Богд гэгээн

Монголд буддын шашин дэлгэрснээр томоохон хутагт лам нар шарын шашны зүтгэлтнүүд төрөн гарч, шашин номын хэргийг улам цэцэглүүлэн хөгжүүлж байжээ. Монголын буддын шашны тэргүүн нь Богд гэгээн байсан бөгөөд 1639-1924 он хүртэлх 285 жилийн хугацаанд найман Богд гэгээн амьдарч байв. Аливаа шашны үйл ажиллагааг хориглосноос үүдэн 1990 он хүртэл дахин хутагт хувилгаадыг тодруулаагүй бөгөөд Ардчилсан хувьсгалын дараагаар 1992 онд IX Богд гэгээнийг XIY Далай лам баталгаажуулж, 1999 онд Монголын буддын шашныхан хүлээн зөвшөөрчээ. Богд гэгээнийг монголчуудын өнгөрсөн, одоо, ирээдүй энэ гурван цагийг даасан оюун санааны манлай хэмээн үздэг.

Анхдугаар Богд гэгээн: Номын нэр нь Лувсандамбийжанцан буюу Өндөр гэгээн Занабазар нь Түшээт хан аймгийн Илдэн бэйлийн хошууны нутаг Усан зүйл хэмээх газар (одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сум) 1635 оны модон гахай жил Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц нарын гэрт мэндэлжээ. Гурван настайдаа Манзушир бурханы магтаалыг цээжээр уншиж, дөрвөн настайдаа энэтхэг, төвд хэлээр судар ном уншиж эхэлжээ. Таван настайд нь Төвдийн Y Далай лам, Банчин Богд нар Жибзундарнатын хувилгаан мөн болохыг тодруулж Их Монгол уулын энгэрт байх Ширээт цагаан нуурын дэнж дээр Монголын шашны тэргүүн, Анхдугаар Богдод өргөмжлөн залжээ. 13 настайд нь эцэг Түшээт хан Гомбодорж, Шолой сэцэн хан нар Их Монгол уулын энгэрт нэгэн сүм барьж өгсөн нь хожим Баруун Хүрээ гэж алдаршжээ. 15 настайдаа Төвдөд суралцаж, 17 насандаа эргэн ирж одоогийн Төвхөн хийдэд Бүтээлийн сүмийг, 1654 онд Хэнтийн нуруунд Их Хүрээ, 1702 онд Зүүн Хүрээг тус тус үүсгэн байгуулжээ.

Өндөр гэгээн 1686 онд Соёмбо үсгээ зохиож “Миний хувиршгүй номын үсэг Замбуутивийг бүрхэнэ” хэмээн айлджээ. Ганжуурыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхлүүлж, Данжуур, Бодь мөрийн зэрэг, Алтангэрэл гэх мэт олон алдартай судруудыг дахин хуулан бичих, бусад номыг орчуулах, барлан хэвлүүлэх гэх мэт ажлуудыг шавь нарын хамт хийжээ. Өндөр гэгээн өөрөө Маанийг бүтээх арга, Жанлавцогцол, Пунцагсүм зэрэг 100 гаруй цуврал номоос бүтэх нэг боть зохиол туурвижээ. Монголын бурхан бүтээх аргыг үндэслэн сургууль байгуулж, Очирдара, Ногоон Дара эх, Язгуурын таван бурхан, Аюуш, Манал зэрэг бурхад олныг бүтээсэн нь эдүгээ хосгүй үнэт эрдэнэ болон хадгалагдаж байна.

Өндөр гэгээн шашны зүтгэлтэн төдийгүй Монголын нийгэм улс төрийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж байсан тухай баримт бий ажээ. Түүхийн ээдрээтэй цаг үед түүний явуулсан бодлого холч мэргэн байсан гэдгийг хожмын судлаачид дүгнэжээ. Манжийн Энх-Амгалан хааны дэргэд сууж шашин номынхоо үйлийг эрхэлж, өөрийн эрдэм чадлыг Манжийн хаанаар хүлээн зөвшөөрүүлж, монголчуудыг булаан эзлэх бодлогыг нь сулруулж, монголын хил хязгаарыг хэвээр нь үлдээлгэж, монгол соёл зан заншлыг тэр хэвээр нь хадгалан үлдэх боломжийг бүрдүүлсэн гэж үздэг. Манжийн Энх-Амгалан хаан Богд гэгээнийг олон зүйлээр сорьжээ. Нэгэн өдөр Өндөр гэгээнийг ордондоо залаад, тусгайлан зассан сэнтийний доор ганжуур судар тавиад “Хутагт та морилон суу” хэмээн урьжээ. Өндөр гэгээн суухынхаа өмнө жижиг бөөрөнхий шилийг сэнтийд хүргээд суужээ. Манжийн хаан “Халхын Богд танаас бурхан багшийн зарлигласан ганжуур ах уу, та ах уу” гэжээ. Өндөр гэгээн “бурхан багшийн зарлиг ах байлгүй яахав” гэсэнд Энх-Амгалан хаан “тэгвэл Богд та бурхан багшийн зарлиг дээр суучихлаа” гэжээ. Тэгээд үзсэнд Өндөр гэгээний суусан сэнтийн доод талд дан хоосон цаас өрөөстэй байсан гэнэ. Өндөр гэгээн суудалд суухын өмнө бөөрөнхий шилэн бөмбөг хүргээд судрын бүх үсгийг шилэнд хураагаад авчихсан байжээ. Энэ мэт олон удаа Манжийн хааныг бишрүүлсэн гэдэг. Өндөр гэгээн Занабазар 1723 оны 2 дугаар сарын 18-нд жанч халсан байна.

Хоёрдугаар Богд: Номын нэр нь Лувсандамбийдонмэ бөгөөд 1724 онд Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутагт Туул голын сав газар Өгөөмөр хэмээх газарт (одоогийн Төв аймгийн Алтанбулаг сум) Хотогойдын Баярт гүний гэрт шидийг үзүүлэн мэндэлжээ. Баярт гүний хатан нь эфү цолт Чин ван Дондовдоржийн охин юм. 1729 онд зургаан настайд нь Саадаг хэмээх газарт Халхын II Богдод өргөмжилж, мандал өргөн их ёслол үйлдэж, урьд дүрийн бүх эрх ямба, хэргэм цолыг шагнажээ. 1737 онд өөрийн багшийн хамт Манжийн эзэн хаан Тэнгэр тэтгэгчид бараалхаж, 1739 онд Их Хүрээнд жүд дацан, 1750 онд Манзушир ламын хийдийг, 1756 онд Их Хүрээнд гүн ухааны Дашчоймбол дацанг байгуулжээ. Тэрбээр 1757 оны 1 дүгээр сарын 5-нд таалал төгсчээ. II Богдын үед Ойрадыг манж нар эзэлж, Манжийг эсэргүүцсэн Хотогойдын Чингүнжав, Ойрадын Амарсанаа нарын бослого хөдөлгөөн гарч, эл бослогод оролцсон түүний ах Ренчиндорж ван Бээжинд цаазаар авхуулжээ. Түүний дүү учраас II Богд Манжийн чанга хараа хяналтан дор байсан байна.

Гуравдугаар Богд: Номын нэр нь Ишдамбийням бөгөөд 1758 онд Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, эх Норжинбаммо нарын гэр бүлд мэндэлжээ. Манжийн төр II Богдоос хойшхи хутагтуудыг Төвдөөс тодруулж байх зарлиг гаргажээ. III Богдыг  IY Банчин-Эрдэнэ тодруулан залж, Литанд хүрэлцэн очсон ч төвдүүд III Богдыг нууж, гаргаж өгөхгүй байжээ. Тэр үед аваачихаар очсон Шижирбаатар тэргүүтэй хүмүүс тодорсон хүүхдийг шинж тэмдгээр нь таниад булааж аван зугтаж ирсэн ажээ. 1763 онд Богдыг ширээнд залах ёслол үйлдэн эрх ямба, цол хэргэм шагнажээ. III Богд Их Хүрээнд 1760 онд Манбадацан, 1765 онд Дамбадаржайлин хийдийг үндэслэн байгуулжээ. Тэрбээр 1773 онд таалал оршсон байна. Хүүхэд байхаасаа монгол үлгэр домог сонсож, шүлэг, зүйр цэцэн үг цээжилж, түүний үзэл санаагаар хүмүүжсэн гэдэг.

Дөрөвдүгээр Богд: Номын нэр нь ЛувсанТөвдэнван Чүгжигмэджамц хэмээх IY Богд нь 1775 онд Төвдийн Лхас нутагт түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. YI Банчин-Эрдэнэ Халхын IY Богдод тодруулж, үсэг уншлага заажээ. Долоон настайд нь 1781 онд Их Хүрээнд залж ёслол үйлджээ. IY Богд одоогийн Гандантэгчэнлин хийд байгаа газарт Далха бурханы тахилгыг үйлдэн, Зүүн Хүрээнээс Чойрын хоёр дацанг нүүлгэн ирүүлжээ. Эл үеэс Далхын дэнж хэмээн нэрлэгдэх болсон байна. 1789 онд Зурхайн дацанг, 1806 онд нууц тарнийн ёсны Дүйнхор дацанг, 1807 онд Шэдүвлин хийдийг, 1809 онд Гунгаачойлин дацанг байгуулжээ. Эдгээр нь Монголд судар тарнийн ёс хөгжихөд ихээхэн хувь нэмэр болжээ. Тэрбээр 1813 онд Хүрээ цамыг анх дэглэснээс гадна магтаал, залбирал, ламын йог тэргүүтэй 517 бүтээл туурвисныг нэг боть ном болгож Их Хүрээнд хэвлэжээ. IY Богд нь 1813 оны 1 дүгээр сарын 7-нд таалал төгсчээ.

Тавдугаар Богд: Номын нэр нь Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан буюу Y Богд нь 1815 онд Төвдийн Лхас хотын ойролцоо түшмэл Гомбодондов, эх Ригзэнбүтэд нарын гэрт онцгой шинж тэмдэгийг үзүүлэн мэндэлжээ. YII Банчин-Эрдэнэ “Y Богд” мөн хэмээн тодруулж 1820 онд зургаан настайд нь их суудалд залж ёслол үйлджээ.  1834 онд 20 настайдаа Их Хүрээнд монгол маягийн хэв загвараар Майдарын сүм бариулж наян тохой Майдар бурханг, Баруун Чойрт Алтан Ганжуур тус тус бүтээлгэн залжээ. 1837 онд 60-аас дээш насны хөгшид, 15-аас доош насны хүүхдүүдтэй зөвлөлдөн Далхын дэнжид Гандантэгчэнлин хийдийг нүүлгэж ирүүлжээ. 1841 онд Ламрим дацанг бариулж, Бадма ёга дацангуудыг Гандан хүрээнд нэгтгэжээ. Гүн ухаан судалдаг баруун дацанд Гунгаачойлин, зүүн дацанд Дашчойлин хэмээх нэрийг тус тус хайрлажээ. Y Богд нь гайхалтай ид шидийг үзүүлсэн эрдэм чадалтай байсныг Хүрээний хөгшид ярьдаг байв. Өөрийн багш Дамцагдоржоос (Онгийн хийдийг байгуулсан ламтан) Нархажод бурханы авшиг хүртэж, бясалгал бүтээн Их Хүрээнд жинсрэг цутгасанд үдэш нь дөрвөн уулын хооронд улаан туяа татан гэрэлтжээ. Үүнийг Хүрээний настангууд Нархажод бурхан биеэрээ заларсан хэмээн бэлгэшээсэн гэдэг. Дараа нь Туул голын хөвөөнд, Зайсангийн амны ойролцоо Нархажод сүмийг байгуулжээ. Y Богд  орчлонгийн сав шимийн дууллыг өгүүлсэн нэг боть ном зохиожээ. Y Богд  1841 оны 11 дүгээр сарын 18-нд таалал оршжээ.

Зургадугаар Богд: Номын нэр нь Лувсанбалдандамбийжанцан буюу YI Богд нь 1843 онд Төвдийн Лхасын хойд хэсэгт эцэг Содномдаржаа, эх Лхамдолгор нарын гэрт онцгой шинжийг үзүүлэн мэндэлжээ. YII Банчин-Эрдэнэ YI Богдод тодруулан увш сахил хүртээжээ. 1848 онд Монголд залж YI Богдод өргөмжлөн их баярыг үйлдэн урьд дүрийн цол хэргэм, эрх ямбыг өргөсөн байна. Гэвч тун удалгүй хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

Долдугаар Богд: Номын нэр нь Агваанчойживанчүгпринлайжамц буюу YII Богд нь 1849 онд Төвдийн Лхасын ойролцоо нутагт гүн Мягмар, эх Норовлхам нарын гэрт шидийг үзүүлэн мэндэлжээ. XI Далай лам Хайдавжамц “YII Богд” мөн хэмээн тодруулж, түүний шинж төрх, ааш зан, биеийн байдал нь өмнөх дүртэйгээ адил хэмээн Манжийн эзэн хаанд айлтган сонсгож, 1855 онд зургаан настайд нь Их Хүрээнд залж Халхын YII Богдод өргөмжилжээ. Тэрбээр 10 гаруй настайдаа “Гүр дуулал” хэмээх ном айлдсан нь Их Хүрээний номч мэргэдийн дунд ихэд алдаршжээ. YII Богд  1868 оны 12 дугаар сарын 26-нд таалал төгсчээ.

Наймдугаар Богд: Номын нэр нь Агваанлувсанчойжинямданзанванчүг. Тэрбээр 1869 оны 10 дугаар сарын 13-нд Төвдийн Лхас хотод  түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. XII Далай лам Принлэйжамц, Банчин-Эрдэнэ нар хамтран тодруулж сахил хүртээн номын нэрийг нь хайрлажээ. 1874 оны өвлийн тэргүүн сард Их Хүрээнд Халхын YIII Богдод залж, мандал өргөн, эрх ямба, цол хэргэм өргөжээ. Номын багшаар нь гурван их ламтаныг залж судар тарнийн ёсонд сургажээ. Түүний багш Балданчоймбол, Лувсанхаймчиг нар нь Их Хүрээний хамба Номун хан байв. 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их Хүрээнд буддын гүн ухааны Идгаачойлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжэ. Мөн түүний зарлигаар Ганжуурыг хүрээ бараар бүрэн хэвлэсэн байна.

1911 онд монголчууд тусгаар тогтнолоо зарлаж 12 дугаар сарын 29-нд Богд Хаант Монгол Улсыг байгуулан YIII Богдыг “Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжлөв. Тэрбээр Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан нийт монголчуудын оюун санааг нэгтгэж чадсан юм. Богд Хаант Монгол Улс байгуулагдсанаар “Олноо өргөгдсөн” хэмээх шинэ он тоололтой болжээ. YIII Богдын санаачилгаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг төрийн туг, далбаанд байрлуулсан байна. 1921 онд Ардын хувьсгал ялснаар хаант төрийг халж, YIII Богдод зөвхөн шашны хэргийг хамааруулан төрийн хэрэгт оролцох эрхийг нь хязгаарлажээ. 1924 онд 56 насандаа таалал оршсон юм. YIII Богдыг их хувилгаан шидтэй хүн байсан гэлцдэг бөгөөд түүний нэг жишээ нь, 1920 онд гамин цэргүүд Их Хүрээг эзэлж Богд хааны ногоон ордонг их буугаар галлахад ногоон ордон огтхон ч эвдэрч сүйдээгүй байна. Түүний зохиосон сургаал, магтаал, залбирал, бясалгал зэргээс бүтсэн нэг боть ном байдаг.

Есдүгээр Богд: Номын нэр нь Жамбалнамдолчойжижанцан.  1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт содон тэмдэг үзүүлэн мэндэлжээ. Дөрвөн настайд нь XIII Далай ламын тамга түшигч Радэн ренбүчэ, Найчүн Чойжин нар Халх Монголын YIII Богдын хойд дүр мөн хэмээн тодруулж, найман настайд нь сахил хүртээж, номын нэр хайрлажээ. Тэрбээр 21 нас хүртэл буддын гүн ухаанд суралцаж, 29 нас хүртэл Жонон Дарнатын хийдэд тарнийн гүн ухааныг судалж, олон мэргидээс номын рашаан хүртэж, бясалгалын бүтээл зохиож, өөрийн олон шавь нарт сургаал номлолоо хайрласаар иржээ. Цагийн эрхээр 1961 онд Энэтхэгт дүрвэн гарч Даржайлин, Масури, Мадъяа, Парадеш хэмээх газруудад сууж байгаад XIY Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод ирж суурьшжээ. 1992 онд XIY Далай лам Халхын Жибзундамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаажуулж өөрийн гарын үсэг бүхий батламж өргөжээ. 1999 онд Монголд ирж, шашны бүх байгууллага тамга дарж хүлээн зөвшөөрснөөр IX Богдод өргөмжлөгдсөн. 1925 онд YIII Богдыг таалал төгсөхөд Хүрээнд нэгэн дуу зохиогджээ. Шар морьтын хөтөл дээр гараад иртэл, Шанбалын хаалга цэлс хийгээд нээгдлээ хө, Тунамал дүртэй Богдийгоо, Туулай жилд зална даа хө гэсэн байдаг. IX Богд Монголд ирсэн нь 1999 оны туулай жил байсан байна.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах