Хамниган

Судлаачид Хамниган Тунгус (Эвенк) гэдэг ойлголтыг адилханаар тунгаадаг. Хамниган гэсэн нэршил нь эртний Киданы нэгэн отгийн нэр байсан бололтой. Ононгийн Хамнигадын нутаг хад, мод ихтэй тул бусад монголчуудаас нэлээд тасархай оршиж байсан ч эртний монгол хэлээ удтал хадгалан үлдсэн, Байгал нуур орчмын Тунгус, Дагуур Буриад нар хамтран нэгэн дор хэсэг байснаа хожим нь салж сарнисан бөгөөд Зүүн тийш гарсан (Хар мөрний) Хамниганы нэлээд хэсэг нь Монголд Ерөө голын орчим хожим нь очиж суурьшсан хэмээн үздэг байна. Зарим эрдэмтэд Хамниганы гарал үүслийн талаар “олон мянган жилийн тэртээ Алтайгаас Усун улсын иргэд Хар мөрний адаг хүртэл нүүдэллэн явах замдаа үлдэж хоцорсон хүмүүс” гэлцдэг.


Хамниган эхнэр хүний дээл, ууж Буриад эхнэрийн хувцасны эсгүүртэй нэлээд төстэй. Дээлийн хормой эргэн тойрон дөрвөн хуруу өргөн тасамтай. Харин урд энгэр, цээж хоёрын уулзварт буриадынхны адил эмжээрийг ердийн даавуугаар голчлон хийдэг. Хамниган эхнэрийн дээл ихэвчлэн нударгатай. Өвлийн дээлэнд халиу булга, туулай, хонь хурганы арьсаар жижигхэн нударга хийдэг байжээ. Хамниган авгай нар бүс бүсэлж, хоёр тал руу нь цацаг унжуулдаг. Хавар, зуны улиралд тэрлэг өмсдөг.


Эрэгтэй хувцасны тухайд анчдын хувцас нэлээд онцлогтой. Гөрөөсний арьсаар өвдгөө хүрэхгүй богино хормой, уужим суга, намхан захтай дээл хийж өмсдөг. Хамниган нар малгайгаа голдуу ангын арьсаар хийнэ. Чинээлэг нэг нь халиу булганы үс, хааяа үнэг, чонын арьсаар хийнэ. Малгайн оройг ихэвчлэн цэнхэр, хөх торгоор гадарладаг. Оройг нь дугуйлан хол ширж, урт бүч хаддаг байжээ. Эрэгтэйчүүд нь ангын үс хадаж гоёсон, саравчтай, орос маягийн малгай болон үнэгний арьс хадсан лоовууз маягийн буриад, халх малгай өмсөж байсан тухай өвгөд нь хуучилдаг. Тэд чандаганы арьсаар өвлийн дээл хийдэг бөгөөд нэг дээлэнд 50-60 чандаганы арьс ордог ажээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах