рүүгээ авч явжээ. Түлээчин эмээн дагжиж, Дара эх бурханд залбирахад, арсланы өмнө навчин дээлтэй нэгэн эмэгтэй гарч ирээд арсланг айлгаж, түлээчнийг арслангаас салгаж аваад, замчлан дагуулж явсаар хотын зээлийн газар хүргээд буцжээ. Дара эх бурхан тэрхүү эмэгтэй болж хувилан ирсэн ажээ.

Зааны аюулаас аварсан нь: Арван хоёр настай нэгэн охин ой дотор цэцэг түүж явтал Күни хэмээх маш догшин зэрлэг заан таарч, охиныг хошуугаараа ороон баглаж аваад, соёогоороо хадрахыг завдтал охин Дара эх бурханы нэрийг гэнэт санаж, чин сэтгэлээс Дара эх бурханаа залбирахад мөнөөх заан охины эрхэнд орж нэгэн чулуун дээр охиныг тавиад, хошуугаа газарт дэвсэн, урд хөлөө нугалан мөргөжээ. Охиныг дахин хошуугаараа ороож аваад хотын зээлийн газар хүргэж өгөөд охинд мөргөв. Түүний дараа сүмийн үүдэнд, хааны ордоны үүдэнд хүртэл охинд мөргөхийг хаан болон олон түмэн үзээд энэ охин маш буянтай нэгэн бололтой хэмээгээд хааны хатан болгон өргөмжилжээ. Заан ой руугаа буцжээ.

Галын аюулаас аварсан нь: Нэгэн айлынхан цөмөөр унтаж байхад нь тэднийхэнд өшсөн нэгэн хүн сэмхэн гэрийн нь гаднаас шөнө дөлөөр гал тавьжээ. Тэр айлынхан сэрээд гарах гэсэн боловч битүү галан дотроос гарч чадмааргүй болж “Ээ, Дара эх минь, яадаг билээ, халаг гэж” хэмээн уулгалан хашгирсанд тэдний дээр гүн хөх өнгөтэй, гоё хэлбэр бүхий үүл хуралдаж, маш том дусалтай аадар бороо орсноор түймэр унтарч, тэр өрх айл эсэн мэнд гарчээ. Дара эх бурхан үүл гаргаж галаас аварсан нь тэр ажээ.

Хорт могойн аюулаас аварсан нь: Нэгэн хотын биеэ үнэлэгч хүүхэн өөрт нь маш их эрдэнэсийн шан харамж өгнө хэмээсэн худалдаачны гэрт очихоор шөнө дөлөөр явж байгаад харанхуйд хөл хальтрахдаа нэгэн модны мөчрөөс зууртал, тэрхүү модыг ороон хэвтэж байсан хорт могой тэр хүүхнийг ороон аваад залгихыг завдтал, тэрээр Дара эх бурханыг бодсон даруй хорт могой цэцгэн эрих болон хувирч, долоо хоног биеийг нь чимэн байсан ажгуу. Долоо хоногийн дараа могой хор нь арилан, цав цагаан өнгөтэй болоод хүүхнийг орхиж голруу орж хөвөн оджээ. Энэ нь Дара эх бурханы ивээл ажээ.

Дээрэмчний аюулаас аврагдсан нь: Энэтхэгийн Гүжирата хэмээх орон газрын Варүгаза хэмээх нутагт маш баян нэгэн наймаачин байжээ. Тэрээр Мару хэмээх нутаг тийш олон тэмээ, үхэрт ачаа бараа ачиж явтал, зуур замд олон дээрэмчний үүрлэсэн газар ороод иржээ. Өмнө нь түүгээр явж байгаад алагдсан олон худалдаачдын мах цус, яс нь газар сайгүй нэлийн байх ба зарим хүмүүсийг модонд тэлэн хадаж орхисныг үзээд, чухам мангас махчины нутагт ирсэн мэт санагдаж, тэрхүү худалдаачин маш ихээр айж, ямар ч аврал ивээл олдошгүй болж, аргаа барахдаа Дара эх бурханд залбиртал, Дара эх бурхан, олон цэрэг бүхий жанжин болон хувилж ирээд тэнд үүрлэсэн дээрэмчин хулгайчдыг алс холд хөөж орхижээ. Худалдаачин цааш амар мэнд явж наймаа худалдаагаа дуусгаад буцаж нутагтаа амар сайхан явж иржээ.

Шорон гянданы аюулаас аварсан нь: Бүлэг хулгайчдын ахлагч нэгэн хүн хааны сангийн гэрт орж, хулгай хийж байгаад ваартай архи олж ууж согтоод унтаж орхисныг хааны харуул албатууд мэдэж бариад гянданд хийгээд хүлж, элдвээр тамалсанд тэр хүн өөр ямар ч арга эс олж, Дара эх бурханд залбирвал таван өнгө алагласан биетэй нэгэн шувуу тэнгэрээс бууж ирээд хүлээсийг нь тайлж өгөв. Тэр сацуу гянданы хаалга ч өөрөө аяндаа нээгджээ. Тэрээр амар мэнд гарч нутагтаа хүрч ирээд хоносон шөнө зүүдэнд нь чимэг зүүлт бүхий нэгэн бүсгүй үзэгдэж “Хэрэв чи миний ачийг санаж байгаа бол чи нөхдийнхөө хамт одооноос хойш хулгай хийхээ боль” хэмээн хэлэхийг үзээд, тэр хулгайч хүн сэрсэн хойноо нөхдөдөө энэ тухай хэлж түүнээс хойш тэд хулгай хийхийг больж, буянт сайн үйлийг ихээр хийх болжээ.

Далайн давалгаанаас аварсан нь: Энэтхэгийн өмнө зүгийн хэдэн худалдаачин хүн гурван онгоцоор далайд гарч, эрдэнэсийн аралд хүрээд нэг онгоцоо эрдэнэсээр дүүргэж, тэндээс мөн явсаар зандан модны аралд хүрч, нөгөө онгоцоо зандангаар дүүргээд буцаж явтал, тэр далайн эрдэнэсийн эзэн лус савдгууд уурлаж их салхи гаргаснаар онгоц нь холд туугдаж явсаар далайн усны өнгө олонтоо хувирч өөрчлөгдтөл явсаны эцэст маш их давалгаа бүхий газар хүрч иржээ. Тэгэхэд тэнд байсан худалдаачид тэнгэр, нар, сар, од гариг, уул усанд өдөр шөнөгүй залбирсан боловч тусыг эс олсны дээр онгоцуудын холбоос тасарч, ачаатай хоёр онгоц нь салан оджээ. Тэдний суусан онгоц ч эвдрэхийн даваан дээр тэдний дотор байсан бурханы шашинт нэгэн хүн Дара эх бурханы санаж, “Ом дарэ дүддарэ дүрэ сууха” хэмээх тарнийг чанга тод дуугаар уншин урьсанд тэр даруй тэдний онгоцонд зохилдсон салхи гарч онгоц нь буцан хөвж нэгэн шөнийн дотор эх газартаа хүртэл нөгөө хоёр онгоц нь ч хөвж урссаар хамт иржээ. Энэ нь Дара эх бурханы ачаар тийн аврагдсан ажээ.

Махчины аюулаас аварсан нь: Энэтхэгийн зүүн зүгийн нэгэн сүмд олон лам нар суудаг байжээ. Тэдгээр лам нараас шөнө бүр нэг лам алга болсоор тэр сүмийн хурал ном тасрах шахжээ. Нэгэн шөнө нэгэн хувраг хийдээсээ гарч салхилж байтал хав хар зүстэй, үзэшгүй муухай араа соёотой нэгэн махчин гарч ирээд толгойноос нь зууран авсанд тэрээр “Их хөлгөнийхний шүтдэг Дара эх гэж найман аюулаас аврагч нэгэн бурхан байдаг гэсэн. Түүнээс аврал эрье” хэмээн бодоод Дара эх ээ хэмээн дууджээ. Тэгтэл гартаа сэлэм барьсан нэгэн охин тэнгэр гарч ирээд тэрхүү махчин тийш сэлмээ далаймагц тэр махчин хуврагаас өршөөл гуйж, газар доороос дүүрэн эрдэнэстэй сав гарган ирж хуврагт өгчээ. Түүнээс хойш тэр сүмийнхэн ямар ч хор хөнөөлгүй амгалан тайван байх болжээ.

Уяман өвчнөөс аварсан нь: Энэтхэгийн нэгэн бирман багш уяман өвчинд баригдаж, тэр нь халдварласаар таван зуу орчим хүн өвчинд баригджээ. Тэднийг ах дүү, эмч домч нар үл хайхран орхин зугатсан учир тэд гуйлга хаялгаар амьдарч хэсүүчлэн явах болжээ. Тийн явж байтал нэгэн удаа замын хажууд Дара эх бурханы чулуун баримал байхыг үзээд үлэмж их сүсэглэж тэд бүгд залбирсанд Дара эх бурханы баримлын гараас эмийн ургамлын шүүс гоожсоныг тосож аваад түүгээр биеэ угаатал өвчин нь эдгэж, бирмануудын бие тэнгэрийн бие мэт өнгөлөг сайхан болжээ.

Индра тэнгэрийн элчийн аюулаас аврагдсан нь: Индра хэмээх тэнгэр нь Замбуутивийн зүүн зүгийг тэтгэгч тэнгэр бөгөөд түүний элч нь Гандари хэмээх ад байдаг ажээ. Тэр ад бол маш хэрцгий бөгөөд ном бясалгагч нарт саад хийдэг аж. Хэдэн хувраг ойд бясалгалд суудаг байжээ. Тэдгээр хуврагууд нэгэн шөнө бясалгалаа хийж суутал дээрх Индра тэнгэрийн элч ад нар хүрч ирээд зарим нь бирман, зарим нь хүүхэн, зарим нь хувраг, зарим нь бирд, зарим нь ирвэс, бар, чоно болон хувирч айлгасанд ихэнх хуврагууд айсандаа солиорч, эргүү маанаг болцгоогоод бясалгал хийж чадахаа байж дуу дуулан, бүжиглэж цагийг өнгөрөөх болжээ. Түүнийг нэгэн гэлэн сонсоод адын хорлол болохыг мэдэж Дара эх бурхан гэж аюулаас аврагч нэгэн байдаг гэж алдаршсан тул тэрээр туслах болов уу хэмээн бодож “Энэ ой нь Дара эх бурханы ой болой” хэмээн бичээд модонд зүүжээ. Тэр даруй адын аюул арилж, тэдгээр хуврагуудын ухаан санаа эргэж, бүгдээр Дара эх бурханд сүсэглэх болж, их хөлгөний номонд оржээ.

Үгүйрлийн аюулаас аврагдсан нь: Эрт цагт Энэтхэгт маш ядуу нэгэн хүн тэнэж яваад замын хажууд байсан Дара эх бурханы чулуун барималд өөрийн зовлон гунигаа ярьсанд тэр баримал хөдөлж ойролцоо байсан суварганы хажуу дахь газрыг зааж үүнийг ухвал эд баялгийн сан олдоно хэмээн хэлжээ. Тэр хүн Дара эхийн заасан газрыг ухсанд эрдэнэсээр дүүрсэн алт, мөнгөн хоёр ваар олж, долоон үеийг дуустал баян болсон ажээ. Мөн өөр нэгэн ядуу хүн Дара эх бурханы алдар нэрийг олон удаа дуудан залбирсанд модны навч зүйж нөмөрсөн нэгэн хүүхэн тааралдаж зүүн тийш яв хэмээн хэлжээ. Тэрээр зүүн зүг явсаар нэгэн элстэй газар унтаж хоноглож байтал хонх дуугарах шиг болсноор сэрж хартал хонх хүзүүндээ зүүсэн ногоон өнгийн нэгэн морь туурайгаараа элс цавчлан ухаж байхыг үзэв. Тэр морь хэсэг цавчилж байгаад явсан хойно нь тэрээр очиж морины хонхойлсон газрыг ухтал эхлээд мөнгөн хаалга, тэндээс алтан хаалга, болор хаалга, биндэръяа хаалга зэрэг долоон эрдэнийн хаалга таарсныг дараалан нээж явсаар газар доорхи оронд лусуудын ноён болон сууж баян тарган сайхан амьдарсаар нэгэн удаа тэрхүү газар доорхи нүхнээс гарч иртэл тэр хооронд гурван хааны төр өнгөрсөн байсан ажээ.

Садан амрагаас хагацах аюулаас аврагдсан нь: Эрт цагт өнөр өтгөн, эд баялаг арвин нэгэн хүн байжээ. Тэгтэл нутагт нь өвчин гарч үр хүүхэд, хань хамсаатан, ах дүү нар нь цөм үхэж, орь ганцаар үлджээ. Тэрээр уй гунигт автан тэнэж явсаар нэгэн сүмд ортол тэр сүмийн хуврагууд Дара эх бурханы тахилга хурал хурж байхыг үзэж, мөн тэдгээр хуврагуудаас Дара эх бурханы эрдмийг сонсож бишрээд нэгэн баглаа цэцэг өргөж залбирчээ. Тэгээд нутагтаа буцаж иртэл хаан түүнд охиноо гэргий болгон өгч тэрээр эрх баялгаар дүүрэн сайхан амьдарч, үр хүүхэдтэй болсон ажээ. Тэрээр Дара эх бурханы олон сүм барьж, сүм бүрт Дара эх бурханы тахилга хурал уншуулдаг болжээ.

Хааны засаглах аюулаас аврагдсан нь: Энэтхэгт нэгэн баян хүн байдаг байсан бөгөөд түүнд хаан эзэн нь зарим нэг шалтгаанаар дургүй байх болсон ажээ. Тэгээд хаан түүнийг барьж цаазлах гэм хайж суудаг болж гэнэ. Тэгтэл нэгэн удаа тэр баян хааны албатаас хэдэн хүнийг дагуулж хааны нутгаас өөр газар руу зөвшөөрөлгүй явсан учир хаантан дөрвөн бөхийг илгээж, түүнийг хүлүүлэн авчирчээ. Баян ирэх замдаа Дара эх бурханд чин үнэнээсээ залбирсаар явтал, бурханы ивээл адисаар тэр баян хааны ордоныг босгыг гишгин ортол босго нь алт болсон бөгөөд гянданд хийтэл тэнд эрдэнэсээр бороо орж, өргөст модонд дүүжилтэл тэр мод нь жимст сайхан мод болон хувирах зэрэг сонин зүйл болсонд хаан болон албатууд гайхширч “Ийм буянтай хүнийг цаазалж яаж болох вэ” гэцгээн шадар түшмэлээ болгожээ.

Аянгын аюулаас аврагдсан нь: Бенгали хэмээх орны нэгэн хүн тариалангийн газрынхаа захаар алхаж яваад, нэгэн бирдийн хөрөг чулуу байсныг гишгээд өнгөрчээ. Түүнд бирд уурлан шөнө нь тэдний гэр дээрээс хорин нэгэн галт аянгын сум буулгасанд тэр хүн Дара эх бурханд залбирвал аянга нь цэцэг болон хувирч түүний гэр оронд ямар ч балаг хөнөөлгүй өнгөрчээ. Аянгын сумууд тэр айлын гэрт үлдсэнийг тэрээр олон бясалгалч шидтэнд өгсөн нь шид бүтээхэд их хэрэгтэй зам болсон гэнэ.

Хэрэг үйл бүтэхгүйн аюулаас аварсан нь: Нэгэн хүн өөрийн тариалангийн газартай болохоор шийдэж анжис худалдан авчээ. Улмаар хаанаас газар гуйж худалдан авахын тулд алс холын эрдэнэсийн арал руу онгоц хөлөглөн явжээ. Ингэхдээ өөрийн эд хөрөнгөө найз нөхөртөө хадгалуулан орхив. Тийнхүү явж эрдэнэсийн арлаа хайсаар нэгэн өдөр аралтай тааралдаж, онгоцондоо эрдэнэсийг дүүртэл ачаад эргэж явтал онгоцыг нь матар загас хошуугаар цоолсон учир онгоц нь эвдэрчээ. Өөрөө нэгэн хавтгай модноос зуурч давалгааны аясаар хөвсөөр эх газарт гарч ирээд найзыгаа хайн сурч иртэл тэр нь баранд идэгдэн үхсэн байжээ. Тэрээр ажил үйл нь үл бүтсэн учир санаагаар унан суутал нэгэн нөхөр нь түүнийг Дара эх бурхан шүтэхийг зөвлөснөөр дара эх бурханд сүсэглэн залбиртал зүүдэнд нь “Синдү мөрний хөвөөнд оч, бодсон хэрэг чинь бүтнэ” гэж хэлэхийг сонсоод Синдү мөрний хөвөөнд очтол далайд эвдэрсэн онгоцонд орхисон эд эрдэнэс нь далайн хөвөөнд гарч ирсэн байхыг олж авав. Мөн найзынхаа үхсэн газар очиж нэгэн газрыг ухтал өөрийнх нь хадгалуулсан эд хөрөнгө гарч ирсэн тул тэр бүгдийгээ аван нутагтаа ирж хаанд олон эрдэнэс өргөсөнд хаан түүнд таван хотын их газар шагнан өгчээ.

Дара эх бурханд залбирах: Дара эхийн номуудыг шинийн найманд голчлон уншдаг. Дара эх бурхан шинийн наймнаас арван тавны өдрийн хооронд илүү туслах тангараг ерөөлтэй учраас тухайн өдрүүдэд голчлон уншдаг байна.  Ногоон дара эхийн тарнийг өдөр бүр 42 удаа уншиж байвал тус хүч нь их болно хэмээдэг. Өглөө эрт үүрээр 21, үдэш харуй бүрийгээр 21 удаа унших бөгөөд өглөө уншихдаа Дара эх бурханыг амирлангуй номхон дүрээр заларч байна хэмээн бясалгаж, тухайн өдрийн ажил үйлс бүтэмжтэй байж, амь нас баттай, эд баялаг дэлгэрэх талаар даатган бясалгаж уншина.  Үдэш уншихдаа Дара эх бурханыг догшин хилэнтэй байдлаар заларч буйгаар бясалгаж, өөр бусдын аливаа ажилд саад тотгор учруулагч шимнусын бодол, хараал шившлэг, хэл ам, хэрүүл тэмцэлийн зүйлс бүгдийг арилгаж байна хэмээн бодож уншдаг байна.

Дарь эхэд залбирч мөргөснөөр аливаа ажил үйлс сэтгэлчлэн бүтэх, хүмүүн хийгээд хүмүүн бус лус, ад зэтгэрийн хорлолд үл автах, цаг бусын өвчин зовлонгоос гэтэлгэх, үгээгүй ядуу хоосныг арилгаж хишиг буяныг арвижуулах, араатны аюул, тахал өвчин, гал усны харшил, хулгай дээрмийн аюул тэргүүтэй найман их аюулаас аврах, энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг улам төрүүлж бусдыг хайрлан адислах, үр хүүхэд, нас буян, ажил үйл, мөрөөдөл гэх мэт хүссэн бүхнийг хайрлах ач тустай хэмээн олон ном судруудад дурдсан байдаг.