Манлайбаатар Дамдинсүрэн

Одоогийн Өвөрмонголын Хөлөнбуйрын Шулуун цагаан барга хошууны Илч сумын занги Жамсрангийн гуравдугаар хүү болон 1871 оны 3 дугаар сарын 13-нд мэндэлжээ. “Би хятад гамингуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ” хэмээн гяндангийн хана түшин харамсалтайгаар нас барсан Манлайбаатар Дамдинсүрэнг Монголын ард түмэн сайн мэддэг билээ. Багадаа Лу бичээч хэмээн алдаршсан багшид шавь орж, монгол, манж, хятад хэл заалган дорно дахины гүн ухаан, монгол угсаатны түүх шастир заалган эрдэм боловсролыг олжээ. 16 настайгаасаа хошуу тамгын газарт бичээчээр ажиллаж, хожим хошууны занги болж, 1911 оны эрх чөлөөний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, өөрийн хошууны барга ардуудыг дагуулан Халх Монголд ирж суурьшсан байна.

Эрх чөлөөний тэмцлийн үед Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Алшаа, Хөх нуур, Цайдамын монголчууд нэгдэн Монгол улсад дагаар орж ирсэн бөгөөд эл тэмцлийг Дамдинсүрэн толгойлжээ. Тэдний тэмцэл Өвөрмонголын олон аймагт үлгэр дуурайл болж, Шилийн голын чуулганы 10 хошуу, Жирэмийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы 5 хошуу, Зостын чуулганы 2 хошуу, Улаанцавын чуулганы 6 хошуу зэрэг дотоод Монголын 49 хошууны 38 нь Богд хаант Монгол улсад нэгдэхээ илэрхийлэн төлөөлөгчдөө Нийслэл Хүрээнд ирүүлж батламж бичиг хүргүүлж байсан түүхтэй.

Дамдинсүрэнгийн удирдсан барга цэргийн хороо нь Хатанбаатар Магсаржавын хамт 1912 онд баруун хязгаар Ховд хотыг чөлөөлж, 1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх “Таван замын байлдаан”-д баатарлагаар тулалджээ. Эл гавъяаг үнэлэн цэргийн жанжин, Манлайбаатар цол, үе улиран залгамжлах засаг төрийн ван хэргэм хүртээж отго жинсээр шагнан, Богд хаант Монгол улсын Гадаад яамны дэд сайдаар томилсон байна.

1914-1915 он дамнан бараг 9 сар үргэлжилсэн Хиагтын хэлэлцээрт Монгол улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монголчууд нэгдмэл нэгэн үндэстэн байх байр суурин дээр тууштай зогсчээ. Гэвч Орос, Хятадын шахалтаар Дамдинсүрэнг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс гаргаснаар Монголын төлөөлөгчдийн байр суурь суларч, хэлэлцээрийн эцэст Монгол улс автономит эрхтэй болж, ихэнх барга үндэстэн Хөлөнбуйрын нутагт хятадын мэдэлд үлджээ.

Манлайбаатар Дамдинсүрэн 1920 оны 11 дүгээр сард хятадын гамингуудад баригдан эрүү шүүлт амссан боловч нэг ч өчиг өгөхгүй байсан тул өдөр шөнөгүй байцаагдан тамлагджээ. Тэрбээр 1921 оны 1 дүгээр сарын 27-нд нас барсан бөгөөд шарилыг нь Хатанбаатар нар хоёр монгол хүнд өгүүлэн гаргаж, нутгийн ах дүү нар нь одоогийн Дорнод аймагт хүндэтгэлтэйгээр оршуулжээ. 1918 оны хүн амын тооллогоор Манлайбаатар Дамдинсүрэнгийн хошуу нь 87 өрхийн 340 ам бүлтэй, 17165 тоо толгой малтай хэмээн бүртгэгдсэн байдаг. 

Эх сурвалж: Монгол орны лавлах