Хайлантын хүрээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн хойш 29км газарт тус хүрээ хийд оршиж байжээ. Итгэмжит бэйс Цогт-Очир ноён “Магсаржав бол миний хуурай дүү, түүнд би Намнангийн хүрээнийхээ зүүн хэсгээс шагнаж өгнө” хэмээжээ. Ийнхүү ганцхан өдрийн дотор 370 гаруй үхэр тэргээр нүүлгэн Хайлант хэмээх газарт  шинэ хийд байгуулж “Баатар вангийн хүрээ” гэсэн нэр өргөмжилсөн. Цогчин дуган, Чойрын дацан, зүүн ба баруун Дүйнхор дацан, Ядамын дуган байгуулж 1919 онд 200 орчим хуврагтайгаар нээжээ. Хүрээ цам харайх, Майдар эргэх ёслол үйлддэг байв. Энд “Тугийн дацан” гэж байсан бөгөөд Хатанбаатар Магсаржавын оролцож ялсан тулалдаан бүрийн нийт 42 тугийг байрлуулж, 4 буу, 11 сэлэм тавьсан тухай мэдээ байдаг. Тус хүрээ нь ХХ зууны эхээр Богд хаант Монгол улсын үед байгуулагдсан шинэ үеийн отгон хүрээ байсан бөгөөд 20 шахам жил оршин тогтносон богинохон хугацаанд ихээхэн бэхжиж нэр алдраа түгээж чадсан байдаг. Эдүгээ дөрвөн дуганы туурь, шороон далан, суурийн ивүүр чулуунууд үлдсэн байдаг.