Цогт хунтайж

1581 онд Чингис хааны Алтан ургийн Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онохуй Үйзэн ноёны тавдугаар хүү Баарай хошуучийн хүү болон мэндэлжээ. Багаасаа монгол бичигт суралцсан тухайн үеийн боловсролтой хүмүүсийн нэгэн байсан бөгөөд орчуулагч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн хүн юм. Буддын шашны улааны урсгалыг баримтлагч Цахарын Лигдэн хааны бодлогыг тууштай дэмжигч байсан бөгөөд өөрийн тугийн дор 40 мянган цэрэг захирч эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан учраас түүхэнд мөнхрөн үлджээ. 1632 оны 4 дүгээр сард Манжийн хаан Абхай өөрийн биеэр цэрэг удирдан Хорчин, Харчин, Баарин, Жарууд, Найман, Түмэд, Ар хорчин, Хонгирад, Асуд аймгийн монгол цэрэгтэй зам зуур нэгдэж Хянганы давааг давжээ. Лигдэн хааныг гэнэдүүлэн цохих гэсэн оролдлого нь бүтэлгүй болж Лигдэн хаан хүч сэлбэхээр Хөх нуурыг чиглэн буруулжээ. Лигдэн хаантай хамт зугтсан хүн амын тоо 10 түм илүү байсан боловч зам зуурт тэдний тэн хагасаас илүү нь үлдэж хоцорчээ. Лигдэн хаан Төвдөд улааны шашны бүлэглэлтэй нэгдэж шарын шашны эсрэг Манжийн хааны эсрэг тэмцэхээр шийдсэн байсан боловч 1634 онд Шар тал гэдэг газарт цэцэг өвчнөөр өвдөж 43 настайдаа тэнгэрт хальжээ.

Цогт хунтайж манж нарыг дагалдагч ноёдуудад хавчигдан ганцаардсан тул арга буюу 1632 онд эх орноо орхин Хөх нуурт ирж өөрийн авга ах, Монголын сүүлчийн хаан Цахарын Лигдэнтэй нэгдэхээр ирсэн боловч ирэхээс нь өмнөхөн нас барсан байв. Цогт хунтайж Хөх нуурт Түмэдийн тархай бутархай байдлыг засаж, Түмэн Хулачи ноёныг эрхэндээ оруулаад, Нуурын ам гэдэг газар суурьшиж, Амдуугийн шарын шашны талынханд хүчтэй цохилт өгч “Хөх нуурын Цогт хаан” хэмээн алдаршжээ. Тэр үед Төвдөд улсын дээд эрх мэдлийг авахын төлөө нэг талаас Төвдийн сүүлчийн хаан Пунцагнамжил, нөгөө талаас V далай лам, IV Банчинбогд нар өрсөлдөж улаан, шар малгайтан гэсэн нэрийн дор тэмцэлдсэнийг Цогт тайж ашиглан Пунцагнамжилтай холбоо тогтоож, шар малгайтны эсрэг тэмцэж, Төвдийг эзлээд, тэндээс хүч сэлбэн Манжийн эсрэг бодлого явуулсан байна. Цогт хунтайжийн даалгавраар Төвдийн хаантай холбоо тогтоож, Үй болон Цанг эзлэхээр цэрэг захиран явсан түүний хөвгүүн Арслан тайж шарын шашны талд орж ааваасаа урван Y Далай ламд мөргөснийг Цогт хунтайжийн шадарууд эцэгт нь ирж мэдүүлсэнд, хүүгээ аргаар алсугай хэмээн зарлиглаж, түүнийг ёсоор болгожээ. Үүний дараа Далай лам Банчинбогд нар сандарч Ойрадоос тусламж гуйхаар нууц элч явуулж зөвлөлдсөний дагуу Ойрадын гүүш хаан Төрбайх Төвдөд яаравчлан ирж “шар” малгайтны цэрэгтэй хүч хавсран 1637 онд Цогт тайжийн цэргийг цохиж, хунтайж амь үрэгдсэн түүхтэй. Эл тулалдаанаар Гүүш хаан Төрбайх Хөх нуурт бэхжиж 1638 онд Лхаст Далай ламтай уулзаж, 1639-1640 онд Кам орныг, 1641-1642 онд Үй, Цан зэрэг орныг нэгтгэснээр бүх Төвд орныг эзэлж, улааны урсгалын бүх холбоотнуудыг устгажээ. 1655 онд Төрбайх нас барахад түүний хүү даян тайж Очир залгамжлан 1717 он хүртэл Төвдийг захиран суужээ. Эл үед Зүүнгарын хаан Сэнгэравдан Төвдийг эзлэхээр ирж санаснаа биелүүлээд байтал 1720 онд Манжийн хаан Ойрадын гол хүчийг цохисноор Төвд орон Манжийн эрхшээлд оржээ.

Түүхэнд тэмдэглэснээр Цогт хунтайжийн яруу найргаас гурван бүтээл нь хадан дээр сийлэгдсэн байна. 1621 онд ан хийж явахдаа нэгэн алдарт шүлгээ уянгалуулан хэлснийг 1624 онд Дайчин хиа, Гүенбаатар нар хадан дээр сийлж үлдээсэн нь эдүгээ Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт “Дуутын хадны шүлэг” хэмээх нэрээр алдаршиж үлджээ. Үүнийг 1921 онд Чин ван Ханддорж буулгуулан, Оросын эрдэмтэн В.Л.Котвичид явуулснаар эрдэм шинжилгээний эргэлтэд орж олны хүртээл болсон ажээ.

Эх сурвалж: Монгол орны лавлах