Хөвсгөл аймаг

Нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 114926, малын тоо толгой 3101300. Монгол улсын 2010 оны  хүн амын болон малын тооллогын дүнгээр улсад тэргүүлжээ. Үүний дотор 312400 үхэр, 1274000 ямаа, 1363900 толгой хонь тоолуулж тус бүрт нь нэгдүгээрт оржээ.  Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой.

Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хот нь Дэлгэр мөрний хөндийд далайн төвшнөөс дээш 1283 метр өндөрт оршино.

Мөрөн хот нь төвийн бүсийг өрнөд бүстэй холбох авто замын зангилаа, худалдаа эдийн засгийн томоохон хот юм. Хөвсгөл аймгийн нийт хүн амын 76.9 хувийг халх, 13.7 хувийг дархад, 5.2 хувийг хотгойд ястан эзэлдэг. Мөн цөөн тооны буриад, дөрвөд, урианхай, цаатан, өөлд иргэд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.

Баянзүрх, Улаан уул, Ренчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува иргэд амьдардаг бол Чандмань-Өндөр суманд урианхай, Цагаан-Үүр суманд буриад, Шинэ-Идэр, Галт, Жаргалант суманд халх, бусад суманд хотгойд ястнууд голлон амьдардаг.

CNN телевизээс сэтгэлээ сэргээж, алжаал тайлах сайхан байгальтай дэлхийн шилдэг 10 газрыг нэрлэсэн бөгөөд үүнд Монголын бөө удганчуудын өлгий нутаг Хөвсгөл аймгийг багтаажээ. Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн нурууны уулархаг мужид оршдог. Гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл, Тагна, Соёны уулс багтана. Хамгийн өндөр цэг Дэлгэрхаан уулын ноён оргил далайн төвшнөөс дээш 3491 метр, аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс дээш 1650-2050 метр өндөрт оршино. Т

ус аймагт 300-гаад том, жижиг нуур байдаг бөгөөд Шишгэдийн хотгорт 230 орчим нуур бий. Цэнгэг уст Хөвсгөл нуураас гадна хужир давс ихтэй Сангийн далай, Бүст, Гандан, Жугнай, Ачмаг, Эрхэл, Цэнгэл гэх мэт давст нуурууд бий. Идэр, Тэс, Дэлгэр мөрөн, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай. Анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбартын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг. 

Aймгийн нийт нутгийн 35.4 хувийг ойн бүс эзэлнэ. Ойн бүсэд хар модноос гадна гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит ба шилмүүст мод ургана.  Хөвсгөл аймаг байгалийн баялаг, эрдэнэсийн сангаар нэн арвин, үйлдвэрийн зориулалтаар ашиглах боломжтой судалгаа хийгдсэн олон сая тонн нөөцтэй фосфорит, нүүрс, бал чулуу, алт, төмрийн хүдэр, шохойн чулуу, гантиг, боржин чулуун ордууд байхын зэрэгцээ хөнгөн үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой баялагууд  бий. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын “Даян дээрх” зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад байгалийн гайхамшигтай үзмэрүүд юм.

Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой. Тухайлбал, Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн буган хөшөө,  хиргисүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кульбилгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.

Хөвсгөл аймгийн 7 гайхамшигаар Соёны бүс нутаг, Хөвсгөл нуур, Даян дээрхийн агуй, Уушигийн өврийн буган чулуу, Улаан толгойн буган хөшөө, дархадын 13 овоо, Цаатны нутаг хэмээх газрууд тодорчээ.