Монгол улс - Хосгүй үнэт өв

Монгол улсын өвийг хамгаалах хуульд түүх, соёлын дурсгалт зүйлийг хосгүй үнэт, үнэт, ердийн гэсэн гурван зэрэглэлд хамруулахаар заасан байдаг. Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг анх 1995 онд бий болгож улсын сан хөмрөгт багтааж эхэлжээ. Хамгийн анх 1995 оны Засгийн газрын 241дүгээр тогтоолоор таван музейн 39 үзвэрийг хосгүй үнэт дурсгалаар баталснаас хойш бараг жил бүр ховор, нандин дурсгалыг нэмж оруулдаг болсон.

Харин 2010 онд Монголын эрдэнэсийн сангаас 15, ШУА-ын Археологийн хүрээлэнгээс 5, Палеонтологийн хүрээлэнгээс 25, Төрийн түүхийн музейгээс 259 гээд нийтдээ 304 дурсгалыг Засгийн газрын 103 тоот тогтоолоор Монгол улсын түүх, соёлын “хосгүй үнэт” дурсгалаар нэмж баталсан юм. Хамгийн сүүлд уг жагсаалтанд 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сайн цагийн мянган бурхны шүтээн зураг, Улаан Жамсран бурхны цам бүжгийн иж бүрэн өмсгөл, Марзан Шаравын “Лениний хөрөг”, XIII-XIV зууны хотгор илд, Хархорум хотын түүхтэй холбоотой гэрэлт хөшөөнүүд, Дарьганга, үзэмчин эхнэрийн толгойн гоёл, Сэцэн хааны тамга гэсэн найман дурсгалыг нэмж баталснаар одоогийн байдлаар 15 байгууллагад хадгалагдаж байгаа түүх, соёл шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий дахин давтагдашгүй 601 бүтээл бүртгэгдээд байна.

Мөн энэхүү “Хосгүй үнэт” гэсэн жагсаалтад Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа 72, Чойжин ламын музейн 12, Дүрслэх урлагийн музейн 68, Үндэсний түүхийн музейн 16, Монголын үндэсний номын сангийн 10, Палеонтологийн хүрээлэнгийн 26, Байгалийн түүхийн музейн 8, Эрдэнэсийн сангийн 20, Археологийн хүрээлэнгийн 6, Гандантэгчилэн хийдийн 13, Эрдэнэзуу музейн 59, Өвөрхангай аймгийн Шанхын баруун хүрээ хийдийн 15, Төвхөн хийдийн 1 дурсгал байгаа бол Дорноговь аймгийн Данзанравжаагийн музейн 7, Төрийн түүхийн музейн 259 үзмэр, эд өлгийн зүйлс багтаж байгаа юм.