Гуа довын дурсгал

Евроазийн нутагт Хүннү нарын үлдээсэн 20 гаруй хот суурины үлдэгдэл илэрч мэдэгдээд байгаагийн 16 нь Монголын нутагт байна. Сүүлийн үед Хэрлэн голын баруун эргийг даган хоорондоо 20-30 км зайтай байрлах Тэрэлжийн дөрвөлжин, Бүрхийн дөрвөлжин, Хүрээт дов, Өндөр дов, Гуа дов хэмээх 5 хотын үлдэгдэлд эрдэмтэд анхаарал хандуулжээ.

Бөөгийн дуудлагад “Хуа довын эзэн Хуандайн хөвүүн Хуа солбин ноён тэнгэр” хэмээн гардаг. “Хан улсын бичиг” хэмээх Хятадын төрийн түүхийн сударт “Хуанди шаньюйн үед асар олон мод огтолж, худаг малтан хот барив” гэсэн агуулга бүхий мэдээ байдаг аж. Энэхүү Хуа довын эзэн, Хуанди шаньюй гэдэг нь Хүннүгийн нэгэн хааны нэр бөгөөд НТӨ I зууны эхний хагаст амьдарч байжээ.

Түүний зуны зуслан байх магадлалтай эдүгээ Гуа дов хэмээх 180х200м дөрвөлжин хашаагаар хүрээлэгдсэн, 30х40м хэмжээ бүхий ордонтой, туслах барилгуудтай, вааран дээвэртэй, олон модон баганатай, саравчтай, хэрмэн хашаандаа 4 том асар хаалгатай ордын туурийг илрүүлээд байна. Ордны өмнө талд хиймэл цөөрөмтэй, хашааны гадна хэд хэдэн томоохон барилгатай байсныг тогтоосон. Гуа довын дурсгал нь Хэрлэн голын салаан дундах Цагаан арал хэмээх тогтмол сэвэлзүүр салхилдаг газарт байрладаг учраас улирлын чанартай зуны ордон гэж үзсэн.