Мөнххайрхан уул - Байгалийн цогцолборт газар

Мөнххайрханы БЦГ нь УБ хотоос 1450км, Ховд аймгийн төвөөс 200км, Баян-Өлгий аймгийн төвөөс 390км зайд алслагдан оршино. Баян-Өлгий аймгийн Булган суманд 205845 га буюу нийт талбайн 40%, Ховд аймгийн Мөнххайрхан суманд 95299 га буюу 20%, Үенч суманд 204950 га буюу нийт талбайн 40% хамаардаг. Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтоцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг.

Газарзүйн онцлог: Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 км өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200км гаруй үргэлжлэн оршдог. Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200 орчим км.кв талбайг эзлэн оршино. Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг 2 дахин, газар доорхи хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон байна. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Геологийн тогтоц:  Мөнххайрхан уулын баруун хэсгээр герцины атираашлын 400-420 сая жилийн өмнөх үед хамаарах девоны үеийн шавараг болон цахиурлаг занар, пермийн галавын гранодиорит тархана. Мөнххайрханаас урагш хамгийн эртний буюу архей, протерозойн эриний чулуулаг тохиолдоно. Уул үүсэх явц 20 сая жилийн өмнөх миоцен, плиоцены эхэн үеэс идэвхжиж Монгол Алтайн нурууны тогтолцооны өнөөгийн төрх байдал хэлбэржин тогтсон бөгөөд одоо ч үргэлжилсээр байна. Ууланд дөрөвдөгч эриний сайр чулуурхаг сэвсгэр шороон хурдас бүхий нимгэн хучаас үүссэн бол хөндий, хотгоруудаар мөсөн голын, делюви-пролювийн, аллювийн гаралтай хайрга, чулуурхаг зузаан урдсууд тогтжээ.

Ландшафт: Мөнххайрхан ууланд газарзүйн босоо зүй тогтол ил, уулс хоорондын хөндий, хотгоруудаар заримдаг цөлийн ландшафт зонхилдог. Уулсын доод биеэр хуурай хээр, дээд хэсгээр өндөр уулын хээр, оройн хэсгээр мөнх цас, мөсөн гол тогтож өндөр уулын нугын болон тундрын ландшафт тархсан. Тус БЦГ-т хур цас мөс, ян сарьдаг, уулын нугын, уулын хээрийн гэсэн хэв шинжүүд бий.  

Мөнххайрханы бүсэд хур цасны доод хязгаар д.т.д 3600м өндөрт байдаг ба уулын шовх орой, хавтгай хярыг барьж тогтсон 17 газарт цас мөсний том жижиг хуримтлалууд байдаг.

Ян сарьдаг нь хур цас мөсний хилээс доош 60 км урт, 20 км өргөн нутгийг хамардаг. Уулын эгц цавчим хажуунууд нураг, асгараг чулуунаас тогтсон. Арай налуувтар хажуу нь шаталсан дэнж маягийн нураг чулуун тавцангуудтай. Дэнж хоорондын тавцангуудын өргөн 100-150м орчим үргэлжилдэг. Эдгээрт хаг, хөвд голлож өлөн өвс цөөн тааралдана. Хөвд нь газартай барьцалдан нэлээд зузаан ургасан байдаг.

Уулын нуга нь Мөнххайрханы ар хажуу болон д.т.д 3400 – 3500м өндөр салбар уулсаар нь өргөн тархсан. Салбар уулс зүүн урагш намсах тусам тархалтын талбай хязгаарлагдана. Уулсын орой хавтгайрч, хяр хажуунууд налуу тавиу өргөн болсон хэв шинж нь эртний тэгшрэлийн гадаргын үлдэгдэл болохыг илтгэдэг.

Уулын хээр нь хамгийн өргөн тархсан хэв шинж бөгөөд д.т.д 2700 – 3000м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд, тэдгээрийн хажуунууд хамаарна. Гадаргын хувьд уул нурууд нь тэгшивтэр, бөмбөгөр орой, хяртай, хажуунууд нь нэлээд гүн хэрчигдсэн байдаг ба хад цохио элбэгтэй.

Өндөр уулын экосистемийн өвөрмөц нөхцөлд зохилдон тогтворжсон олон хэв шинжийн хөрстэй. Хамгийн түгээмэл тархалттай нь өндөр уулын хээрийн бүдүүн ялзмагт хөрс, уулын хүрэн шороон хөрс юм. Уулын оройн таг, царам газраар  уулын тундрын ширэгт ухаа шороон, өндөр уулын нугын хар шороон хөрстэй байдаг бол уулын бэл хормой, хөндий хотгоруудад заримдаг цөлийн карбонатлаг цайвар хүрэн, бор хөрс голлон тархсан. Үенч голын хөндий болон бусад нуурын эрэг орчмын чийгтэй газар, цэвдэгтэй газраар нуга, намгийн глейрхэг хөрс, давсархаг хөрс бүрэлдэн тогтсон.

Ойн сан, ургамал: Мөнххайрханы БЦГ-т Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтэрсэн байдаг. Ойн сангийн нийт талбай 1558 га бөгөөд Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голуудын татам дагуу шинэс, цагаан хус, улиас, хайлаас, бургас, заг, харгана, чацаргана, сөөг, балгана, улаан харгана гэх мэт мод бут ургасан байдаг тул голын хөндий, эрэг орчмын газрууд байгалийн үзэсгэлэн төгсийг бүрдүүлдэг. Шинэсэн ойн зурвас нь 198 га талбайтай бөгөөд үлдмэл шинжтэй.  

61 овгийн 241 төрлийн 690 зүйлийн ургамал ургадаг. Үүнээс 98 зүйл нь мод сөөг, 592 зүйл нь өвслөг ургамал юм. Уулын бэл хормой хотгоруудаар сөөгөнцөр-сайр ба таана-сайрын хялганат, баглуур-таана-сайрын хялганат цөлийн хээр, ботууль-дааган сүүл-невскийн ерхөгт, дэгнүүл үетэнт хээр, хуурай хээрийн ургамалтай байдаг бол дээшээ өгсөх тусам уулын хээрийн дэгнүүл үетэнт, өндөр уулын хээрийн алаг өвс, өндөр уулын улалжит хээрийн хэв шинжүүд голлодог.

Энэ бүсийн ялгарах онцлог нь хадны улалжит нуга түгээмэл тархалттай. Алтайн сонгино, хонин арц, вансэмбэрүү, ямаан сэрдэг, хуурамч арц, цагаан дэгд, жамъянмядаг, алтан гагнуур, өргөст ортууз, алтанзул, юмдүүжин, таван салаа, балгана мод зэрэг ашигт ургамал ургадаг. Булган голын сав, Алтайн өвөр говийн дэд мужид хонхот харгана, сухай, чийр, чацаргана, цагаан гоёо, улаан гоёо, сармисан сонгино зэрэг нэн ховор ба ховор ургамал тархан ургадаг. Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газруудад дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг.

Ан амьтан, шувуу: Монгол Улсын болон олон улсын хүрээнд ховордсон олон зүйл амьтан бүхий дэлхийд өөр хаана ч байхгүй байгалийн өвөрмөц онцлогтой нутаг юм. Цоохор ирвэс (Uncia uncia), янгир ямаа (Capra sibirica), Алтайн аргаль (Ovis ammon ammon), тагийн огодой (Ochotona alpine ssp. Hoffmanni), Алтайн тарвага (Matmota baibacina), хадны барагчин (Alticola argentatus) зэрэг ховор амьтантай.  Саарал чоно (Canus lupus), шар үнэг (Vulpes vulpes), монгол тарвага (Marmota sibirica), урт сүүлт зурам (Citellus undulatus), монгол огодой (Ochotana pallasi), бор туулай (Lepus tolai), дорго (Meles meles), хярс (Vulpes corsac) хөхтөн амьтад түгээмэл тархацтай.

Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутаг байдгийн нэгэнд Мөнххайрхан уулын дэд муж ордог. Монгол Улсын Улаан номонд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид амьдардаг. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд бий.

Алтайн хойлог (Tetraogallus altaicus), хилэн омруут ахууна (Gavia arctica), цармын бүргэд (Aquila chrysaeatos) зэрэг ховор шувууд бий. Тарважи бүргэд (Aquila rapax), сар (Buteo hemilasius), зээрд шонхор (Falco naumanni), начин шонхор (Falco tinnunculus) зэрэг шувууд элбэг тохиолдоно.

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах