Ловон Бадамжунай

Улааны урсгал болох Нимава ёсоныг үндэслэгч бөгөөд НТ YII зуунд баруун Энэтхэгт Данагша хэмээх нуурын Лянхуа цэцэгт газарт мэндэлжээ. Тэр нутгийн хаан Индрабоди нь хөвгүүн үгүй тул Бадамжунайг үрчлэн авч хүмүүжүүлжээ. Тэрбээр хаан төрийг орхин өмнөд Энэтхэгийн Сэрүүн цэцэрлэг зэрэг 8 алдарт газраар явж бясалгал даяан хийж Доржпагма, Хандма нарын адистэдийг олж их Дүвчин болсон байна.  Энэтхэгийн алдарт тарнийн ухаантан нарыг шүтэн йогийн баясалгалын нууц увидасыг олсноор хувилгааны гайхамшигт чадлыг үзүүлэх болжээ. Төвдийн хаан Тисрондэвзан Бадамжунайг урин залж газар усны эздийг номхотгуулсан байна. Ловон Бадамжунайг улаан малгайтай, завилан суусан, нэг мутартаа 3 үзүүрт хадамгаа барьсан, нөгөөдөө гавал барьсан байдлаар дүрсэлдэг. Зүрхэн тарни нь “Ум базар гүрү бадма сэди хум” бөгөөд муу бүхнээс авран хамгаалж сайн үйлийг тэтгэн дэлгэрүүлнэ.