Нарийн голын чулуун дурсгал

Монголын хуучин чулуун зэвсгийн үеийн хамгийн эртний дурсгал бол Нарийн голын хөндийд бий. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт оршино. Нарийн голын зүүн эргээс Монгол-Зөвлөлтийн түүх соёлын хамтарсан экспедицийн чулуун зэвсгийн дурсгал судлах ангийн археологичид 1986 онд палеолитын доод, дунд, дээд шатанд холбогдох 52 бууц, суурин, дарханы газрыг илрүүлэн 2783 ширхэг чулуун зэвсэг түүвэрлэн олсон юм. Тэдгээр суурингуудын долоо нь доод палеолитын үед холбогдохын зэрэгцээ тав нь дарханы газар байв.

 

Нарийн голын бүлэг дурсгалаас хамгийн эрт үед холбогдох дурсгал нь Баян-Овоо сумын нутаг Уран хайрхан уулын орчимд Нарийн голын 17-р суурин болно. Чулуун зэвсгийн хувьд хайрган зэвсгийн уламжлалыг илэрхийлдэг. Нарийн голын доод палеолитын дурсгалыг судалсан судлаачид бусад газар нутгаас олдсон ижил төрлийн эдлэлүүдтэй харьцуулан холбогдох он цагийг 850 мянган жилээр тогтоож ирсэн бол сүүлийн жилүүдэд 1 сая жилийн өмнөх үед холбогдуулан авч үздэг болсон. Нарийн голын хөндий бол Монгол нутагт эртний хүн хамгийн анх нутаглаж байсан түүхэн газар, хамгаалах хэрэгтэй чухал газруудын нэг юм.