Дамдинчойжоо бурхан

Монголоор Эрлэг номун хаан гэдэг. Богд Зонховын гол шүтээн бөгөөд Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч юм. Сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүртэй, лагшин биеийн өнгө нь хар, гурван ертөнцийг нэвт харах чадалтай хурц мэлмийтэй, амаа ихэд ангайлгасан, дөрвөн хурц соёог ярзайлгасан, хэл нь хуйларсан, хөмсөг ба сахал нь гал мэт бадарсан, үс нь сэгсийсэн бух толгой бүхий тэргүүнтэйгээр оршино. Дамдинчойжоо бурхан гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүртэй байдаг. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Нэг мутартаа цалам барьж, нөгөө мутартаа дүүрэн цустай гавлан аяга барьсан байдаг.  Зарц нар нь хар өнгийн адгууснууд буюу тамын орны илдэч яргачид юм. Ариун цагаан арван буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндэтгэл үзүүлдэг.